Хөгийн царайлчихаад хөдөө л тэнэж явсан юм даг. Хөөрхөн аяншчихсан, бас дээр нь хачин халтар. Замын хажууд мотоциклоо зогсоочихоод хэдэн хонио харуулдангаа хөзөрдөж суугаа гурван залуугаас айл асуухаар очлоо. Хоёр нь хүний бараанаар мал захлаад алга болов. Миний хүү шиг горзойсон залуу тосч айсуй. Дөхөөд очтол нөгөө хэд унааныхаа сүүдэрт ганц шил юм гозойлгочихжээ.
-Говь тал руугаа ойрдоо айл тааралдах уу?
-Лав 100 гаруй км-т айл байтугай хүн мал байхгүй ээ.
-Чи хэдтэй вэ?
-28. /Шилээ маажиж байх юм/
-Эхнэртэй юу?
-Байхгүй ээ.
-Архи ёроолдоод сууж байхаар авгай авч аав ээждээ ач зээгийнх нь барааг харуулаач ээ.
-Эхнэр болох хүн байхгүй
-Юу, охид хаачсын?
-Багшийн дээдэд сурах гээд бүгд хот явсан. /Тэнгэр ширтээд санаа алдаж байх юм/
-Тэгээд амралтаараа ирэхээр нь амжаад найр л даа.
-Зарим нь ирэхгүй. Ирсэн нь борлочихно гээд гэрээсээ ч гарахгүй байсаар нэг мэдэхэд л буцчихсан байдгийн шдээ...
Иймэрхүү яриа энд тэнд их болно оо. Хүн амын хүйсийн тэнцвэр хоёр эхнэр авах болтлоо алдагдаагүй, боловсрол мэргэжил, амьдралын орчин, ажил алба, хэтэвчний нимгэн зузааны ялгаа л дэндүү ихэсч, орь залуу нас орчлонд ганцаардаж яваа нь үнэн юм даг. Энэ мэтийн бодлогын алдаануудаа засч залруулах тухай ярихын оронд юун тэр байхгүй мөнгө нэхэж багш эмч нар жагсах. Хөдөө орон нутагт цус ойртолт наад хоёр эхнэрийн асуудлаас чинь илүү сэтгэл зовоож, нүд халирааж, чих халууцуулж байна. БСШУ-ны Цогзолмаа харин их, дээд сургуулиудаа аймгийн төвүүд рүү нүүлгэх бодлого боловсруулсныхаа төлөө ад болж явна гэнэлээ. ТИС-ийн Уул уурхайн сургуулийг Эрдэнэт рүү эхлээд нүүлгэх тухай олж сонслоо. Алслагдсан аймгуудад социализмын үеэс хаягдсан, цонх хаалгыг нь тоночихсон том том байшингууд олон бий. Түүнийг ашиглаад зардал багатай их нүүдэл хийж, их дээд сургуулиудын буурийг аймаг бараадуулаад засчихвал цус ойртолт, гэр бүл төлөвлөлтийн алдагдсан бодлого алганд багтаад ирнэ. Зориуд хэлчихье, Цогзолмаа сайд яг энэ чиглэлээр зорьсноо ажил хэрэг болгон, хөдөөг зорьсон соёлын нүүдлийг эхлүүлчихвэл би харин зоригтой дэмжинэ шүү.