Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа. Мэдээллийн эхэнд уул уурхайн салбарын оны эхний дөрвөн сарын байдлаарх статистик мэдээллийг танилцуулсан юм.
-ҮЙЛДВЭРЛЭЛ 567.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ-
Уул уурхайн салбарын орлого оны эхний дөрвөн сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 798.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 567.9 тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 295.9 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 223.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн аж.Харин Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.3 хувийг эзэлж байна. Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
-Нүүрс -14.9 сая тн,
-Зэсийн баяжмал -445.4 мян.тн,
-Алт -2.9 тн,
-Молибдений баяжмал -1.8 мян.тн,
-Төмрийн хүдрийн баяжмал - 1.0 сая тн
-Хайлуур жоншны баяжмал -21.3 мян.тн,
-Цайрын баяжмал -30.0 мян.тн,
-Газрын тос -2.3 сая бар,
-Катодын зэс -4.8 мян.тн дүнтэй гарчээ.
Оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн баяжмал 10.8 мян.тн, төмрийн хүдрийн баяжмал 133.2 мян.тн, хайлуур жоншны баяжмал 7.6 мян.тн, цайрын баяжмал 1.9 мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 1.5 сая тн, алт 24.8 кг, молибдены баяжмал 125.6 тн, газрын тос 175.2 мян.бар, катодын зэс 143.6 тн-оор тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.
-ТӨСӨВТ 694.8 ТЭРБУМ ТАТВАР, ХУРААМЖ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ-
Уул уурхайн салбар 2018 оны эхний 4 сарын улирлын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнд, алт 11.5, нүүрс 255.8, цайр 37.7, зэс 352.0 төмөр 8.3, жонш 4.6 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өссөн. Үүнээс,
-Алт 4.6 тэрбум төгрөг буюу 1.7 дахин,
-Нүүрс 139.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин,
-Цайр 15.5 тэрбум төгрөг буюу 1.7 дахин,
-Зэс 72.8 тэрбум төгрөг буюу 1.3 дахин,
-Төмөр 5.5 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,
-Жонш 2.8 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өсөлттэй гарсан байна.
Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар буурсан байна.
-ГАДААД ХУДАЛДААНЫ БАЛАНС ЭЕРЭГ ГАРСАН БАЙНА-
2018 оны эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3,707.3 сая ам.доллар болж 2017 оны мөн үеэс 690.0 сая ам.доллар буюу 22.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 543.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Экспорт: 2018 оны эхний 4 сарын байдлаар экспортод 2,125.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбар экспортод 1,947.7 сая ам.доллар буюу 91.6 хувийг эзэлж байна.
Импорт: Импортоор нийт 1,581.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2017 оны мөн үеэс 464.2 сая ам.доллар буюу 41.5 хувиар тус тус өссөн байна.
-ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 38 ХОНОГИЙН ШАТАХУУНЫ НӨӨЦТЭЙ БАЙНА-
2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 69, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.
Улсын дундажаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1667 төгрөг, Аи-92 автобензин 1813 төгрөг, Аи-95 автобензин 2081 төгрөг, дизелийн түлш 2092 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Өмнөх сарын үнэтэй харьцуулахад шатахууны үнэ 6-8 төгрөгөөр буурсан байна.
Мэдээллийн дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Хуурамч шатахуун хийхэд хэрэглэдэг гол нэрийн бүтээгдэхүүнүүд хилээр татваргүй орж байгаагаас үүдэж, дотоодод чанаргүй шатахуун борлуулагдах нь ихэссэн. Энэ чиглэлд салбар бодлогын арга хэмжээ авах уу?
-Монгол Улсад шатахууны үйлдвэрлэлийг хууль бусаар явуулах асуудал албан ёсоор хориотой. Гэвч энэ чиглэлээр иргэдийн гомдол олноор ирж байгаа. Тиймээс бид шатахуун үйлдвэрлэлд ордог гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг татвартай болгох саналаа Сангийн яаманд хүргүүлсэн байгаа. Сангийн яаман дээр энэ чиглэлд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм билээ. Одоогоор бидэнд Сангийн яамны ажлын хэсгийн дүгнэлт манай яаман дээр ирээгүй байгаа.
-УИХ, Засгийн газрын түвшинд Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлыг шалгах чиг үүрэгтэй хэд хэдэн ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Асуудал даамжирвал арбитрт очно гэх яриа явж байгаа?
-Оюутолгой тойрсон бүхий л асуудал дээр шалгалт орж байгаа. Ажлын хэсгүүд ч идэвхтэй ажиллаж байгаа. Бидний өмнөх дүгнэлт, татварын актууд ажлын хэсгийн дүгнэлтээр дахин тогтоогдоно гэсэн хүлээлттэй байгаа. Асуудал УИХ-аар орох болов уу. Энэ чиглэлд салбар анхаарлаа хандуулан ажиллана. Оюутолгой төсөл бол гадны төсөл биш шүү дээ. Хардаж, шалгах эрхтэй. Гэхдээ үйл ажиллагааг нь сайжруулаад явуулах талаас нь хандаасай. Оюутолгой бол улс төржүүлдэг сэдэв биш. Бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явах ёстой. Арбитрт хандах, хандахгүй нь тэдний асуудал. Арбитрт мэдээж битгий очоосой гэдэг бодол байна. Аудиттай холбоотой асуудлыг би ажлын хэсгээс тодруулж байж хийнэ.
-Та ажлаа авсныхаа дараа Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүнийг солино гэдгээ мэдэгдэж байсан?
-Оюутолгойтой холбоотой бүхий л асуудлыг хамарч ажиллах чиг үүргийг Монголын 34 хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гурван гишүүн хүлээдэг. Цаашдаа бид төлөөллийн салбаруудаас нь оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Оюутолгойн ТУЗ-д ЗГХЭГ, Сангийн яам, УУХҮЯ-ны төлөөллүүд багтах ёстой. Ингэж байж салбар яамд бодлого нэгтгэж, зөв бүтцээр байршуулалт хийнэ гэж харж байгаа. Ийм зохицуулалт хийхгүй бол ТУЗ-ийн гишүүдээс мэдээлэл ирэхгүй. Сэдэв хаагддаг байдал газар авлаа. Энэ бүхний зася сайжруулахын төлөө явна. Энэ байр сууриа Засгийн газрын хүрээнд тавьж, зөвшилцөх юм.
-Оюутолгойд тавьсан татварын актыг ажлын 60 хоногт багтааж шийдэхгүй бол арбитр очих зохицуулалт үйлчилнэ. Үүн дээр салбарын сайдын хувьд ямар суурь илэрхийвлэх вэ?
-Татварын акт дээр хоёр талаасаа ажлын хэсэг гарчихсан, хэлэлцээрүүд хийж байгаа. Эхний ээлжинд хүлээн зөвшөөрөгдсөн 11 орчим сая ам.долларын төлөлтийг хийгээд явж байгаа.