Энэ сарын 12-ны өдөр Улаанбаатараас Сайншандыг чиглэж явсан галт тэрэг хүчтэй борооны улмаас дөрвөн вагон нь замаасаа гарсан. Улмаар төмөр замчид шуурхай ажилласнаар өнгөрсөн мягмар гаригийн орой ашиглалтад оруулаад байгаа юм.
Тэгвэл өнөөдөр байгалийн гамшгийн улмаас үүссэн хохирлыг арилгах төмөр замын сэргээн босголтын ажлын талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар мэдээлэл хийлээ.
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа "Энэ сарын 12-нд осол болсон гэх мэдээллийг авсан даруйдаа замыг хааж, шуурхай ажлыг эхлүүлсэн. Улмаар зарим удирдлагууд 06.05 цагт Улаанбаатараас Дорноговь аймаг руу хөдөлсөн. Холбогдох эмнэлгийн байгууллагууд газар дээр нь шуурхай ажиллаж иргэдийг тайвшруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Үдээс хойш нь замын нэгдүгээр орлогч дарга осол гарсан газар руу очиж ажиллаж, замыг нээсэн. Одоо сэргээн босголтын ажил үргэлжилж байгаа. Сэргээн босголтод нийт 486 хүн газар дээр нь ажилласан. ОХУ-аас сэргээн босголтын вагон ирж, дугуйт техник явахад хүнд байсан учраас хоёр танкыг авч ажиллуулсан байгаа.
Хохирлын хэмжээ одоогоор гараагүй. Эхний хоёр өдрийн сэргээн босголтын дараах зардал 200 гаруя сая төгрөг болсон гэж урьдчилсан байдлаар тооцоолоод байна.
81 хүн эмнэлгийн тусламж авсан. Бүх зорчигчдыг Улаанбаатарт авчирсны дараа дахин шаардлагатай шинжилгээнд хамруулж өнөөдрийн байдлаар 18 хүн УБТЗ-ийн Төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.