БНХАУ Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Си Жиньпин Хятадыг насаараа удирдах эрхтэй болов


-Төрийн хяналтын хороог байгуулахыг депутатууд пэмжив-

Энэ сарын 5-нд Бээжин хотноо  эхэлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган өчигдөр ням гарагт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Си Жиньпингийн  үзэл санааг  дэмжиж баталлаа. 

БНХАУ-ын даргын энэхүү үзэл санаа гэдэг нь  Хятадын онцлогтой социализмын хөгжлийн шинэ  үе шаттай холбогдож  байгаа юм. Өөрөөр хэлбэл үсрэнгүй хөгжлийн энэ үе шатны онцлогтой Үндсэн хуулийн заалтыг илүү нягт нямбай уялдуулах шаардлагын үүднээс гэсэн чиг хандлага түлхүү явж байна.  Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг тус улсын Коммунист Намын Төв хорооны хурлаар хэлэлцэн дэмжиж ийнхүү БХАТИХ-ын чуулганд өргөн барьсан билээ.

Хятадын дарга Си Жиньпин чуулганы үеэр төлөөлөгч нартай уулзах үеэрээ  “Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх нь Хятадын онцлогтой социализмыг шинэ үе шатанд хөгжүүлэх стратегийн зорилтыг  хангах маш чухал шийдвэр” юм хэмээн онцолжээ.

Хятадын одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийг  1982 онд баталсан бөгөөд  Хятадын үзэл санааны суурь, эдийн засгийн хөгжлин өөрчлөлттэй уялдуулан өнгөрсөн хугацаанд нийтдээ  дөрвөн ч удаа  өөрчлөлт оруулж байжээ. Үүнээс өмнөх хамгийн сүүлийн өөрчлөлт 2004 онд хийгдэж байв.  

Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөөр тус улсын Ерөнхийлөгч Си Жиньпингийн 2023 онд дуусах бүрэн эрхийг цааш хэвээр үргэжлүүлэх хууль эрх зүйн орчинг  Үндсэн хуулиндаа суулгаж өглөө.  

Өрөөр хэлбэл  БХАТИХ-ын чуулган өчигдөр тус улсын үндсэн хуульд заасан төрийн тэргүүн болон түүний орлогч  нарт  дахин сонгогдох тоонд тавьсан хязгаарыг цуцаллаа. Энэ бол энэ удаагийн чуулганы маш чухал шийдэл байсан юм.

Тус улсын Үндсэн хуульд өмнө нь  нэг хүнийг БНХАУ-ын ерөнхийлөгчөөр хоёроос дээш удаа сонгохыг хориглодог байв. Нэг хүнийг хоёроос дээш удаа сонгохгүй байх хязгаарлалт нь Мао Зэдун шиг  тахин шүтэгдсэн удирдагчийг дахин төрүүлэхгүйн тулд Дэн Сяопиний санаачилгаар 1980-аад оноос эхлэн энэ заалтыг  Үндсэн хуулиндаа суулгасан байжээ.

Харин Үндсэн хуулийн  шинэ нэмэлтийг баталснаар уг хязгаарлалт байхгүй болж байна.

Энэхүү өөрчлөлтийг дэмжихийн төлөө Их Хурлын 2,964 төлөөлөгчийн 2,959 депутат  дамжижээ. Харин  2 төлөөлөгч татгалзаж, 3 төлөөлөгч түдгэлзсэн байна.

“Үндсэн хуулиа шинэчилснээр Си Жиньпин цаашид насаараа Хятад орныг удирдах замаа нээж байна” хэмээн ВВС мэдээлжээ.

Ерөнхийлөгч Си Жиньпин 2012 онд төрийн тэргүүнээр сонгогдож, 2017 оны аравдугаар сард хоёр дахин сонгогдож бүрэн эрхээ сунгасан. Тэрбээр БНХАУ-ын Ерөнхийлөгчөөс гадна тус улсын Коммунист намыг  тэргүүлэхээс гадна зэвсэгт хүчний  Ерөнхий командлагч байна.

13 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан БХАТИХ-ын чуулганы төлөөлөгчид мөн   Төрийн хяналтын хороог байгуулах асуудлыг дэмжлээ. Шинэ хорооны үүрэг, ажиллах зарчим, эрх үүргийг энэ сарын 20-нд параментаар хэлэлцэх юм.   

Төрийн хяналтын хороо нь сахилга батыг сахиулж хянах чиглэлээр ХКН-ын Төв комисстой хамтран ажиллах бөгөөд  төр засгийн ямар ч байгууллагад хяналт шалгалт хийх онцгой бүрэн эрхтэй байхаар хуулийн төсөл яригдаж байгаа аж.

Бэлтгэсэн П.Булган

Zaluu.com


Энэ мэдээ таалагдаж байвал: