УИХ-аас Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталснаар төрөөс хэд, хэдэн төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломж бүрдээд байна.
Уг хууль нь энэ оны долдугаар сарын 1-ээс хэрэгжих юм. Энэ хууль нь 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнд үйлчилнэ
Тодруулбал, хүндэт донор ахмад настнууд рашаан сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулдаг байсан бол шинэ хууль хэрэгжсэнээр 100 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Хиймэл шүд хийлгэсний төлбөрийг таван жил тутамд нэг удаа авдаг байсныг гурван жилд нэг удаа болгон, хугацааг богино болгож өглөө.
Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор, ахмадын кабинет, ахмад настны эмч эсхүл тэдний эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвар эзэмшсэн эмч сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллана. Хэвтрийн болон архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг байнгын хяналтанд авч, асран сувилах тусламж үзүүлэх явуулын үйлчилгээг ахмадын эмч болон сувилагч, тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулна.
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр эм олгох, хөнгөлөлттэй үнээр олгох эмийн нэр төрөл, хөнгөлөлтийн хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна
Хөдөө орон нутгийн ахмадууд нийслэлд ирээд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих боломжгүй байгаа асуудлыг Засгийн газраас холбогдох журмыг гарган зохицуулна.
Эх сурвалж Шуурхай.мн