Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг хэсэгчлэн улсын нууцаас гаргахаар болсон даруй С.Зоригийн хэргийн захиалагчийг таамаглаж хардах хандлага газар авав. Тэр ч бүү хэл барин тавин захиалагчийг нэрлэж байгаагийн цаана ямар учир шалтгаан байна вэ. Угаасаа 20 шахам жил бусдын таамаг, хардалт дунд өрнөсөн энэ мөрдөх ажиллагаа, уг хэргийн захиалагчаар УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийг сэрдэн таамаглах явдал сүүлийн үед их болжээ. Энэ нь олон талын шалтгаантай байх. С.Зоригийг бусдын гарт амиа алдах үед “Эрдэнэт”-ийн асуудал, захирал асан Ш.Отгонбилэгийн талаархи таагүй мэдээлэл ч бас л яригдаж байсан. Энэ учир битүүлэг хэрэг явдлын тухай сөхөгдөх болгонд эмзэглэж явдаг нэр бүхий хүмүүс буй. Түүний нэг нь өдгөөгийн УИХ-ын гишүүн О.Содбилэг билээ. Тиймдээ ч тэрбээр өнгөрөгч 2015 оны 12 дугаар сард өөрийн цахим хуудсаараа нэгэн зүйлийг бичсэн.
Түүнд өгүүлэхдээ “Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсаныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ! Монголчуудын амьдрал аавыг минь амьд сэрүүн байх үеэс доройтож, өнөөдөр гэр хорооллоор явж байхад 1500 төгрөгний хонины шулсан ясыг ч авч чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрч, Монгол хүүхдүүдийн ирээдүй хөмөрсөн тогоо мэт харанхуй болж байхад олны анхаарлыг өөр зүгрүү худлаа чиглүүлж, эрх мэдэл, ашиг хонжооны тулд хилс хэрэг зохиож, олон хүнд ял үүрүүлж тэгсэн хэрнээ ард түмний өмнө тулгарч байгаа чухал асуудлуудыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байна!!! SHARE хийнэүү!!! Та бүхэнд баярлалаа!” гэсэн маш ноцтой зүйл бичсэн.
О.Содбилэгийн энэ бичсэн зүйл нь С.Зориг агсны эхнэр Д.Булганыг баривчлах үеэр олонд хүрч байсан нь ч өөрийн эрхгүй сонирхол татна. Тэгэхээр “айсан хүнд аргал хөдөлнө” гэгч болов уу. Үнэхээр эрхэм гишүүний эцэг энэ хэрэгт ямар нэгэн сэжимээр холбоотой юу гэдэг нь таамаг хэвээр байна. Мөн нэг зүйл гэвэл Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц өдгөө С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа гурван хүн гурвуулаа Эрдэнэтийнх ш дээ хэмээн хэлсэн. Түүнчлэн Хууль зүйн сайдаар тав дахь удаагаа ажиллаж, С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргахад хүчин зүтгэсэн Ц.Нямдорж “Хэрэгт холбогдоод байгаа нөхдийг баривчлахдаа тагнуулынхан Эрдэнэтэд тусгай ажиллагаа зохион байгуулсан” гэдгийг бас хэлээд авсан.
Ямартай ч хэргийн эзэд нь шүүхээс ял аваад эдэлж байгаа энэ цаг дор С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргаж байгаа нь захиалагчийг хүссэн хүсээгүй олон нийтэд ил болгож таарна. Тэгэхээр яг ийм цаг мөчид О.Содбилэг гишүүний эцгийг захиалагчийн нэг байх магадлалтай хэмээн хардаж байгаа нь ахиад л сонирхол татна. Яагаад дахин дахин энэ хүнийг хардах таамаглал яваад байгаагийн цаана чухам юу байна вэ. Нөгөө талаар хууль тогтоох дээд байгууллагд төрийн түшээ болж суугаа хүү О.Содбилэг чухам яагаад ийнхүү сандарч мэдэгдэл хийх болов гээд сонирхол татах зүйл олон байна.
Х.Баатар
Эх сурвалж: Шуурхай.мн