“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэстэй холбоотой ташаа мэдээлэл өчигдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр “25 дугаар суваг” телевизийн мэдээллийн хөтөлбөр болон фэйсбүүк хуудсаар цацагдсан билээ. Тус мэдээлэлд “ДК тусгай дугаар олгосон сэжигтнүүдийг баривчиллаа”, “Авлигатай тэмцэх газар Автотээврийн үндэсний төвийн гурван ажилтныг гэрээс нь саатуулжээ” гэх мэт ор үндэсгүй, ташаа мэдээлэл цацагдсан тул Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хууль хяналтын байгууллагад хандаад байна. Ингэхдээ “Тус үйлдвэрийн газар нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хэн нэгэн иргэн хуулийн этгээдэд давуу байдал үүсгэх боломжийг олгосон үйл ажиллагаа явуулдаггүй. ДК дугаар хууль бусаар олгосон талаар АТГ-аас ажилтан, албан хаагчийг баривчилсан тохиолдол байхгүй байна” хэмээн албан ёсоор мэдэгдээд байна.
“Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д Автотээврийн хэрэгслийг бүртгэх хэсэгт “дипломат болон олон улсын байгууллагын тухайд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг” гэж заасны дагуу Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын хавсралтаар батлагдсан ДК улсын дугаар олгох зөвшөөрлийн дагуу олгодог байна.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн сүлжээнд өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар 446 тээврийн хэрэгсэл ДК улсын дугаараар бүртгэлтэй байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Ийнхүү тус байгууллагын хүний нэр хүндэд санаатайгаар халдаж, олон нийтэд худал мэдээлэл тараах үйлдэл нь зөвхөн тус байгууллагын нэр хүндээс гадна АТГ, ГХЯ зэрэг байгууллагын нэр төрд халдсан ноцтой хэрэг хэмээн үзэж байгаа аж.