АТГ-аас өчигдөр Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулсан байна.
С.Баярцогт, Н.Ариунсанг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Ингэхдээ тэднийг илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн буруутган цагдан хорьсон байна.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулахад "Оюутолгойн төсөлтэй холбоотой батлагдсан гэрээг ашиглаж илт хууль бус шийдвэр гаргасан ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Н.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас саатуулан шалгаж байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгээс байцаалт авахаар прокурорын дуудах хүсэлтийг хүргүүлсэн. Түүнийг эх орондоо ирсэн үед нь байцаалт авна" гэсэн тайлбарыг өглөө.
Эх сурвалж Шуурхай.мн