Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 360 сая төгрөгөөр цоо шинэ "Lexus-570” маркийн автомашин худалдан авч албандаа унасан нь ард түмний дургүйцлийг асар иххүргэсэн. Тэгвэл БСШУС- ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав төсвийн 365 сая төгрөгөөр жийп машин худалдаж авсан тухай дуулиан дэгдлээ. Хэл амны бай болоод байгаа түүнээс дараахь тодруулгыг авав.
- Эдийн засаг хүнд үед үнэтэй автомашин албандаа хөлөглөсөн сайдын дуулиан намжаагүй байхад таныг их хэмжээний мөнгөөр “Lexus- 570” худалдан авсан гэх юм. Энэ үнэн үү?
- Манай яамнаас “Baganuur power” төсөл хэрэгжүүлж байгаа. Энд БНХАУ-ын хөрөнгөөр дамжуулах шугам сүлжээ барих төсөл бас явж байна. Шинээр байгуулагдсан энэ хоёр төслийн нэгжид хөл дүүжлэх унаа тэрэг байхгүй. Тиймээс манай төв дээр тендер зарлаж төсөл тус бүрт нэг, нэг машин авч өгсөн. Хуучин манай дээр тохиолдсон практикт төслүүд машин авчихаад зарж, үрэгдүүлээд дараа нь бөөн хэл ам болж байсан удаатай. Тэгээд энэ удаад Төрийн өмчийн бодлогын хороо нэгтгэж Эрчим хүчний хөгжлийн төв дээр зангид гээд тендер зарлах эрхийг нь манай байгууллагад өгсөн юм. Ингээд тендер нь зарлагдаад хоёр төсөл нь машинаа аваад явчихсан.
- Хэдэн төгрөгийн үнэтэй машин юм бэ?
- Тендерт “Таван богд”, “Мөнххада” гэсэн хоёр дистербютер компани оролцсон. Шилэн тендерт бүх мэдээлэл нь ил тод байгаа. Ингэзд таван сая төгрөгөөр бага үнийн санал оруулж ирсэн “Мөнххада” компаниас тэр хоёр машиныг худалдаж авсан. Нэг нь 156, нөгөө нь 190 гаруй сая төгрөгийн үнэтэй цоо шинэ “Ланд круйзер" маркийн машин байсан. Нийлээд 365 сая төгрөгийн үнэтэй.
- Та тэр машиныг албандаа унаагүй хэрэг үү?
- Анхнаасаа төсөлд ашиглах зориулалттайгаар тэр хоёр машиныг худалдаж авсан юм шүү дээ. Аль хэдийнээ тендер нь зарлагдаад одоо хоёр төслийн нэгж ашиглаж байгаа. Төсөл хэрэгжээд дуусахаар манай байгууллагад эдгээр машин шилжиж ирнэ.
М.Мөнх