Брент газрын тосны ханш өсчээ


Брент маркийн газрын тосны ханш Лондоны биржид баррель тутам нь 80 ам.доллар хүрч, сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь дээд үнийг тогтоожээ. ОПЕК буюу газрын тос олборлогч орнуудын нийгэмлэг олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөгүй байгаагийн дээр АНУ-ын Ираны эсрэг хориг олон улсын зах зээлд газрын тосны хомсдолд хүргэж болзошгүй гэх болгоомжлол үүссэнээр газрын тосны үнэ өссөн байна. Брент маркийн газрын тосны үнэ 2014 оны арваннэгдүгээр сард 81 ам.доллар давсан удаатай. Харин WTI маркийн газрын тос 71.89 ам.долларт хүрчээ. Нефтийн үнэ ийнхүү эрчимтэй өссөн нь ОПЕК буюу газрын тос олборлогч улсын байгууллага болон тус байгууллагын гишүүн бус хэд хэдэн орны сайд нарын хорооны Алжирт хийсэн хуралдааны үр дүнтэй холбоотой аж. ОПЕК-ийн бүлгийн орнууд газрын тосны үнийг бууруулах зорилгоор хар алтны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаас татгалзаж байгаа юм. Тус нийгэмлэг газрын тосны ханшийг барихын тулд олборлолтоо хязгаарлаж эхэлсэн.

Томоохон газрын тос олборлогчид дунд олборлолтоо танах зөвшилцөл үйлчилж байсан бол өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОПЕК-ийн бүлгийн орнуудад хандан газрын тосны үнийг бууруулахыг шаардсан. “Бид Ойрхи Дорнодын орнуудыг хамгаалж байгаа. Бидэнгүйгээр тэд богино хугацаанд ч аюулгүй байдлаа хадгалж чадахгүй. Гэсэн ч тэд газрын тосны үнийг өсгөсөөр, нэмсээр байна. Бид үүнийг нь мартахгүй” гэж Дональд Трамп твиттер хуудсандаа жиргэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн шаардлагын хариуд Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид аль-Фалих “Бид газрын тосны ханшид нөлөөлөөгүй” гэж мэдэгджээ.

Б.Саруул


Энэ мэдээ таалагдаж байвал: