fbpx Д.Трампын тарьсан ээлжит дуулиан-Иерусалим
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
13 минут 55 секунд

Д.Трампын тарьсан ээлжит дуулиан-Иерусалим

 

Иерусалим хотыг Израиль улсын нийслэл мөн хэмээн хүлээн зөвшөөрч, АНУ-ын элчин сайдын яамыг тус хот руу шилжүүлэн нүүлгэх тухай Ерөнхийлөгч Д.Трампын гаргасан шийдвэр нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн гол дуулиан байлаа.  

ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэх нь зүйтэй гэсэн байр сууриа Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр олонтоо давтан илэрхийлж байсан бөгөөд энэ нь түүний сонгогчиддоо өгсөн гадаад бодлогын талаарх гол амлалтуудынх нь нэг юм.

 

Тийм болохоор Иерусалимыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрнө гэдэг нь Д.Трампын хувьд зөвхөн цаг хугацааны асуудал байсан бөгөөд энэ тухай тэрбээр лхагва гарагт зарлан мэдэгдсэн нь дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс ширүүн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарлаа.

 

Арабуудын хувьд Иерусалимын талаарх дээрхтэй адил зүйлийг сонсохыг ч хүсэхгүй нь  мэдээж. Үүний сацуу АНУ-ын холбоотон орнууд бүгдээрээ Трампын ээлжит дуулиант шийдвэрийг дэмжсэнгүй.

 

Мэдээж хэрэг, Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху Д.Трампын шийдвэрийг “түүхэн алхам” гэж нэрлэх нь анхнаасаа тодорхой байсан. “Иерусалимыг манай хаад захирч байсан, энд манай үндэстний уг язгуур үндэс бий. Ерөнхийлөгч Д.Трамп Иерусалимын түүхэнд нэрээ мөнхөллөө” гэж тэрбээр бахдан ярьсан байна.

 

Дэлхийн хамтын нийгэмлэгийн хандлага

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгдэл хийж “АНУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр нь Израиль-Палестины хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн бүхий л хүчин чармайлтыг тасалдуулах аюултай” хэмээн анхаарууллаа.

 

Иерусалим хотын статусын асуудлыг Израиль-Палестины хооронд шууд хэлэлцээ хийх замаар шийдэх ёстой гэсэн байр сууриа НҮБ-ын тэргүүн өмнө нь хэдэнтээ илэрхийлж байсан билээ. Үүний хариуд АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хейли хэлэхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл” гэж хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан нь зөв үйлдэл байсан, гэхдээ Иерусалимын статусын талаарх эцсийн шийдвэрийг израильчууд болон палестинчууд гаргах эрхтэй” гэсэн байна.

 

Трампын эл шийдвэр палестинчуудын уур хилэнг хамгийн ихээр хүргэсэн нь мэдээж. Палестины удирдагч Махмуд Аббас мэдэгдэхдээ “Трампын шийдвэр нь Иерусалимыг нийслэлээ болгох хууль эрх зүйн үндэслэлийг Израильд олгож буй хэрэг биш” гээд “Ойрхи Дорнодын энхийн үйл явцад АНУ-ын гүйцэтгэж байсан үүрэг оролцоо үүгээр төгсгөл боллоо” гэв.

 

Палестины ХАМАС хөдөлгөөний удирдагчдын нэг Исмаил Хания хэлэхдээ “12 дугаар сарын 8-ны өдөр бол шинэ интифад эхлэх өдөр. Ингэснээр бид сионист булаан эзлэгчдээс Баруун эрэг болон Иерусалим хот, түүнчлэн Газын секторыг чөлөөлж чадна” гэсэн нэлээд дайнч мэдэгдэл хийсэн байна. Интифад буюу палестинчуудын бослого өмнө нь хоёр ч удаа дэгдэж байсан бөгөөд 2 мянга гаруй хүний аминд хүрсэн гэдэг. Д.Трамп мэдэгдэл хийсний дараа Палестины нутаг дэвсгэрүүдэд эсэргүүцлийн жагсаал болж, жагсагчид Израилийн цагдаа нартай мөргөлдсөний улмаас 300 гаруй хүн шархдаж, 30 настай Махмуд Альмасри гэдэг залуу амиа алдсан байна. Одоогийн байдлаар, 30 гаруй газарт халуун цэгүүд бий болоод байгаа бөгөөд жагсагчид Израилийн цэргүүд рүү чулуу нүүлгэсээр байна.

 

Арабын орнуудын Лигийн яаралтай хуралдааны явцад Д.Трампын хийсэн алхмын хариуд АНУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн улс дэмжсэн боловч хуралдааны дүнгийн баримт бичигт энэ талаар огт дурдсангүй. Үүнээс үзэхүйд, Арабын томоохон орнуудын удирдагчид мэдэгдэл хийх төдийхнөөр хязгаарлах байх. Учир нь, Саудын Арави, АНЭУ, Катар зэрэг орнууд АНУ-тай тогтоосон олон жилийн туршид гүнзгийрсэн харилцаагаа таслах эрсдэлтэй алхмыг хийж зүрхлэхгүй болов уу. 

 

Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Федерика Могерини хэлэхдээ “Д.Трампын шийдвэр нь Израиль-Палестины хямралыг энхийн замаар зохицуулахад сөргөөр нөлөөлж магадгүй” хэмээн санаа зовниж байгаагаа илэрхийлээд “хоёр ард түмэн-хоёр улс гэсэн зарчмыг Европын Холбоо урьдын адил баримтлах болно” гэдгийг мэдэгдлээ. 

 

Алжир улсад айлчилж байсан Францын Ерөнхийлөгч Э.Макрон “Вашингтоны дангаараа дур мэдэн гаргасан шийдвэрийг дэмжихгүй” гэдгээ мэдэгдээд “Трампын шийдвэр нь НҮБ-ын удаа дараагийн тогтоолууд, олон улсын эрхзүйн хэм хэмжээнд харшилж байна” гэж буруушаалаа.

 

Туркийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “АНУ-ын хариуцлагагүй шийдвэр нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, Палестин-Израилийн энхийн хэлэлцээний үйл явцад саад тотгор учруулна” гэж анхааруулаад “алдаатай шийдвэрээ эргэн харахыг” Вашингтонд хандан уриалсан байна.

 

Иерусалимын ээдрээт хувь тавилан

 

Иерусалимд иуд, ислам, христ гэсэн гурван том шашны ариун мөргөлийн газрууд оршдог. Тус хот дахь лалын шашинтнуудын Аль-Акса сүм бол VII зууны үед баригдсан эртний түүхэн байгууламж бөгөөд 80 м урт, 55 м өргөн аж. Энэхүү аварга сүм дотор нэгэн зэрэг 5 мянган сүсэгтэн  залбирал үйлдэж боломжтой. Аль-Акса бол исламын шашинтнуудын хувьд Мекка хот дахь аль-Харам сүм, Медина хот дхаь Аль-Масжид ан-Набави сүмийн дараа орох гуравдахь том ариун газар билээ. Энэ газар бол лалын шашинтнууд давамгайлсан хүн ам бүхий 60 орчим улс, лалын шашинтнууд хүн амынх нь цөөнх болдог 50 орчим улсын иргэдийн хувьд ариун дагшин сүм болой.

 

 

Иерусалим хотын статусын тухай асуудал бол Израиль-Палестины зөрчил сөргөлдөөний хамгийн эмзэг цэг билээ.

 

1947-1949 онд болсон Араб-Израилийн дайны явцад тус хот Израилийн болон Трансиорданийн /одоогийн Иордан/ гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, баруун хэсгийг нь израильчууд хяналтандаа авсан байна.

 

1967 оны зургаан өдрийн дайны явцад израильчууд хотын зүүн хэсгийг эзлэн авсныхаа дараа “Иерусалим бол Израиль улсын хуваагдашгүй нийслэл” гэж зарласан ба хожим нь 1980 онд үүнийгээ баталгаажуулан тусгай хууль гаргажээ. Харин палестинчууд хотын зүүн хэсгийг ирээдүйд байгуулагдах өөрийн улсын нийслэл болгохыг эрмэлзэж байгаа нь Израиль-Палестины зөрчлийг үүсгэж буй гол асуудлуудын нэг болон хувирчээ.

 

Иерусалимын хоёр хэсгийг израильчууд өөртөө нэгтгэсэн явдлыг НҮБ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 478 тоот тогтоол гаргаж, Израилийн баталсан хууль нь олон улсын эрхзүйн хэм хэмжээнд харшилж буйг анхааруулсан байна.

 

1967 оноос хойш Израилийн эрх баригчид Зүүн Иерусалимд хэд хэдэн орон сууцны хороолол барьсан ба одоо тэнд 200 мянга орчим израиль иргэд амьдарч байна. Энэ нь олон улсын эрхзүйн хэм хэмжээг зөрчиж байгаа гэдгийг олон орон байнга сануулсаар ирлээ.

 

Харин АНУ болон Латин Америкийн цөөн хэдэн улс “Израилийн нийслэл бол Иерусалим мөн” гэж хүлээн зөвшөөрч байгаа юм. Бусад бүх улс Тель-Авив хотыг Израиль улсын нийслэл гэж үздэг бөгөөд одоогийн байдлаар тус хотод 86 улсын дипломат төлөөлөгчийн газрууд ажиллаж байна. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн арван жилийн туршид Израилийн эрх баригчид дэлхийн улс орнуудад хандан ЭСЯ-даа Иерусалим хот руу нүүлгэхийг цөхрөлтгүй уриалсаар байгаа юм.

 

ЭСЯ-г нүүлгэх асуудал 22 жилийн дараа шийдэгдэв  

 

АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалимд шилжүүлэх тухай хуулийг бүр 1995 онд Конгресс дэмжин баталсан юм. Харин тухайн үеийн Ерөнхийлөгч Б.Клинтон Ойрхи Дорнодод байдлыг хурцатгахаас болгоомжлон, уг хуулийг хэрэгжүүлж эхлэх хугацааг хойшлуулсан ажээ. Түүний дараа сонгогдсон Ж.Буш, Б.Обама нар ч мөн адил ЭСЯ-ыг шилжүүлэх асуудалд хориг тавьж байв. 

 

Ийм байдал үргэлжилсээр 2017 оны 6 дугаар сард АНУ-ын Сенат дээрх хуулийг хэрэгжүүлэхийг Д.Трампын засаг захиргаанд уриалсан тогтоолыг баталжээ. Энэ оны 5 дугаар сарын сүүлчээр Трамп өмнөх ерөнхийлөгч нарын тавьсан хоригийг 6 сараар сунгах шийдвэр гаргаад, хоригийн хугацаа дуусмагц өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөх тухай мэдэгдэл хийсэн нь ийнхүү олон улсад дуулиан тариад байгаа юм.

 

Д.Трамп ийм шийдвэр гаргаснаараа Б.Обамагийн үед хүйтэн хөндий болоод байсан АНУ-Израилийн харилцааг эерүү зөөлөн болгох гэж оролдож байгаа нь илт байна.

 

Нөгөө талаас, АНУ-ын эрх баригчид Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн нь Палестин-Израилийн хэлэлцээний явцад элдэв болзол нөхцөл тулгалгүй, дуулгавартай байхыг арабуудад санууллаа гэж үзэж буй ажиглагчид бий.

 

Үүнээс гадна, АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд огцом алхам хийх хоёр томоохон шалтгаан байгааг тоймчид олж харжээ.  

 

Юуны түрүүнд дурдахад, Трампын охин Иванка, хүргэн Ж.Кушнер хоёр бол Израиль-Палестины хямралыг зохицуулах үүргийг хүлээн Цагаан ордонд сууж буй гол хүмүүс юм. Тэд иудын шашин шүтдэг ба Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху-тай тун дотно харилцаатай гэнэ.

 

Нөгөөтэйгүүр, АНУ-д амьдардаг 60 сая гаруй евангалист христүүд бол Трампыг дэмжигчдийн томоохон хэсгийг бүрдүүлдэг. Тэд Израилийг өмгөөлөн хамгаалах бодлогыг тууштай дэмждэг учраас Иерусалимыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрсөн явдлыг “түүхэн үйл явдал” хэмээн үнэлж, ийм шийдвэр гаргасан Трампыг бараг л бурханчлан шүтэж байна.

 

Д.Трампын шийдвэрийн үр дагавар 

 

Нэр хүндтэй бизнес эрхлэгч хүн учраас бусдад өгсөн амлалтаа заавал биелүүлэхээр зүтгэдэг сайн чанар Д.Трампад бий. Тэрбээр гадаад бодлого, гадаад харилцааны тал дээр сонгогчдод өгсөн амлалтуудаа эхнээс нь хэрэгжүүлээд эхэлчихсэн билээ. Тухайлбал, лалын шашинт 7 орноос цагаачдыг хүлээн авахгүй, ногоон картыг цуцална, Мексикийн хилийн дагуу хана барина, Ираны цөмийн асуудлаарх гэрээг эргэн харна, Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрээс гарна, гадаад худалдаа АНУ-д алдагдалтай байгааг засч залруулна гэх мэтчилэн олон амлалт өгснийг уншигчид сайн мэдэж байгаа.

 

Энэ удаагийн ээлжит дуулиан болох Иерусалимын талаарх АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр нь зарчмын хувьд юуг ч өөрчлөхгүй боловч түүний сөрөг үр дагавар нь нэлээд ноцтой байж магадгүй юм.

 

Мэдээж хэрэг, уур хилэнд автсан палестинчууд, арабууд гудамжинд гарч, жагсаал цуглаан хийнэ. Энэ нь даамжирсаар ХАМАС-ын удирдагчийн уриалснаар интифад бослого хувирч, олон хүний цус урсч магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүний зэрэгцээ Трампын шийдвэрт "гомдсон" лалын шашинтнууд гадаад орнууд дахь АНУ болон Израилийн дипломат төлөөлөгчийн газрууд руу, хоёр орны жуулчид руу халдаж магадгүй байгаа нь тун аюултай. Арабуудын уур хилэнг далимдуулан ашиглах гэсэн террористууд юуг ч сэдэж болзошгүй.  

 

 

Нөгөөтэйгүүр, Зул сарын баярын өмнөхөн гарсан Д.Трампын шийдвэр нь Европын томоохон хотууд, Ойрхи Дорнод дахь /ялангуяа Египетэд/ христийн шашинтнууд олноороо амьдардаг газруудад террорист халдлага болох магадлалыг улам өндөр болгож байгаа юм. 

 

Трампын шийдвэрийг глобал түвшинд харж дүгнэвээс, америкчуудын Умард Солонгостой хийж буй сөргөлдөөн цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй байгаа энэ үед Ойрхи Дорнодод дахиад нэг “халуун цэг” үүсгэж, "хоёрдахь фронт" нээх нь цагаа олоогүй үйлдэл болохыг ажиглагчид хэлж байна. 

 

Эцэст нь дүгнэхэд, Арабын ертөнцөд шил дараалан гарсан өнгөт хувьсгалуудын сүр дуулианд дарагдан түр намжаад байсан Израиль-Палестины сөргөлдөөнийг Д.Трампын дуулиант шийдвэр дахин сэдрээх бололтой.

 

 

Б.Адъяахүү  

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Шүүх: МХЕГ-ын байцаагчдыг цагдан хорих шийдвэр гарсан
Шүүх: МХЕГ-ын байцаагчдыг цагдан хорих шийдвэр гарсан
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​