fbpx Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охины түүх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
18 минут 19 секунд

Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охины түүх

Өнгөрсөн жилийн ;БАЛДОРЖ шагналтнаар Үндэсний шуудан сонины Б.Энхмарт Нулимстай бөхөн, Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин, Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь бүтээлээрээ тодорч, 5000 ам.долларын эзэн болсон юм. Ингээд түүний шилдэг нийтлэлийн нэгийг хүргэе.

Одоогоос гурван жилийн өмнө Хөвсгөл аймгийн Их-Уул суманд зургаан настай Ө.Энхзул охин гэрээсээ төөрч, ар гэрийнхэн, нутаг нугынхан нь түүнийг гурав хоногийн турш хайсны эцэст тайгаас олж байсан билээ. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд очоод байхдаа Ө.Энхзул охинтой уулзаж, тухайн үед юу болсон талаар ярилцахыг хүсэхэдалимны бөөр шиг улаанхан хацартай, сэргэлэн цовоо нүдтэй жаахан охин инээвхийлэн “Манайд ирсэн хүн бүхэн л энэ талаар асуух юм. Сургуульд орсны дараа багш нар, ангийнхан гээд зөндөө хүн намайг тэр тухай ярьж өгөөч гэсэн. Гэхдээ би цөөхөн хүнд л санаж байгаа юмаа ярьсан” гэв.

Ингээд Ө.Энхзул охин гэрээсээ яагаад төөрсөн, ойд гурав хоног хэрхэн “амьдарсан” талаарх яриаг хүргэе. Ө.Энхзул одоо есөн настай. Төөрөх үедээ тэрбээр зургаан настай байв. Охины аав, ээж “Хэдэн хүүхдийн минь буян заяа түшиж, охиноо эсэн мэнд олсон шүү. Гурав хоног алга болоход нь их айж байсан. Амьд мэнд олдоосой. Амьд л байж байдаг юм шүү гээд л хайгаад байсан даа” гэж ярьсан юм.

Охин нохойгоо чонотой андууран гүйсээр төөрчээ

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын малчин Д.Өлзийбатынх Хуштын мод гэх газар 2013 оны наймдугаар сард намаржиж байжээ.Удам дамжсан малчин Д.Өлзийбат сумынхаа мянгат малчдын нэг.Тэднийх таван хүүхэдтэй юм байна.Харин ойд гурав хоног төөрсөн охин Ө.Энхзул дөрөв дэх хүүхэд нь.2013 орны наймдугаар сарын 22-нд гэрийн эзэн Д.Өлзийбат сумын төв рүү нэг хүүхдээ дагуулаад  мотоцикльтой явжээ. Харин хоёр том хүү нь адуугаа хурааж, дэллэхээр яваад эзгүй байж. Гэрийн эзэгтэй Д.Оюунгэрэл болон Ө.Энхзул, гурван настай бага хүүхдийн хамт гэрээ сахиж байж.Гэтэл үнээ саах цагаар буюу цагаан гэгээ тасрах үеэр тэнгэр муухайрч, баруун хойноос хар үүл бүрхэн бороо орж эхэлжээ.Сүүлийн хэдэн жил ороогүй азарган бороо хувингаар цутгаж байгаа юм шиг л хүчтэйасгаж, аянга тачигнаж, цахилгаан энд тэнд гялс хийн цахиж эхэлсэн гэнэ. Энэ үеэр тэрүүхэнд бэлчиж байсан хонь, ямаа хошуурч уруудсаар хөтөл давсанд ээж, охин хоёр араас нь явган гарчээ.Охин тэр болгон ээжтэйгээ хамт яваад байдаггүй ч энэ удаад цуг явахыг хүссэн гэнэ.

Их-Уул сумын ой хөвч араатан амьтнаар дүүрэн.Тэр тусмаа хээрийн амьтан болох чоно элбэг.Азарган бороо, хүчтэй салхинд торох юмгүй уруудсан хонь, ямааныхаа араас ээж нь явж, тогтоож үлдээсэн хэсэг хонио Ө.Энхзул охин нохойныхоо хамт харж үлджээ. Цахилгаан цахих гялбаанаар тогтсон хонь уруудаж, нохойн нүд гялбаанд ногоорох нь чоно шиг харагдсан тул охин ч ээжийнхээ явсан зүгт гүйсэн байна.Азарган бороо асгасан хэвээр л байж.

Охиноо хайж, нэрийг нь дуудаж гүйсээр ээж нь ч төөрөв

Тухайн өдрийнхөө 20.00 цаг болж байхад охины ээж Д.Оюунгэрэл хонио туусаар гэртээ ирсэн байна.Тэрбээр гэр нь ойрхон байсан учир охиноо гэр рүүгээ орсон байх гэж бодож явжээ.Гэртээ ортол бага охин нь орон дээрээ унтаж, Ө.Энхзул алга байж.Охиноо гэртээ ирээгүйг мэдэнгүүт цуваа өмсөөд, нимгэн цамцтай гарсан охиндоо дээл аваад гарчээ.Тэрбээр охиноо хайж хоолойгоо сөөтөл дуудаж, морио цуцтал давхисны дараа сумын төв рүү хэл өгөх хэрэгтэйгээ мэдэж, утасны сүлжээ барьдаг уулан дээр гарсан боловч холбогдож чадаагүй байна.Саахалтын хүнд, адуугаа тууж яваа адуучинд гээд замдаа таарсан бүхнээсохиноо сураглаж,захисан гэнэ.

24:05 цагийн үед сумын төвд байгаа ах дүү нартаа, Онцгой байдлын газрын албан хаагчдад хүүхэд алга болсон талаарх мэдээлэл өгч чаджээ.Д.Өлзийбатынх Их-Уул сумын төвөөс 40 гаруй километрт намаржиж байсан бөгөөд мэдээлэл ирсэн даруйд долоон аврагч сумын төвөөс охины аавыг машиндаа суулгаад иржээ.Өлзийбатынхтай айл, саахалт байдаг нутгийн иргэд, аврагчидтай нийлэн гурван баг болоод ойр орчмын нутгаар үүр цайтал самнасан байна.Гэвч охин усанд хаясан чулуу шиг л алга болжээ. Охин тухайн үед дан цамц, тод яагаан өнгийн өмд, кеттэй байжээ.

Охины ээж Д.Оюунгэрэл эрлийн багийнхан ирж өөрийг нь олох хүртэл ганцаараа хайсаар байж.“Миний охин хаана байна аа, Энхзул аа” гээд л хоолойгоо сөөтөл хашгирсаар хөвчийн модон дундуур зүгээ мэдэхгүй зөндөө гүйж.Тэрбээр “Үгээр хэлэхийн аргагүй хэцүү юм билээ. “Яах гэж орхиж явав даа” гэж өөрийгөө зэмлэж бодохоос өөрийг хийж чадахгүй.Энэ модон дор орчихсон болов уу, тэнд байж байгаа юм болов уу, уйлж гүйсээр хаа нэг газар бахардаж унаад нохой, шувууны хоол болчихоогүй байгаа даа” гээд элдвийн юм бодогдож байгаа юм.Ер нь л дэлхий хөмөрчих шиг, хамаг юмаа алдчихшиг л болсон.Ингэж явахдаа өөрөө төөрчихсөн.Дүүтэйгээ булаацалдаж мөөм барьдаг булцгар гар нь нүдэнд харагдаад дотроос юм аваад явчих шиг л болж байсан. “Охиноо л олох юм шүү.Олохгүй бол би буцахгүй” гэж өөртөө хэлж, модны хонгил олоод орчихсон байгаасай гэж их залбирсан” хэмээн ярив.

Тэр үед арван алхмын цаадах зүйл харагдахгүй болтлоо манан буусан байна гэнэ. Бороо хувингаар асгаж байгаа юм шиг л их устай.Энхзулын аав ч морио унаад ууланд гарсан байна.Хашгираад л давхиад байсан гэнэ. Сүүлдээ унаж явсан морь нь эцэж, явган явжээ.Хүн, амьтан бараг явдаггүй хөвч тайгын их өвсөн дунд гутлаа арай чамай өргөн дийлж байхад хүйтэн бороо нэрмээс хийх шиг цутгаж байсан нь хамгийн хэцүү даваа байсан тухай ярьж байв.Бүх хувцас норж, гүйх аргагүй болтол жиндээж, хүндэрч байсан ч бид дуу гарган, охин минь бидний дууг сонсоод айчихвий гэхдээ арай аядуугаар дуудсаар явсан гэж ярилаа.Эрлийн багийнхан энд тэндгүй буу тавьж, хашгирч хээрийн амьтан үргээж явжээ.

Охиныг эсэн мэнд олдохгүй гэж лам, бөө нар хэлж байжээ

Ийн үүр цайж өглөө болов.Гэвч тэнгэр бүрхэг хэвээр. Хүчтэй орж байсан бороо бага зэрэг намдсан ч зүсэрсэн хэвээрээ.Эрлийн багийнхан эхнээсээ Д.Өлзийбатынд буцаж цуглав.Бүгдийнх нь хувцас нороод, усан гүзээ болчихсон, ууланд яваад их ядарчээ.Аймгийн төвөөс Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, эрэлд явах арав гаруй хүний хамт ирсэн байна.Нутгийн иргэд, сумаас ирсэн аврагчидтай нийлээд 100 гаруй хүн охиныг үргэлжлүүлэн хайсан бөгөөд алга болсон газраас хааш хаашаа 30 километрт самнасан боловч олдсонгүй.Бут сондуул, нүх, модны хонгил, жалга, хадад, уул гээд л их өвсөн дотроос зүү хайж байгаа юм шиг л хайжээ.Энэ хугацаанд хүйтэн бороо зүсэрсэн хэвээр л байж.

Охины ар гэрийнхэн хоёр дахь өдрөөс бүр хэцүү байдалд орсон байна.Тэр тусмаа ээж нь “Яах гэж охиноо хаяад явав” гэж уйлан, ухаан санаа нь дэн дун болоод галзуурах дөхөж эхэлсэн байна. Эрлийн багийнхны зарим нь үзэж, хардаг мэргэн түргэн хүмүүст үзүүлж.Зарим нь лам руу явж,үлдсэн нь бөөд үзүүлжээ. Ихэнх үзмэрч “Амьд олдохгүй юм байна. Лус хилэгнүүлжээ. Уул, усаа аргад” хэмээн хэлж байсан гэнэ. Харин нутгийн нэгэн удган “Гэрийн чинь байгаа зүгээс баруунтай харагдаж байна. Дулаан газар гараараа оролдоод сууж байна. Их сэргэлэн хүүхэд юм. Амийг нь бөхөлчихлөө. Тэнгэр гэгээрч, бороо намжихаар олдоно” гэсэн байна. Охиныг амьд хэмээн хэлсэнд сэтгэл нь жаахан уужирч, эрлийн баг дахиад л уул руу гарчээ. Гэвч ололгүй хоёр хонов. 

Эрлээ зогсоохоор болов

Хоёр дахь хоногоос эрлийн багийнхан эхнээсээ явж эхэлжээ. Тэд охиныг амьд олдоно хэмээн найдвар тасраад буцаж эхэлсэн байна. Өлзийбатынхаас километр хүрэхгүй зайд их модтой ой, уулс байдаг аж.Онцгой байдлын газрын албан хаагчид болон нутгийн иргэд охиныг “Олдохоосоо өнгөрөв бололтой” хэмээн эцэг, эхэд нь хэлэхээс зүрхшээн “Ингэсгээд эрлээ отоглох уу даа” гэсэн байна. Гэвч Ө.Энхзулын ар гэрийнхэн болох 30 гаруй хүн эрлээ үргэлжлүүлсээр байжээ. Охин алга болоод гурав хоножээ.Өглөө болж нар мандсан үед гэрийн эзэд хоёр гурав хоног нүдний хор гаргаагүй шахам эрлийн багийнхныг хооллож, ундлахаар гэр рүүгээ эргэж, хонь гаргуулан цайлсан байна.

Нэгэн бөө “Ээж нь уулнаас буухгүй уйлаад гүйгээд байх юм.Нулимс нь охиныг чинь хаачихаад байна. Битгий уйл.Сүү, цагаан идээгээ хангай, дэлхийдээ өргө” гэснийг санан тэнгэр, хангайдаа цацал өргөж, залбирчээ.Энэ үеэс тэнгэр цэлмэж таарсан байна.Гурван өдөр тасралтгүй уйлагнасан тэнгэр энд тэндээ цоорон цэлмэж эхэлжээ.Ууланд үлдсэн эрлийн багийнхан гэр рүүгээ буцах гэж байтал Амгалан хэмээх нутгийн залуу “Та хэд хөдөлж бай, бид хоёр энүүхэн хавиар харчихаад араас чинь давхиад очье” гээд модны зах руу оржээ.

Амгаланг юм үзэж, хардаг хэмээн нутгийнхан нь алдсан мал тэргүүтэй зүйлсийн сургийг түүгээр гаргуулдаг байсан аж.Хамт яваа хүндээ Амгалан “Ийшээ л байгаа юм шиг мэдрэгдээд байх юм.Худлаа биш байгаа даа” гэсээр явсан аж.Тэднийг охины нэрээр хашгиран дуудаж явтал нэгэн бүдүүн модны ёроолд юм хөдлөх шиг болжээ.Лавшруулан харвал охины ягаан өмд цухуйх шиг болж гэнэ.Тэгээд мориноосоо буун дөхөж очоод, “Энхзул аа, Амгалан ах нь байна.Таньж байна уу” гэтэл модны хонгилоос охин шурган гарч ирээд хүзүүдээд авчээ.Хүзүүнээс нь тас тэвэрч, нэлээдгүй уйлсны дараа Амгалан охиныг дээлэндээ ороон тэврээд гэрт нь хүргэжээ.Охиныг олсон газраас гэрийг нь хүртэл арав гаруй километрийн зайтай.Ингэжзургаахан настай, ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй нялх охин хөвч тайга дунд гурав хоносны эцэст олдов.Олсон даруйд сумын эмч түүнийг үзээд “Зүгээр байна.Юутай ч халаасан шар тосоор бүх биеийг нь илж өгөөрэй” гэж.Шар тосоор тослуулсан нялх амьтан ээжийнхээ өвөрт сэтгэл амар зөндөө унтсан гэнэ.

Намайг хоёр гөрөөс хамгаалсан байх аа

Ойд төөрч, гурав хоносон тухайгаа охин “Нэг харсан чинь ээж намайг Бүргэдтэй орхиод явчихсан байсан. Бүргэдээс айдаг болохоор ээжийн араас гүйсэн юм. Тэгээд ч тэр үед Бүргэд биш чоно зогсож байх шиг санагдсан. Тэгээд л гүйсэн. Модон дундуур гүйж байхдаа их даарсан. Нэг модны доор орсон. Тэндээ бороо намдахыг хүлээж байсан чинь унтчихсан байсан.Сэрсэн чинь миний хажууд хоёр гөрөөс хэвтэж байсан.Тэр хоёр намайг хамгаалсан байх аа.Бороо намдахаар гэр рүүгээ явна даа гэж бодож байсан ч ахиад унтчихсан байсан. Сэрсэн ч бороо орсон хэвээрээ л байсан” хэмээн ярив. Түүний ийн ярихыг сонсож суусан ээж нь “Миний охины буян заяа түшиж, гөрөөс хүртэл манаж, амьд мэнд үлдсэн байх. Тэнд хайж явсан бараг бүх хүн осгохоо алдаж, нэрмэл архи шар тостой ууж, дотроо халаах нь халааж явсан. Тэгэхэд миний охин огтхон ч даараагүй байсан шүү дээ” хэмээн ярив.

-Тэр үед их айсан уу?

-Ихэнхдээ унтсан болохоор их айгаагүй. Гэхдээ шувуу, янз бүрийн чимээ гарахаар айж нүхэндээ улам шигдэж байсан.

-Зөндөө уйлсан уу?

-Уйлсан. Гэхдээ аав, ээж хоёрт их уйлаагүй гэж хэлсэн.

-Тэнд байхдаа юм идсэн үү?

-Борооны тогтоол уснаас жаахныг уусан. Бас миний нуугдаж байсан модны хажууд зөндөө жимс байсан. Тэндээс жаахныг аваад модныхоо доор орсон.

-Хоргодож байсан мод чинь яг ямархуу мод байсан бэ. Төсөөлж ярьж өгөөч?

-Их том мод. Яг би багтахаар жаахан нүх доор нь гарсан байсан. Аав, ээж тэр нүхийг модны хонгил гэдэг гэж хэлж өгсөн. Тэнд их дулаахан. Борооны ус модны гадуур урсаж байсан.

-Тэндээсээ гарч гэрээ хайя гэж бодсон уу?

-Бороо намдахаар хайна гэж бодож байсан. Гэхдээ тэрнээс өмнө аав, ээж хоёрын аль нэг нь намайг олчих байх гэж бодож байсан юм.

-Нутгийн Амгалан гэж ахыгаа очиход айсан уу?

-Хүн дуугарах шиг болохоор нь айсандаа нүхэндээ улам шигдсэн. Тэгэхдээ чимээ гаргасан байсан. Хэрвээ чимээ гаргаагүй байсан бол намайг олохгүй байсан байх.

-Чамайг олсны дараа чи зөндөө уйлсан гэсэн. Тэр үед юу бодогдож байсан бэ?

-Мэдэхгүй байна.

-Чи ойд олон амьтан харсан уу. Бас амьтдын олон янзын авиа сонссон уу?

-Хоёр гөрөөс миний байсан модны хажууд зөндөө удаан байсан. Бас туулай харсан. Гэхдээ өмнө нь туулай харж байсан л даа.

-Одоо нохойноос айдаг хэвээрээ юү?

-Хэвээрээ. Гэхдээ юу ч болсон хаашаа ч гүйхгүй гэж боддог.

Тэрбээр бүтэн гурав хоног хүйтэн бороонд огтхон ч нороогүй байсан бөгөөд модны хонгил ийм үеэр их дулаахан болдог байна.Хэдийгээр охин айгаагүй гэж гэрийнхэндээ хэлж байсан ч нүд нь хавдаж, зөндөө уйлсан байсныг ээж нь ярьсан юм. Аймаг, сумын Онцгой байдлын аврах тусгай ангийн долоон машин, нутгийн иргэд болон ах, дүү хамаатан садных нь 10 гаруй машин, 35 мотоцикль, 160 гаруй иргэний оролцоотойгоор уг эрлийн ажиллагаа өрнөсөн байдаг. Охиноо эсэн мэнд олсон аав, ээж хоёр сайхан сэтгэлт эрлийн багийнхныг долоо хоногийн дараа гэртээ урьж, нижгээд найр хийсэн гэсэн.Мөн хайртай охиныг нь олохоор хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нутгийн залуу Амгаланд ч гарын бэлэг, сэтгэлийн үгээ хэлж, одоо ч айл саахалт явдаг байна.

Ө.Энхзул охин өдгөө Их-Уул сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангид суралцаж байна.Тэрбээр ангийнхаа тэргүүний сурагчдын нэг бөгөөд гэртээ ч хамгийн хэрсүү нь гэдгийг аав, ээж нь бахархан ярьж байсан юм. Ээжийнхээ өврөөс ч гараагүй нялх охин хөвч тайгад  гурав хоног төөрсөн ч эсэн мэнд олдсон гэгээн түүх ийм ажээ.

ГОЛОМТ БАНКНЫ АЖИЛТНУУД ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЛЭЭ
ГОЛОМТ БАНКНЫ АЖИЛТНУУД ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЛЭЭ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​