“Монголын өглөө” дуу олон улсын наадмаас мөнгөн цом хүртжээ



Энэ сарын 10-наас 17-ны өдрүүдэд БНАСАУ-ын “Хаврын баяр” олон улсын урлагийн 31 дэх наадамд 20 гаруй орны 600 гаруй уран бүтээлч оролцжээ. Манай улсаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид долоон цом гардсан бахдам сайхан амжилттайгаар эх орондоо ирсэн байна.

Тодруулбал, найрал дууны төрөлд нэг алт, нэг мөнгө, ганцаарчилсан дууны төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батбаатар, Ч.Баярмаа, дуучин Г.Мөнхбат нар мөнгөн цом, хамтарсан дууны төрөлд Н.Батсайхан, Б.Амаржаргал, Г.Мөнхбат нар “Монголын тал нутаг” дууг дуулж мөнгөн цом хүртжээ.

Манай уран бүтээлчдийн ихэнхи нь БНАСАУ-ын дуу сонгосон бол Н.Батсайхан, Б.Амаржаргал, Г.Мөнхбат нар “Монголын тал нутаг”-ийг дуулсан байна. Дуучин Г.Мөнхбат ганцаарчилсан дууны төрөлд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Дорлигийн аялгуу, яруу найрагч У.Баярсайханы шүлэг “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын дуулсан “Монголын өглөө”-г дуулж, “Гран при” шагнал хүртжээ.

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид 1990 оноос хойш тус наадамд оролцож буй бөгөөд хамгийн сүүлд 2014 онд таван цом хүртсэнээс хойш түр завсарлан, энэ жил дээрх амжилтыг үзүүлээд байгаа аж. УДБЭТ-ын дуучин Б.Батжаргал хоёр, Б.Энхнаран нар “Хаврын баяр” наадмын тусгай байр эзэлжээ.


Энэ мэдээ таалагдаж байвал: