Х.Баттулга, Н.Энхбаяр нар Г.Уянгаар зуучлуулж, холбоотон болсон гэв


Х.Баттулга, Н.Энхбаяр нар Г.Уянгаар зуучлуулж, холбоотон болсон гэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд мэдээлэл хийж, маргааш буюу 2-р сарын 1-нд Ардчилсан Намын зохион байгуулах гэж буй жагсаалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр тэрээр: " Ардчилсан намынхан маргааш жагсаал зохион байгуулах юм байна. Гэтэл үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн  хүний эрхийн зөвлөх Г.Уянга МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад, уг жагсаалд дэмжлэг авах талаар ярьж байгаа юм билээ. Бид энэ мэдээллийг баталгаажуулна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч  ард түмний эв нэгдлийг хангагч байх ёстой.  Хэрэв Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран АН-ын жагсаал цуглаанд оролцохоор тохиролцсон нь нотлогдох юм бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг болно. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх ёстой, эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулга албан тушаалаасаа сайн дураараа огцрох ёстой.

Мөн Ардчилсан намынханд хандаж хэлэхэд бусдыг бархирсны дараа хашгирдагаа больцгоо. Тэтгэврийн нас, татварын шатлал нэмэгдлээ гэдгийг би аль эрт хэлээд, 19 мянган хүний гарын үсэг зуруулаад хэлэлцүүлэг хийхэд Ардчилсан намынхан чимээгүй байсан атлаа одоо энэ асуудлыг Засгийн Газар шийдсэний дараа хашгирч байгаа нь буруу. УИХ-ын 2020 оны сонгуульд амжилттай оролцьё гэвэл Ардчилсан нам, МАН хоёр хулгайч нараасаа салах ёстой” гэсэн юм. Үнэхээр ч маргааш буюу 2 сарын 1-нд болох эсэргүүцлийн жагсаалд МАХН нэгдэх болсныг өнөөдөр тус намын дэд дарга Ц.Оюунбаатар мэдэгдсэн билээ.

 

Ч.Явуу