Л.Энхболдын иргүй улс төр


УИХ-ын өндөр сэнтийд нэг намаас олон хүн суух эсрэгээрээ эмзэг цэг нь болчихдог бололтой юм. Улс төрд удаан явсан олны танил улстөрчдийн ихэнх нь солигдоод шинэ хүмүүс орчихоор төрийн босго намссан мэт харагддаг л даа. Тэр хэрээр сонирхож сонжоод байдаг тал бий. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН-ын энэ олон гишүүдийг АН-д гомдсон ард түмэн сонгосон.

Дараагийн сонгуулиар хэрэв АН илт давуу ялдаг юм гэхэд өнөөдрийн парламент шиг л орчин бүрдэх болов уу. Ухаандаа АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд сонгуульд нэр дэвших эрхтэй. Одоо тэр хороонд дөчөөд насныхан ихэнх нь байгаа. Харин олон нийтийн таньдаг улстөрчдийн дийлэнх нь С.Эрдэнийн намаас жийгдээд байгаа гэх. 

Олны танил бус хүн нэгэнт УИХ-ын гишүүн болсон бол орон даяар алдартай болохын тулд тун ч хачин үйлдэл хийж эхэлдэг. Ялангуяа АН, МАН аль алиных нь гишүүд хормой хотны хэрэгт сэжиглэгдсэнээр хоёр голлох намын рейтинг шалдаа буучихаад байгаа үед. Дараагийн сонгуулиар хүмүүс намын нэр харж биш царайгаар сонголтоо хийнэ гэсэн яриа гараад байна. Тэгэхээр намын бодлого гэхээс илүүтэй хувийн нэр хүндээ өсгөх гэж бодолгүй яах вэ. Мөн намынхаа олон гишүүнээс ч ялгарах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Л.Энхболд гэхэд л өөрийн жаазтай зургийг тойргийнхондоо бэлэглэсэн имижээрээ олны танил болсон юмдаг. Гайхмаар хэрэг шүү, өөрийнхөө жаазтай зургийг бэлэг болгож, хадагтай өгдөг төрийн түшээ орчин цагийн хөгжилтэй хөл нийлэн алхаж буй Монгол Улсад байна гэж бодохоор.

Бүр байх байхдаа хамгийн залуу улстөрчдийн нэг нь гэж бодохоор нэг л итгэж өгөмгүй. Гэсэн ч тэрхүү хадганд ороосон өөрийн жаазтай зургаа сонгогчиддоо бэлэглэсэн зурагтай мэдээгээ хэвлэлээр гаргаад байхаар яаж ч итгэхгүй, гайхахгүй байх билээ дээ. 
Хамгийн хэцүү нь, түүний өмнөөс ичиж, элэг хөшмөөр үйлдэл нь ганцаар тогтоогүй. Учир нь, энэ хавар тэрбээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг хийх ажлын шав тавих ёслолыг хийж сүү өргөсөн нь түүнийг олны анхааралд дахин оруулж чадсан. Гэр хорооллын иргэд гэрэлтүүлэгтэй болж буй нь сайхан ч шонгийн модны нүх ухахад хүртэл шав тавьж байгаа нь өмнөх жорлонгийн нээлт дээр тууз хайчилдаг  явдлыг давж гарсан. Төсвийн мөнгөөр хийгддэг жирийн жижиг ажил дээр шав тавьсан нь яахав гэхэд өдийг хүртэл гэрэлтүүлэггүй байсан нь муухай л юм. Үүнийхээ оронд ядаж л шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавих ёслолд сүү өргөсөн бол юунд нь ингэж элэглэх билээ. Гэтэл тэгсэнгүй. Энэ янзаараа шон бүрийн нүхэнд сүү өргөж, шон бүрийн тоогоор ёслол үйлдэх бололтой янз нь. 

Ингэж элэг хөшим жижиг сэдвээр хэвлэлийн баатар болсон тэрбээр саяхнаас харин том сэдэв олж, том дуугарч эхэлсэн байна билээ. Тэр нь хулгайлагдсан гэгдээд буй 268 мянган тонн нүүрсний эрэл. Гэхдээ бас л асуудалтай. Наад талаас нь харахад шударга ёсны эрэл мэт харагдах ч цаад учир утгаараа 2020 оны УИХ-ын сонгуулийн нүүдэл хэмээн илчлэгдэж буй нь үнэн. Учир нь, өрсөлдөгч бол өрсөлдөгч. Тэр өрсөлдөгчийг цаг хугацаанд нь дарах уу, цагаас нь өмнө унагах уу гэдэг УИХ-ын гишүүний тансаг эрх мэдлийн амтыг авчихсан хүний хувьд яаж ч бодсон бодох л асуудал. Өөрөөр хэлбэл, тэрбээр жаазтай зураг, шонгийн модноосоо холдож сэтгэсэн ганц үйлдэл нь уг нүүрсний маргаан болов. Учрыг тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдээлэл хийх үеэрээ “Эрдэнэс Тавантолгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар баттай мэдээлэл байна. Энэ нь 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс юм. Уг асуудлыг гуравдугаар сарын 26-нд АТГ-т шалгуулахаар хандсан. 268 мянган тонн нүүрсийг хэдэн оны хэдэн сард тухайн мөргөцгөөс ямар компани авсан гэдгийг АТГ тогтоох хэрэгтэй” гэв. 
Тэгвэл уг мэдэгдэлд нь хариулт болох тайлбарыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас хийж байлаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Геологи, уул уурхай хариуцсан газрын захирал Б.Мөнхбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа “Гишүүний мэдэгдлийг олж үзсэн. Мөн зарим хэвлэл мэдээл¬лийн хэрэгслээр манай компани болон “Тавантолгой” ХК хооронд нууц гэрээ байгуулж, хараа хяналтгүйгээр нүүрс гаргасан талаар ташаа мэдээлэл гарсан байна. Манай компанийн Цанхийн Зүүн уурхай урд хэсгээрээ “Тавантолгой” ХК-ийн дөрөвдүгээр уурхайтай хиллэдэг. Зүүн Цанхид манай инженер, техникийн ажилчид 24 цагаар хяналт тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр хараа хяналтгүй нүүрс гаргуулна гэдэг ямар ч боломжгүй зүйл. Түүнчлэн олборлосон нүүрс болон нөөцийн мэдээллээ тухай бүрд нь Ашигт малтмал газрын тосны газар болон Мэргэжлийн хяналтын газарт өгч хянуулдаг. Орон нутгийн өмчит “Таван-толгой” ХК нь 1966 оноос хойш, манай компани 2011 оноос Тавантолгойн бүлэг ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд Тавантолгойн ордын найман талбайн лиценз манай компанид мэдэлд ирснээс хойш хамгийн түрүүнд хил хязгаараа тогтоож, тэмдэглэл хийсэн. Түүнээс хойш “Тавантолгой” ХК манай лицензийн талбайгаас нүүрс олборлосон асуудал байхгүй. Түүнээс өмнө зарим нөөц хөндөгдсөн байдаг.  Тиймээс манай хоёр байгууллагын зүгээс хамтарсан ажлын хэсэг ажиллаж, өмнөх жилүүдэд манайд оногдсон талбайгаас 268 мянган тонн нүүрс олборлосныг тогтоосон. Нүүрсний чанар харилцан адилгүй учраас мөнгөн дүнгээр илэрхийлэхэд хэцүү. Энэ асуудлыг эцэслэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн хооронд 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр №ЭТТ-2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ” гэрээ байгуулсан. Улмаар “Тавантолгой” ХК манай лицензийн талбайгаас олборлосон нүүрсээ буцааж өгөх асуудал яригдаж байгаа. Түүнээс биш ямар нууц зүйл байхгүй” гэсэн юм. 
Тэгэхээр эндээс харахад УИХ-ын гишүүн Л.Энхболдын мэдээлэл ердөө л таамаг эс бол хувийн эрх ашигтаа ирээдүй цагт харсан далд эрх ашигтай улс төр болох нь батлагдаж буй хэрэг ээ. Гэсэн ч УИХ-ын гишүүн Л.Энхболдод сануулахад УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогчид өнгөрсөн 2016 оны сонгууль шиг хүнийг нь харахаас бус намын батлахаар нь сонголт хийхгүй л болов уу. Иймд хувийн улс төрийнхөө золиосонд намаа золиж, “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагааг эрчимжүүлсэн өнгөрсөн нэг жилийнх нь үр дүнг гүтгэлгээр харлуулахгүй байхыг хүсье. Учир нь, МАН-ын Засгийн газрын нэг том үнэлэмж бол Тавантолгойн нүүрсний олборлолт, борлуулалтыг эрчимжүүлж, үнийг нь нэмсэнд яваа юм шүү, өнөөдрийн хувьд. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ок · [203.91.118.180] · 2018/05/03

    дүнкүү


  • z · [202.179.30.194] · 2018/05/02

    hulgai geed l sur bolood baisan. umnu avsan nuursee ugnu gesen l ym bn. huleen zuvshuursun ym.g atg shalgaad ch geh shig


  • Зочин · [202.21.100.202] · 2018/04/30

    үнэн тэнэг


  • Зочин · [66.181.170.229] · 2018/04/30

    ene Omnogovios yamar humuus garsan yum bee sergel medrel muutai yum uu haashaa yum bee


  • zpchin · [66.181.161.98] · 2018/04/28

    Энэ малыг яанаа шон босгох гэж тууз хайхаачлаад хошин шогоо бандааш царайтай дэбэлээ эхлээд нусаа хошногоо арчиж сурчи