Ерөнхийлөгчийн зарласан системийн шинэчлэлд УИХ бэлэн үү


Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл багтаад байгаа. Гурав дахь чуулгантайгаа  золгож буй уг хуулийн төсөл энэ чуулганы анхаарал татсан асуудлын нэг мөн юм.

Түүнчлэн чуулганыг нээлтийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Бид нийтээрээ засаглалын тогтолцооны мухардал, хямралыг гэтлэн давах шийдлийг олж, нийгмээрээ зорилгоо шинээр тодорхойлохгүй юм бол цааш­даа ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Манай одоогийн тогтолцооны чадвар, боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ.

Би Ерөнхийлөгч болсноосоо хойш маш олон улстөрч, улс төр суд­лалын эрдэмтэдтэй уулзаж, энэ асуудлыг нухацтай авч үзсэний дүнд тогтолцооны хямралыг гэтлэх санал, шийдлүүдийг эрхэм гишүүд та бүхэнд болон Монголын сонгогчид, нийт ард түмэнд толилуулахаар шийдлээ. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй юм байна” гэсэн юм. Мөн “2018 оны есдүгээр сарын 26-29-нд хийгдсэн улс төрийн барометрийн судалгаагаар 10 онооны үнэлгээнээс иргэдийн УИХ-д итгэх итгэл 3.3 хувь, Засгийн газарт үзүүлэх итгэл 4.5 хувь байна. Ард түмний төр засагтаа итгэх итгэл үндсэндээ алга болжээ. Төрийн институцүүд дундаж болон дунджаас доогуур үнэлгээтэй байна гэдэг нь итгэлцлийн хямрал эрсдэлт нөхцөлд байгааг зааж байгаа үзүүлэлт. Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ” гэсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы индэр дээрээс Үндсэн хуулийн асууд­лыг хөндсөн нь уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар батлуу­лахын төлөө шахаж ажиллах юм байна гэдэг мэссэжийг өгч байгаа. Нөгөө талаар мөн түүний тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай гэж хэлсэн нь олон нийтийн дунд “Ерөнхийлөгчийн засаглал руу явах нь” гэдэг яриаг ч гаргаад байгаа билээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах жур­мын тухай хуульд зааснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төс­лийн заалт тус бүр УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос хувийн санал авч байж батлагдах ёстой. Энэ өнцгөөс харвал өнөөгийн УИХ 75 гишүүнтэй, түүний гуравны хоёр нь 50 гишүүн болно. Бид энэ дугаартаа УИХ-ын 50 гишүүний байр суурийг хүргэж байна. Дашрамд сонирхуулахад, Үндсэн хуулийн асуудлаар найман гишүүн байр сууриа илэрхийлэхээс татгалзсан бол өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд 65 гишүүн оролцсон билээ.

М.Энхболд:
-Төрийн чадавхийг сайж­руулах талаар олон жил ярилаа. Гэвч үр дүн бага байгааг нуух хэрэггүй. Тиймээс эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна. Энд юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багтана. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай бол ямар чиглэлээр оруулах вэ гэдгийг хоёр жилийн хугацаанд судалж, эрдэмтэн мэргэд, ард иргэдтэйгээ зөвлөлдсөн. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, иргэдийнхээ саналыг авснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон. Өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоонд тохиож буй саад бэрхшээл, хөгжлийн бодлого, хариуцлагатай, шударга засаглалыг төлөвшүүлэх зорилтыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэгт иргэдийн дийлэнх олонх нь санал нэгдэж байгаа.
2018.10.01

Г.Занданшатар:
-Үндсэн хуулийг өөрчлөх талаар 26 жил ярьсан. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хоёр жил орчмын хугацаанд ард иргэдээс санал авч, яриа, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулсан. Үүний үр дүнд хуулийг өөрчлөхөөр 67 гишүүн гарын үсэг зурсан байна. Ард түмний хамгийн их ярьсан, ирүүлсэн саналуудыг хуулийн төсөлд оруулсан. Нийт 350 мянга гаруй санал ирсэн. Үүнээс их давтамжтайгаас нь дурдвал, сумын Засаг даргыг иргэд сонгодог байх санал байсан. Тиймээс сум, аймаг, хотын даргыг ард түмнээс сонгодог болох заалт оруулж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт нь засаглалын тогтолцоог бэхжүүлэх, хариуцлага сайжруулах, төрийн албыг тогтвортой болгохуйц эдийн засаг, улс төрийн ач холбогдолтой хууль болсон учир 67 гишүүн гарын үсэг зурсан юм. Цаашдаа энэ тоо өсөх байх.
2018.08.22

Л.Энх-Амгалан:
-Өнгөрсөн 27 жилд бидний сонгосон зах зээлийн нийгэм, засаглалын хямралаас болж Монгол Улс хөгжих ёстой төвшиндөө хүрсэнгүй гэж ярьж байгаа. Монголын хөгжихгүй байгаа гол шалтгааныг ч засаглалын хямрал гэдгийг ойлгож байна. Учир нь, өнгөрсөн 27 жилийн турш үндсэндээ 15 Засгийн газар, дунджаар 1.3 жил ажилласан байна. Энэ хугацаанд ямар ч Засгийн газар ажил хийж, хэрэгжүүлэх боломжгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт, манайх анхны Үндсэн хуулиараа парламентын засаглалыг сонгосон боловч харамсалтай нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын засаглалын эрх мэдлийг тодорхой заагаагүй. Бусад улс орны жишгээс харахад 16-20 жил тутамд Үндсэн хуулиа өөрчилдөг юм билээ. Тиймээс бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй эхлүүлэх, жинхэнэ сонгодог парламентын тогтолцоо руу орох ёстой. Ерөнхийлөгч парламентаа сонгодог, Ерөнхий сайд нь парламентаа тараадаг, Засгийн газрын гишүүдээ сонгодог эрх мэдэлтэй байх ёстой.
2018.10.05

Д.Эрдэнэбат:
-Ерөнхийлөгчийг ийм, тийм засаглалтай болъё гэж хэлсэн гэж ойлгоогүй. Тогтолцооны асуу­дал өөрөө улс орны нөхцөл бай­дал, хүн ам, эдийн засаг зэрэг олон зүйлээс шалтгаална. Ардчил­сан намын бүлэг энэ асуу­далд нухацтай ярилцаж, судалгаа хийж байж шийдвэр гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
2018.10.01

С.Эрдэнэ:
-Ерөнхийлөгч ямар засаглал ярьж байгаа нь тодор­хой бус байна. Ерөнхийдөө тогтолцоо­гоо өөрчлөх ёстой, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн зүйл ярьсан гэж ойлгож байна. Би хувьдаа Ерөнхий­лөг­чийн засаглалыг дэмждэг­гүй. Манайх шиг улсад парла­ментын засаглал нь илүү тохиромжтой.
2018.10.01

С.Чинзориг:
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. УИХ-ын 67 гишүүн өөрчлөхийг дэмжиж гарын үсэг зурсны нэг нь би. Миний баримталж байгаа байр суурь засаглалын тэнцвэртэй байдлыг яаж бий болгох вэ, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох зэрэг асуудлыг маш сайн ярих ёстой. Боловсролын асуудал гэхэд төр Засгийн газар нь юугаа хариуцах ёстой юм бэ. Аймаг орон нутгийн Засаг дарга нь юугаа хариуцах вэ гэдгийг маш тодорхой болгох ёстой. Хоёрдугаарт, засаглалын хэлбэрээ тодорхой болгох хэрэгтэй. Манайх парламентын засаглалтай гэдэг ч яг сонгодог парла­ментын засаглал руу явж чадахгүй байна. Тиймээс парла­ментаа боловсронгуй болгох нөгөө талдаа Ерөнхий сайдын Засгийн газрын гишүүнээ сонгох эрхийг нээж өгөх нь зөв юм.
2018.10.05

Ц.Нямдорж:
-Уг нь хоёр их гүрний дунд байгаа цөөхөн хүнтэй, асар их нутагтай, байгалийн баялаг их­тэй орны хувьд дарангуйлалд орохгүй байх, эрсдэл талаа­­саа парламентын засаглал нь дээр. Гэтэл пар­ла­мен­тын бүрэлдэхүүн бүтцээс шалт­гаалж, асах их шүүмжлэлд өртөөд амаргүй байдалд орчихлоо. Ерөн­хийлөгчийн засаглалд шилжихээр удирдлага талаасаа шуурхай. Гэхдээ овилгогүй этгээд гарч ирээд дуусгачих юм болов уу гэж айдас төрж байгаа юм. 1990 оны хөдөлгөөн нэг хүний засаглалын хэлбэрээс холдсон шийдэл байсан. 20 гаруй жилийн дараа аль нэг рүү нь орох гэхээр шийдвэрээ гаргаж чадахгүй байна. Би хувьдаа “Ард түмнээс алийг нь сонгох вэ” гэдгийг асуучих гэж байгаа. Парламентын засаглалтай байя гэвэл тэрэнд нь тохируулаад Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодгоо болъё. Ерөнхийлөгчийн засаглалтай байя гэвэл түүнийг нь ард түмнээс сонсъё. Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэж ард түмэн шийдчихвэл хуулийг нь түүнд нь тохируулаад бичих нь хэдэн өдрийн техникийг чанартай ажил. Ингэж нэг талдаа гарах хэрэгтэй.
2018.10.04

Я.Содбаатар:
-Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх нийгмийн захиалга, шаардлага байна. Ерөнхийлөгч намрын чуулганы нээлтийн үеэр МАН-ын бодлогыг дэмжиж үг хэллээ. Ерөнхийлөгч системийн шинэчлэл хийе, тогтолцоондоо асуудал байгаа юм байна гэсэн. Үүнээс үзэхэд Төрийн тэргүүн хийгээд МАН-ын онош нэг байгаа. Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж байж олон зангилааны учиг тайлагдана. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэгдүгээрт, төрийн тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй байна. Төрийн тогтолцоо нь өөрөө нийгмийн хөгжлийн харилцаа, эдийн засаг, хүний хөгжлийн харилцаандаа чөдөр болдоггүй, түүнийгээ дэмждэг механизм байх ёстой. Одоо хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын тогтолцоо нь эдийн засгийнхаа хурдыг гүйцэхгүй, манлайлж явах ёстой функц нь чагталж зогсоох, асуудал шийддэггүй байх үүд хаалга болчихоод байна л даа. Тийм учраас асуудал шийддэг, ил тод байдаг иргэдийн оролцоог хангадаг тогтолцоо руу юуны өмнө шилжих хэрэгтэй. Хувь гишүүний хувьд сонгодог парламентын тогтолцоо руу явах ёстой гэж харж байгаа.
2018.10.02

Д.Хаянхярваа:
-Үндсэн хуулийн өөрчлөл­төөр Ерөнхий сайд, Засгийн газ­рын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлтэй байгаа. Бид л “Тогтол­цооны гажуудал болоод байна” гэж ярьж байгаагаас биш үнэндээ Үндсэн хуулиар Ерөн­хийлөгч, Засгийн газар, УИХ-ын эрх мэдлийг маш тодорхой  зааж өгсөн. Харамсалтай нь, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр 40 орчим хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Үүнээс үүдэж эрх мэдлийн хуваарилалт тодорхойгүй болсон. Тиймээс Үндсэн хуулийг номоор нь хэрэгжүүлэхийн тулд бусад нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудыг эргэн ха­рах ёстой гэж би хувьдаа үздэг. Манайх шиг цөөн хүн амтай улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй. Хэт даран­гуйлал тогтох үндэстэй гэж үздэг. Энэ миний хувийн бодол.
2018.10.01

Х.Баделхан:
-Ер нь засаглалын хувьд парламентын, Ерөнхийлөгчийн засаглалтай гэсэн хоёр хувилбар байгаа. Би хувьдаа парламентын засаглалтай байх нь зүйтэй. 1992 онд баталсан парламентын засаглал амьдралд маш ойрхон байсан. Энэ удаа өргөн барьж байгаа хуулийн төслийг нэлээд сайжирна гэж үзэж байгаа. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бүх намын саналыг авч, нэг дуу хоолойгоор батлах ёстой. Ерөнхий сайд байвал Ерөнхий сайд шиг байх хэрэгтэй. Ядаж л сайд нараа мэддэг байх шаардлагатай. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь зөв.
2018.10.05

Ч.Хүрэлбаатар:
-Д.Лүндээжанцан нарын гишүүдийн боловсруулсан хуу­лийн төслийг дэмжиж бай­гаа. Өөрөөр хэлбэл, одоо­гийн бай­гаа парламентын засагла­лыг боловсронгуй болгох хэрэгтэй.  
2018.10.05

Ц.Цогзолмаа:
-Тусгаар тогтнолын хамгаалалт, билэг тэмдэг болсон Үндсэн хуулиа ойр ойрхон өөрчлөх нь улс орны тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй. Гэхдээ нийгэм хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед төрийн бүтцэд өөрчлөлт хийх шаардлага байгааг судлаачид, улстөрчид удаа дараа хэлж байгаа. Засаглалын хувьд хамтаараа шийдвэр гаргадаг парламентынх нь сонгодог хувилбар. Гэхдээ хүн амынхаа судалгаанд суурилан, дэлхийн жишгийг харгалзан парламентын гишүүдийг тоог анхаарах нь зөв.
2018.10.05

Н.Энхболд:
-Би Үндсэн хуулийн өөрч­лөл­тийн төслийг бэлтгэхэд анх­наас нь ажилласан. Одоо хэлэл­цэхээр бэлтгэж байгаа хуулийн төсөл бол олон удаа­гийн хэлэлцүүлэг, санал асуул­гаас гарсан хамгийн боловс­ронгуй хувилбар байгаа юм. Энэ удаагийн чуулганаар Үндсэн хуулийг орвонгоор нь эргүүлж, цоо шинэ хуультай болно гэж байхгүй. Хууль нь ч, цаг хугацаа болоод төрийн ажлын зарчмын хувьд ч шинэ Үндсэн хууль батлах боломжгүй. Харин тогтолцооны хувьд олон хувилбар байхгүй. Парламентын засаглалаа үргэлжлүүлэх үү эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу л гэсэн хувилбар бий. Бидний боловсруулсан хуулийн төслөөр парламентын засаглалаа боловсронгуй, шийдвэр гаргах  механизмаа оновчтой болгох юм.
2018.10.03

Н.Цэрэнбат:
-Манай улс парламентын засаглалтай байх ёстой. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн суурь зарчим нь парламентын засаглалтай байх юм. Цөөн хүн амтай, хоёр улсын нөлөөлөлд орно гэдэг бол хүмүүсийн эмоци байх. Ардчиллын зарчимд суурилсан Үндсэн хуулиа үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
2018.10.05

Д.Лүндээжанцан:
-Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлж, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх, УИХ-ын гишүүн давхар сайд байх тоог бууруулах зэрэг заалтуудыг оруулсан. Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгасан байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоосон.
2018.07.02

Ж.Энхбаяр:
-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын нэр хүнд нийгэмд туйлын хангалтгүй байгааг бүгд мэдэж байгаа. Тиймээс Үндсэн хуулийн реформ хийх зайлшгүй шаардлагатай. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, УИХ нь Засгийн газар, Засгийн газар нь УИХ ч юм шиг байдалтай байгааг бид сайн мэднэ. Ийм байдал нь улс орны хөгжлийг урагшлуулахгүй байна. Тиймээс засаглалын хэлбэрээ тодорхой болгох шаардлагатай. Тодруулбал, парламентын засаглалаа гүнзгийрүүлж, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг эрс хязгаарлах нэг хувилбар байна. Мөн Ерөнхийлөгч  Засгийн газраа бүрдүүлдэг байдлаар Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалыг бий болгох өөр нэг хувилбар байгаа. Гэхдээ манай улсын хувьд парламентын ардчиллаа гүнзгийрүүлэх нь  зүйтэй болов уу.
2018.10.01

Н.Оюундарь:
-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын институцийн эрх үүргийг Үндсэн хуулиар нарийвчлан тодорхой болгох хэрэгтэй. Үндсэн хуулийг баталснаас хойш тодорхой өөрчлөлтүүд оруулсан ч институцийн өөрчлөлтийг нарийн хийгээгүй. Миний бодлоор парламентын засаглалаа бэхжүүлэх нь зөв. Монгол Улс хүссэн хүсээгүй парламентын тогтолцоотой байх ёстой. Өөрөөр хэлбэл, хоёр том хөршийн дунд орших гурван сая хүн амтай манай улсын хувьд парламентын засаглалтай байхаас өөр аргагүй. Харин парламент нь хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн ажлаа чанартай хийх хэрэгтэй байгаа юм. Ингэхдээ төсвөөрөө дамжуулж Засгийн газраа хянана. Харин Засгийн газрын гүйцэтгэх ажилд парламент оролцохгүй байх нь зөв.
2018.10.03

Ж.Мөнхбат:
-Намрын чуулганы нээлтийн үеэр Монгол Улс 28 жилийн турш хэрэгжүүлсэн буруу сис­темээсээ гарах ёстойг Ерөн­хийлөгч, УИХ-ын дарга хоёулаа хэллээ. Хувь хүний хувьд надад итгэл найдвар төрсөн. Харин тогтолцоогоо хэрхэн өөрчлөхийг УИХ шийднэ. Ямартай ч олон жил ярьсан буруу системийг засах асуудал хэлэлцэхээр болж байна.
2018.10.01

Д.Дамба-Очир:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр олон нийтийн дунд зөндөө хэлэлц­лээ. Тиймээс УИХ-ын төвшинд хэлэлцэх нь зөв байх. Ялангуяа, засаг захиргааны нэгж Эрдэнэт, Дарханыг хотын статустай болгох асуудлыг сүүлийн 20 гаруй жил ярилаа. Тэгэхээр бид одоо олонх болсон дээрээ энэ өөрчлөлтийг хийхгүй бол 2020 онд амаа асуулгана. Боломж бидэнд байсан уу. Байсан. Шийдээгүй юу шийдсэн эсвэл шийдээгүй гээд явах хэрэгтэй.
2018.02.08

М.Оюунчимэг:
-Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд сонгодог парламентын засаглалтай байх нь чухал. Бид нэг хүний засаглал ямар аюултайг мэднэ. Тогтолцоонд гажуудал байхын хувьд байна. Төрийн гурван институцийн эрхийн ялгаа нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Парламент хууль баталж, хяналт тавьдаг болохоос томилгоо хийдэг байгууллага биш. Тиймээс Ерөнхий сайдад нь сайд нараа томилох эрхийг нь өгөх хэрэгтэй. Харин парламент Ерөнхий сайдтай хариуцлага ярьдаг байх нь зөв. Ерөнхийлөгч нь эв нэгдлийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлаа хангах гол үүргүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж Ерөнхийлөгчтэй зөвшилцөх харилцаа байна. Магадгүй хууль санаачлах эрх нь байж болно.
2018.10.03

М.Билэгт:
-Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв. Ялангуяа хууль хүчний байгууллагыг нэг талд гаргах хэрэгтэй. Улмаар Засгийн газрын эрхийг нэмэгдүүлж, гүйцэтгэх засаглалаа сайн хэрэгжүүлэхээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Тогтолцооны хувьд парламентын засаглалаа төгөлдөржүүлбэл зүгээр байх. Тиймээс 67 гишүүн дэмжиж, хэлэлцэхээр бэлтгэж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй.
2018.10.03

Л.Оюун-Эрдэнэ:
-Бид шинэ Үндсэн хуулиа батлаад 26 жил болсон байна. Тэр үед олон намын тогтол­цоотой, эрх чөлөөт, эрх зүйт төр байх ёстой гэж Үндсэн хуулиа баталсан. Одоо бид тогт­вортой засаглал, удаан хугацааны төлөвлөлт болоод нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэхээр Засгийн газар удаан засаглах боломжгүй болчихоод байна. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, ард түмнээс сонгогдсон парламентаас гарсан Ерөнхий сайд хоёрын дунд байнга зөрчил үүсдэг болсон. Тиймээс одоо сонгодог Ерөнхийлөгчийн эсвэл сонгодог парламентын засаглалын нэгийг нь сонгох хэрэгтэй. Миний хэлсэн үгний нэг хэсгийг нь тасалж аваад хэвлэлээр мэдээлсэн байсан. Миний хувьд парламентын засаглалыг дэмждэг хүн. Хоёр том гүрний дунд байгаа манай улсын хувьд парламентын засаглалтай байх нь зөв.
2018.10.05

Х.Нямбаатар:
-Бид Үндсэн хуулийг өөрчлөх ёстойг удаан хугацаанд ярьж байна. Ингэхдээ сонгодог парламентын эсвэл сонгодог Ерөнхийлөгчийн засаглалын нэгийг сонгох нь зөв. Миний хувьд Ерөнхийлөгчийн засаглал нь эрсдэлтэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, ардчилсан бус дэглэм рүү хөтөлж оруулна. Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улс орнууд 1993 оноос хойш тус тусын Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтносон. Үүнээс хойш нэг, хоёр орныг эс тооцвол удирдагч нар нь солигдоогүй. Энэ нь ямар дэглэм рүү явж байгааг тодорхой харуулж байгаа юм. Бид сонгодог парламентын засаглалтай болохыг хүсч байна. Хоёр том хөршийн дунд улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилалд ухралт хийхгүйн тулд парламентын засаглал руу шилжих нь зөв.
2018.10.05

О.Баасанхүү:
-Аль ч үед нам тогтолцоог бүрдүүлдэг. Нам нь цэвэр­шээгүй тохиолдолд сонгодог парла­мент, Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь ямар ч хамаагүй. Төрийг хүн л удир­дана шүү дээ. Тиймээс бид Улс төрийн намын тухай хуулиа сайжруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, намын тухай зөв хуультай болох ёстой. Дараа нь одоо яриад байгаа засаглалын тогтолцоогоо шинэчлэх нь зөв.
2018.10.01

Ж.Батзандан:
-Системийн хямрал сэдвээр судлаачид, намын бүлгийн­хэнтэй хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулсан. Системийн хямрал, түүнээс гарах гарцыг хайх цаг болсон гэдэгтэй 100 хувь санал нэгдэж байгаа. Төрийн гурван өндөрлөг ч хэлсэн үгэндээ системийн хямралаас гарах талаар дурдлаа. Одоо арга зам, агуулгуудыг нь зөв гаргах хэрэгтэй. Би хувь хүн, улстөрч, судлаачийнхаа хувьд сонгодог парламентын тогтолцоотой болох ёстой гэж бодож байна. Сонгодог парламентын засаглалтай орнууд хүчтэй Засгийн газартай байдаг. Сайд нараа өөрөө томилдог, хариуцлага алдсаныг нь чөлөөлдөг байх эрхийг Ерөнхий сайдад олгох ёстой.
2018.10.01

А.Ундраа:
-Улс орны ирээдүйн эрх ашгийн үүднээс Үндсэн хуулийг өөрчлөх зориг гаргах хэрэгтэй гэж бодож байна. Чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй санал нэг байгаа. Тогтолцооны өөрчлөлт хийх шаард­лага байгааг олон жил ярьсан. Парламентын засаглал нь манай улсын хувьд илүү зохимжтой гэж боддог. Парламентын засаглалыг төгөлдөр­шүүлэх, шийдвэр гаргах процессыг тодорхой болгох шаардлага зайлшгүй байна. Манай улс засаглалын холимог хэлбэртэй байгаа нь шийдвэр гаргах явц тодорхойгүй болж байгаа юм. Энэ утгаараа хариуцлага хүлээх эзэн тодорхойгүй, улс төрийн намуудын нэр хүнд унаж байна.
2018.10.05

Ц.Мөнх-Оргил:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бэлэн болчихсон. Үүнийг ард нийтийн санал асуулгын хүрээнд дэмжвэл хэлэлцээд явна. Түүнээс биш хэдэн гишүүн гарч ирээд үүнийг больё, тэрийг нэмье гээд дураараа ажиллах юм байхгүй. Энэ өөрөө хуультай шүү дээ. Хууль хуульдаа Үндсэн хуулийн реформын асуудал учраас сэтгэлийн хөдөлгөөнөөр эсвэл аль нэг намын хувь хүний амбицад баригдаж шийдэгдэх асуудал биш юм.
2018.10.05

Б.Баттөмөр:
-Ерөнхийлөгч улс хөгжихгүй, асуудлыг шийдвэрлэхгүй, ямар ч мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй байгаа учраас тогтолцоогоо өөрч­лөх ёстой гэсэн үг хэлсэн. Би үүнтэй санал нэг байгаа. Тог­тол­цоогоо зөв сонговол улс орон хөгжөөд л явна. Сахилга, хариуц­лагатай байвал одоогийн тогтолцоогоор ч явах боломжтой. Гэхдээ одоогийн тогтолцоо үр дүнгээ өгөхгүй учраас шинэ тогтолцоонд шилжих нь зүйтэй. Миний бодлоор дээд, доод хоёр танхимтай парламентын засаглал, хүчтэй Засгийн газартай байх тогтолцооны загварыг зөв гэж ойлгодог.
2018.10.05

О.Батнасан:
-Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв. 1992 онд баталсан Үнд­сэн хууль 30 орчим жилийн нүүр үзэх гэж байна. Тухайн үеийн улс төр, эдийн засаг, нийг­мийн байдал өнөөгийн төв­шин­тэй харьцуулахад өөрч­лөхөөр зүйлүүд байна л даа. Өөрч­лөхдөө судалгаатай, ард нийтийн саналуудыг оновч­той тусгах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байгаа. Төрийн эрх мэд­лийн хуваарилалтын ялгааг тодорхой гаргаж өгөх хэрэгтэй. Гүйцэтгэх засаглалыг чадавхжуулахаар Үндсэн хуульд нэлээд том өөрчлөлт орох болов уу гэж бодож байна. Манай улс парламентын засаглалтай байх нь зөв гэж бодож байна.
2018.10.05

Б.Чойжилсүрэн:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчөлт оруулах хувилбарыг гаргасан байна лээ. Үүнээс нэг асуудлаар хариулах боломжгүй.
2018.10.05

Ц.Гарамжав:
-Үндсэн хуульд цаг үеийн шаардлага, нийгмийн тогтолцоо­ноос шалтгаалан өөрчлөлт оруу­лах шаардлагатай гэж ард түмэн, УИХ-ын гишүүд үзэж байгаа. Мөн сүүлийн үед засаг­лалын өөрчлөлтийн талаар яриа гарч байна. Гол нь бид хагас парламент, хагас Ерөнхийлөгчийн асуудлуудаа Үндсэн хуулиараа шийдвэрлэж цаашдаа хөгжлийн хамгийн ардчилалтай, ард түмнийхээ төлөө ажилладаг зөв засаглалыг тогтоох ёстой. Миний бодлоор үүнд сонгодог парламентын засаглал тохирно.
2018.10.05

Л.Энхболд:
-Өнөөдөр хагас парламент, хагас Ерөнхийлөгчийн засаглал­тай байгаад байна шүү дээ. Тийм ч болохоор ард түмнээсээ засаглалын хэлбэрийг асуух тухай асуудал ч яригдаж байна. Ер нь тэгж асуугаад тодор­хой болгоод аль нэг засаглалыг нь төгс хэрэгжүүлэх хэрэгтэй. Миний хувьд парламентын засаглал хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Томилгоо, хууль санаачлах гээд бүх зүйл дээр эрх мэдлийн хуваарилалттай байгааг нэг мөр шийдэх ёстой.
2018.10.03

Ш.Раднаасэд:
-Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй хэрэгтэй. Одоо Ерөн­хий­лөгч болоод парламентын хосолмол засаглалтай харагдаж байгаа боловч яг үнэндээ харилцан бие биедээ хяналт тавьдаг гэхээсээ илүү харилцан дэгээ тавьдаг байдал руу орчихсон. Би парламентын засаглал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа гэж боддог. Хэрэв энэ улсын тусгаар тогтнолыг нэг хүний гарт өглөө гэхэд хэзээ нэгэн цагт хэн нэгэн чөтгөр тэнд гарч ирвэл юу болох вэ.  
2018.10.04

Т.Аюурсайхан:
-Манайх парламентын эсвэл хагас Ерөнхийлөгчийн засаглал­тай мэт ийм тогтолцоотойгоор явж байгаа. Энэ нь ч улс орны хөгжилд тээг садаа болсоор ирсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн эсвэл парламентын засаглал гэвэл сонгодог парламентын засаглалыг авч аль нэг талд нь шийдээд түүгээрээ явах ёстой. Одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хэд хэдэн сайн заалт байгаа. Гэхдээ сонгуулийг эргээд пропорционал болгох эрсдэлтэй заалт байсан.
2018.10.03

Н.Амарзаяа:
-Үндсэн хуулийг боловс­руулж, баталж байсан үеэс хойш 26 жил өнгөрчээ. Энэ хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн. Төрийн институцийн хувьд ч эрх үүргийг нь тодорхой болгох шаардлага тулгараад байна. Тиймээс одоо хэлэлцэхээр бэлтгэж байгаа хуулийн төслөө дэмжиж баталсан нь зөв.
2018.10.05

Ж.Бат-Эрдэнэ:
-Реформ хийнэ гэж ярьж байна. Реформ хийнэ гэдгийг Үндсэн хуультай холбож ойлгох­гүй байна. Реформын гол үндэс нь намуудын байр суурийг өөрч­лөх, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулснаар хууль тогтоох байгууллага өөр өнцгөөс ажилладаг болох ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, функцээ зөв болгох асуудал орж ирнэ. Гол асуудал нь Ерөнхий сайдын эрх үүргийг зөв болгоход анхаарах ёстой. Ер нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байхад байр суурь нэг байгаа.
2018.10.05

Ч.Улаан:
-Үндсэн хуулийг өөрчлөх асууд­лаар олон нийтээс санал авахад өөрчлөх ёстой гэж дийлэнх олонх нь санал өгч байна гэсэн дүгнэлт танил­цуулж байсан. Ард түмэн ийм санал өгсөн бол өөрчлөлт хийх шаард­лагатай. Гэхдээ ямар хэлбэртэй байхыг хэлж мэдэхгүй байна. УИХ-ын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч яг ийм хэлбэрийг сонгоё гэж тодорхой хэлээгүй. “Эрс шинэчлэлт хийе. Өнөөгийн байдлаа засаж залруулъя” л гэсэн. Би хувьдаа парламентын засаглалаа боловсронгуй болгоод явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийх нь зөв юм.
2018.10.03

Д.Тогтохсүрэн:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг судлах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэгт би ажиллаж байгаа. Бид жил гаруй хугацаанд олон удаагийн хурал зөвлөгөөн хийж, нэлээд санал авсан. Үндсэн санал бэлэн болсон байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлд өөрчлөлт хийх хэрэгтэй. Засаглалын хувьд парламентын засаглал манай улсад хамгийн хэрэгтэй гэсэн хувь хүний байр сууртай байна. Харин үүнийгээ боловсронгуй, хариуцлагатай, чадавхтай болгоход чиглэсэн өөрчлөлтүүдийг хийх ёстой.
2018.10.03

Ё.Баатарбилэг:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр тодорхой ярья. Тогтолцооны хувьд манай улс парламентын засаглалтай байх нь зөв.
2018.10.05

Д.Оюунхорол:
-Нэгдүгээрт, Монгол Улс парламентын засаглалтай байх нь зөв. Хоёрдугаарт, жин­хэнэ утгаараа парламентын засаг­лал­тай байхын тулд Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ өөрөө томилдог, парламен­тын­хаа өмнө хариуц­лага хүлээ­дэг байх нь зөв юм. Магадгүй цаашдаа парламен­таас Ерөнхийлөгчөө томилдог схемийг оруулах нь парламентын засаглалтай улсын жишигт нийцнэ. Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүн хийхийг хориглох асуудлыг ярьж байгаа. Миний хувьд ч УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг салгах нь зүйтэй гэж бодож байна.  
2018.10.03

С.Бямбацогт:
-Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Эрх мэдлийн хуваа­рилалт, засаглалын тогтол­цоогоо боловсронгуй болгохгүй бол явж ирсэн тогтолцоо гацаж байна. Үүнийг зөвхөн өнөөдөр ч биш өнгөрсөн 28 жилийн үйл явдал харуулж байгаа. УИХ-ын 76 гишүүн нь хоорондоо талцдаг, хэт эрх мэдэлтэй, Ерөнхийлөгч, Засгийн газар нь эрх мэдлээ булаацалддаг, төрийн гурван институц нь хоорондоо зөрчилтэй явсаар ирсэн. Хувь гишүүний хувьд парламентын засаглалаа сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байна.
2018.10.03

Х.Болорчулуун:
-1992 онд шинэ Үндсэн хууль баталсан. Энэ хууль муу хууль байгаагүй. Үүнийг явц дундаа дордуулчихсан юм. Энэ нь маш том алдаа болсон. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага нь холилдчихсон. Үүнээс засаглалын хямралын гол үндэс бий болдог. Иймд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гэхдээ шууд парламентын засаглалаас ухраад Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг таашаахгүй. Жижиг орны хувьд Ерөнхийлөгчийн засаглалтай байх хэцүү. Үндэсний аюулгүй байдал талаасаа шахалтад орох эрсдэлтэй учир парламентаа төгс, төгөлдөр болгох хэрэгтэй. Түүнээс гадна парламентын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай.
2018.10.03

С.Жавхлан:
-Сая тагнуулын алба иргэдийн дунд ямар их айдас төрүүлэв. Галт тэрэг замаасаа гарлаа, гаднын онгоц манай улсад буулаа гэх мэт айхтар хэрэг яригдаж байхад энэ хүмүүс нүдэн балай, чихэн дүлий зөвхөн өөрийнхөө эрх ашгийг яриад сууж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байна. Тиймээс Үндсэн хууль, засаглал зэрэг дараа дараагийн юмыг ярихаас илүү өнөөдөр болж байгаа улс, эх оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдаж энэ хүмүүсийг ажлаа хийгээч ээ гэж хэлмээр байна. Одоо хийж байгаа ажлаа мэдэхгүй байгаа гишүүдтэй тогтолцоо яриад нэмэргүй.
2018.10.05

Л.Мөнхбаатар:
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 67 гишүүн гарын үсэг зурсан байгаа. Намрын чуулганаар Ерөнхийлөгч мөн өөрчлөлт хийх зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн. УИХ дахь АН-ын гишүүд мөн энэ байр суурийг илэрхийлсэн. Тиймээс энэ намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэсэн хүлээлттэй байгаа. Энэ өөрчлөлтөөр төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим, түүний хэрэгжилтийг эргэн үзэж, тодорхой өөрчлөлтүүдэд санал нэгдэх байх. Ер нь гүйцэтгэх засаглалын эрх мэдэл, түүний зааг, харилцан хяналтыг тодорхой болгохгүй бол өнөөдрийн хямралтай байдал тогтолцооноос шалтгаалж байна. Иймээс Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх зайлшгүй шаардлага байна. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн эрх мэдэл, хамрах хүрээ, хязгаарын талаар авч үзэх байх.
2018.10.05

Н.Номтойбаяр:
-Ер нь хувь хүн энэ тогтолцоо зөв гэж ярьж болохгүй. Манай улс геополитикийн хувьд хаана байршдаг билээ. Хоёр их гүрний дунд байдаг. Хүн ам, эдийн засгийн нөхцөл байдал, адаглаад хүнсний аюулгүй байдлаа харахад нийт хүнсний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг гаднаас авдаг улс орны хувьд Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй. Харин парламентын засаглал олонхоороо шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ тогтолцоогоо хэвээр хадгалж болохгүй. Одоогийн тогтолцоонд Ерөнхийлөгч, парламент, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хувьд ч ойлгомжгүй байдал их байгаа. Үүнийгээ чиг үүрэг хариуцлага хүлээх чиглэлээр нь сайжруулах хэрэгтэй.
2018.10.05

Б.Наранхүү:
-Тогтолцоо гэхээс илүүтэй иргэдийн цалин хангамж муу байгаагаас энэ бүх асуудал ундарч байгаа юм. Тиймээс Үндсэн хуулиас илүү эдийн засгийг хэрхэн сайжруулах вэ гэдгээ анхаармаар байна. Хүүхдэдээ хоол өгч чадахгүй байгаа эхийн хувьд утаа 100 дахь асуудал нь. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал  бүр 1000 дахь нь болно. Тиймээс ямар ч гэсэн хүн бүрийн ходоод дүүрэн амьдралыг бий болгох ёстой гэж боддог. Сонгодог Ерөнхийлөгчийн, сонгодог парламентын засаглалтай байх нь мөн чанарын хувьд ялгаагүй. Үүний цаана хүн л байна. Ерөнхийлөгчийн засаглал нь зөв гээд баталчихвал үнэхээр муу хүн Ерөнхийлөгч болбол яах вэ. Тэгэхээр тогтолцоо нь ялгаагүй, харин хувь хүнтэй л холбоотой.
2018.10.05

Б.Энх-Амгалан:
-Ер нь Монгол Улс засаг­лалын хямралаа засах, сонгуулиа бүрэн дүүрэн явуула­хын тулд Үндсэн хуулийн өөрчлөл­тийг зайлшгүй хийх шаардлагатай. Дордуулсан долоон өөрчлөлтийг авч хаях ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэвэл МАН 64 гишүүнтэй байгаа энэ үед хийж чадах байх. Бусад үед улс төрийн намуудын талцлаас болж гацаадаг. Тиймээс бид төрийн ажлыг зөв, сайн явуулахын тулд эцэг хуульдаа хүрэх зайлшгүй шаардлага гарсан. Засаглалын хувьд парламентын тогтолцоотой байх хэрэгтэй.
2018.10.05

Л.Болд:
-Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг шууд хү­чингүй болгох хэрэгтэй. Түүнээс бусад заалтад өөрчлөлт оруулах шаардлагагүй. Хэрэв Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах бол жил бүр нэг асуудлаар буюу Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, тийм бол үүнийг яаж шийдэх вэ гэдгийг ард түмэн нэг жил хэлэлцээд, ойлголтыг нь нэгтгэж, санал асуулга явуулж, дараа нь Үндсэн хуульдаа суулгаж болох юм. Өнөөдөр шүүх засаглалын бие даасан байдлыг хангахад Үндсэн хуульд байгаа дутагдал юу байна. Тэгвэл үүнийг нь хэлэлцье зэргээр нэг удаа нэг өөрчлөлт, нэмэлтийг шийдэх ёстой. Гэтэл багцаар нь оруулаад, дунд нь янз бүрийн өөрчлөлт хавчуулж байна. Үүний цаана Монгол Улсыг улсын хувьд задлах гэсэн, хуйвалдааны засаглалаа бэхжүүлсэн, хулгай дээрмээ баталгаажуулсан өөрчлөлтийг хийх гэж байна.
2018.08.13

А.Сүхбат:
-Ер нь улс орны хөгжил дэвшил төрийн тогтолцоотой шууд хамааралтай юм байна гэдэг нь харагдаж байна. Ард нийтээрээ санал асуулга явуулж, нийтийн санал бодлыг нэгтгэж, шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Тоглоомын дүрэм тодорхойгүй болохоор улс орон хөгжихгүй. Үүнийгээ л бид засах ёстой. Үндсэн хуульд буюу бидний гол барьдаг дүрэм тодорхой байж гэмээнэ улс орон цаашаа хөгжинө. Засаглалын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж Ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байна.
2018.10.01

Д.Тэрбишдагва:

-Монголын төр гурван толгой­той гурван тийшээ харчихсан байгаа учир Үндсэн хуулиар тодорхой өөрчлөлт оруулж ажиллах ёстой. Парла­ментын засаглалтай улс орны жишгээс зөрж яваад байгаа учир үүнийг тодорхой хэмжээнд цэгцэнд нь оруулахгүй бол болохгүй байна. Миний хувьд парламентын засаглалыг зөв гэж үздэг. Ерөнхийлөгчийн засаглал бол байдаг л хэлбэр. Монгол Улсын хувьд парламентын засаглалд Засгийн газрын эрх үүрэг нь тодорхой байхгүй бол өнөөдөр 76 гишүүн Засгийн газрын тэргүүн шиг байдалтай байгаа нь буруу. Тиймээс Засгийн газар нь ажлаа хийсэн шиг хийдэг тогтолцоо буруу биш.
2018.10.01

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Sara · [103.212.119.73] · 2018/10/12

    Erunhiilugchiin zasaglaltai boloh ni zuv 76 bailaa geed asuudlaa shiideh garts bish harin ch avilgal ulam gazar avch tsetseglen hugjdug bololtoi


  • зочин · [139.5.218.119] · 2018/10/11

    Бүх юмны уг үндэс, хөрс, язгуур, суурь нь ӨМЧ гэдгийг агуу их К.Маркс 100 гаруй жилийн өмнө хөдөлбөргүй нотолоод түүнийгээ “Базис” гэж нэрлэжээ. Өөрөөр хэлвэл байшингийн суурь буюу фундамент нь “Базис”. Энэ “Базис” дээр улс төрийн тогтолцоо, хууль, ёс суртахуун, улс төрийн намууд, хүмүүсийн хоорондын харилцаа сүндэрлэн босдог гэдгийг бас 100 гаруй жилийн өмнө хөдөлбөргүй нотлоод түүнийгээ “Надстройка” гэж нэрлэжээ. Тэгээд “Базис” буюу ӨМЧ төрийн мэдэлд байвал улс хөгжинө, харин базис буюу ӨМЧ хувьд шилжвэл улс орон сүйрнэ гэж дүгнэжээ. Монгол улс хөгжихгүй байгаагийн цаад учир нь улс төрийн тогтолцоо, хууль, улс төрчид, намуудад бус харин төр ӨМЧГҮЙ болоснд байгаа юм. Өмчгүй төр бол гуйлгачин. Өмчгүй төр бол мөн чанартаа төр биш. Монгол улсын хөгжлийн цорын ганц гарц нь улс ардын аж ахуйн нэн чухал салбаруудыг (батлан хамгаалах, уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд) 100 хувьд төрд авах заалтыг Үндсэн хуульд оруулж ӨМЧИЙН их хувьсгал хийх явдал юм. Бүх юмны уг үндэс, хөрс, язгуур, суурь нь ӨМЧ гэдгийг агуу их К.Маркс 100 гаруй жилийн өмнө хөдөлбөргүй нотолоод түүнийгээ “Базис” гэж нэрлэжээ. Өөрөөр хэлвэл байшингийн суурь буюу фундамент нь “Базис”. Энэ “Базис” дээр улс төрийн тогтолцоо, хууль, ёс суртахуун, улс төрийн намууд, хүмүүсийн хоорондын харилцаа сүндэрлэн босдог гэдгийг бас 100 гаруй жилийн өмнө хөдөлбөргүй нотлоод түүнийгээ “Надстройка” гэж нэрлэжээ. Тэгээд “Базис” буюу ӨМЧ төрийн мэдэлд байвал улс хөгжинө, харин базис буюу ӨМЧ хувьд шилжвэл улс орон сүйрнэ гэж дүгнэжээ. Монгол улс хөгжихгүй байгаагийн цаад учир нь улс төрийн тогтолцоо, хууль, улс төрчид, намуудад бус харин төр ӨМЧГҮЙ болоснд байгаа юм. Өмчгүй төр бол гуйлгачин. Өмчгүй төр бол мөн чанартаа төр биш. Монгол улсын хөгжлийн цорын ганц гарц нь улс ардын аж ахуйн нэн чухал салбаруудыг (батлан хамгаалах, уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд) 100 хувьд төрд авах заалтыг Үндсэн хуульд оруулж ӨМЧИЙН их хувьсгал хийх явдал юм. Бүх юмны уг үндэс, хөрс, язгуур, суурь нь ӨМЧ гэдгийг агуу их К.Маркс 100 гаруй жилийн өмнө хөдөлбөргүй нотолоод түүнийгээ “Базис” гэж нэрлэжээ. Өөрөөр хэлвэл байшингийн суурь буюу фундамент нь “Базис”. Энэ “Базис” дээр улс төрийн тогтолцоо, хууль, ёс суртахуун, улс төрийн намууд, хүмүүсийн хоорондын харилцаа сүндэрлэн босдог гэдгийг бас 100 гаруй жилийн өмнө хөдөлбөргүй нотлоод түүнийгээ “Надстройка” гэж нэрлэжээ. Тэгээд “Базис” буюу ӨМЧ төрийн мэдэлд байвал улс хөгжинө, харин базис буюу ӨМЧ хувьд шилжвэл улс орон сүйрнэ гэж дүгнэжээ. Монгол улс хөгжихгүй байгаагийн цаад учир нь улс төрийн тогтолцоо, хууль, улс төрчид, намуудад бус харин төр ӨМЧГҮЙ болоснд байгаа юм. Өмчгүй төр бол гуйлгачин. Өмчгүй төр бол мөн чанартаа төр биш. Монгол улсын хөгжлийн цорын ганц гарц нь улс ардын аж ахуйн нэн чухал салбаруудыг (батлан хамгаалах, уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд) 100 хувьд төрд авах заалтыг Үндсэн хуульд оруулж ӨМЧИЙН их хувьсгал хийх явдал юм. Бүх юмны уг үндэс, хөрс, язгуур, суурь нь ӨМЧ гэдгийг агуу их К.Маркс 100 гаруй жилийн өмнө хөдөлбөргүй нотолоод түүнийгээ “Базис” гэж нэрлэжээ. Өөрөөр хэлвэл байшингийн суурь буюу фундамент нь “Базис”. Энэ “Базис” дээр улс төрийн тогтолцоо, хууль, ёс суртахуун, улс төрийн намууд, хүмүүсийн хоорондын харилцаа сүндэрлэн босдог гэдгийг бас 100 гаруй жилийн өмнө хөдөлбөргүй нотлоод түүнийгээ “Надстройка” гэж нэрлэжээ. Тэгээд “Базис” буюу ӨМЧ төрийн мэдэлд байвал улс хөгжинө, харин базис буюу ӨМЧ хувьд шилжвэл улс орон сүйрнэ гэж дүгнэжээ. Монгол улс хөгжихгүй байгаагийн цаад учир нь улс төрийн тогтолцоо, хууль, улс төрчид, намуудад бус харин төр ӨМЧГҮЙ болоснд байгаа юм. Өмчгүй төр бол гуйлгачин. Өмчгүй төр бол мөн чанартаа төр биш. Монгол улсын хөгжлийн цорын ганц гарц нь улс ардын аж ахуйн нэн чухал салбаруудыг (батлан хамгаалах, уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд) 100 хувьд төрд авах заалтыг Үндсэн хуульд оруулж ӨМЧИЙН их хувьсгал хийх явдал юм.


  • ЗОЧИН · [124.158.111.6] · 2018/10/11

    Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь хамгийн зөв гарц, дээр ярилцлага өгсөн хүмүүсийг харж байхад хөдөлмөрлөж байж хөрөнгөждөг гэдгийг мэдэхгүй бүлэглэн хуйвалдаж хөрөнгөжсөн түүнийгээ алдахаас айсан хүмүүсийн сэтгэгдэл байна. УИХ гэсэн нэрийн дор идэж ууж завшсан 28 жилийн хулгайгаа хамгаалж үлдэх гэсэн арчаагүй хүмүүс байна. Ер нь бол хувьсгалыг тайван замаар хийдэггүй юм цус урсгаж байж хийдэг үүнийг түүхэнд тэмдэглэнэ үлдээсэн байна. АИХ-ыг байгуулж энэ асуудлыг нэг тийш нь шийдэх нь хамгийн оновчтой хувилбар.


  • зочин · [139.5.219.221] · 2018/10/11

    Монгол хөгжихгүй байгаа шалтгаан нь намдаа биш, хүндээ биш, тогтолцоондоо биш, харин төр өөрийн гэсэн өмчгүй байгаадаа юм. Улс ардын аж ахуйн нэн чухал салбаруудыг (батлан хамгаалах, уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд) төр 100 хувь өөрийн өмчид авсан тохиолдолд л улс хөгжинө. Өмч бол бүх юмны үндэс, суурь гэж агуу их К.Маркс хөдөлбөргүй нотолжээ.


  • зочин · [139.5.219.221] · 2018/10/11

    Өмчгүй төр төр биш, гуйлгачин.


  • зочин · [64.119.23.82] · 2018/10/10

    Нэн чухал салбаруудыг (батлан хамгаалах, уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд, бололвсрол)100 хувь төрийн өмчид авахгүйгээр улс орон засрахгүй гэдгийг дэлхийн суут ухаантнууд аль эрт 100 гаруй жилийн өмнө хэлжээ.


  • Зочин · [64.119.23.82] · 2018/10/10

    Манай УИХ-ын гишүүд ямар маанаг болохыг олж харлаа. Улс орны юу нь базас, юу нь надстройка гэдгийг мэдэхгүй болтлоо элийрчээ. Базис нь өмчийн харилцаа, надстройка нь базаисаас урган гарсан надстройка (улс төрийн тогтолцоо, хууль, намууд гэх мэт) гэдэгийг гадарладаг ганц ч УИХ-ын гишүүн байхгүй болтлоо элийрч, балайрчээ. Базис буюу өмчийн харилцаа нь барилгаар бодвол байшингийн суурь юм шүү дээ. Төрийн тогтолцоо, хууль, намууд нь байшингийн хана, дээвэр, хааглга гэх мэт зүйл шүү дээ. Хазайсан барилгын суурийг тэгшлэхгүйгээр уг барилгыг бат бөх болгож болохгүй гэдгийг мэддэг нэгч УИХ-ын гишүүн байхгүй болжээ.


  • Зочин · [64.119.23.82] · 2018/10/10

    Агуу их эдийн засагч К.Маркс базис нь (өмчийн хэлбэр нь) надстройкоо (засаглалын тогтолцоо, хууль, улс төрийн намууд гэх мэт) тодорхойлдог гэж гуйвалтгүй нотолсон. Монголчууд 1990 оноос хойш К.Маркс гэж ярихаасаа ичдэг болсон. Гэтэл Америкийнк Конгрессын номын санд хамгийн олон тоотой ном нь К.Марксын бүтээлүүд байна. Батлан хмагаалах, уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд, боловсролын салбарыг 100 хувь төрийн өмчийн, бусад салбарыг хувийн ба төрийн өмчийн холимог хэлбэрээр ажиллуулбал энэхүү базисаа дагаад засаглалын тогтолцоо, хууль, намуудын ажиллагаа цэгцэрч улс орон эмх цэгцэндээ орно. Ахуй (базис) анхдагч, ухамсар (надстройка) хоёрдогч гэдэг нь энэ.


  • Зочин · [103.9.90.53] · 2018/10/10

    Монгол Улс хөгжихгүй байгаагийн шалтгааныг Ерөнхийлөгч намдаа биш, хүндээ биш тогтолцоондоо байна гэж дүгнэв Ийм мундаг Ерөнхийлөгч гараад байхад тогтолцооноос болж ажил бүтэхгүй байна гэж ойлгогдоод байна. Хүн ажил хийдэг биз дээ. Хуульд тогтолцоонд анхаарах асуудал байх боловч хүн тэр бүхнийг зөрчөөд, хулгай луйвар хийгээд байвал ямарч тогтолцоо байгаад асуудал шийдвэрлэгдэхгүй.


  • Б.Мижид · [202.179.26.40] · 2018/10/10

    Л.Болд 7-н өөрчлөлтөө больчих,Наранхүү хувь хүндээ л байгаа юм,маш олон гишүүн Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох тухай ярьсан нь Үндсэн хуульд одоо оруулах өөрчлөлт юун дээр төвлөрөх ёстойг хэлээд байна.Хэлэлцэх гэж буй төсөлд 7-н өөрчлөлтөөс 5-ийг нь язгуур эхэд нь буцаан оруулахаар буй.Маш олон гишүүн Ерөнхий сайд ЗГ-раа өөрөө мэдэн томилох тухай ярьжээ.Гэхдээ төсөлд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох заалт байхгүй.Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилохдоо Ерөнхийлөгчид танилцуулахаар заажээ.Ингэхээр хоёр намын санал нэг байх боломжгүй бас л зөрчил үүснэ.Хагас ерөнхийлөгчийн гээд байгаагийн гол асуудал нь УИХ-аас Ерөнхийлөгчийг сонгодоггүйтэй холбоотой.Удахгүй хэлэлцэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр шийдэх үндсэн асуудал нь энэ байх ёстойг яриад байна.Үүнийг тогтолцооны гажуудал гээд байгаа бололтой.Гэтэл Лүндээгийн боловсруулсан төсөлд энэ заалт байхгүй.Байгаа олоогүй гэж үүнийг хэлээд байгаа юм.Үе үеийн Ерөнхий сайдуудын эрх мэдэл багадаад тогтворгүй байсан,муу ажилласан гэдэг бол мингуужингийн үлгэр.Тэдний эрх мэдэл багадаад хариуцлагагүй гэрээ байгуулж, арилжааны зээл авч ,төсвийн гадуур үрэн таран хийсэн үү?Их том төслүүд хүлээгдэж,эдийн засаг их хэмжээгээр тэлэх үед хувь албан тушаалтан их эрх мэдэл өгөх нь шинжлэх ухаанч хандлага биш.Улс төрийн философи дэлхий даяар эрх мэдэл албан тушаалтанд бус байгууллагад байх ёстой гэсэн зөвөлгөө өгч байна.УИХ-д,ЗГ-ын танхимд ...г.м.УИХ-ын гишүүд Үндсэн хууль бусад асуудал хэлэлцэхдээ гарын үсэг цуглуулдаг, хаалганы цаана үгсэн хуйвалддаг арга хэрэглэх ёсгүй гэдгийг ойлгооч ээ.УИХ-ын үйл ажиллагаа,зохион байгуулалтын хэлбэр нь чуулган,байнгын хороодын хуралдаан буюу илт тод,бие даасан байдалтай байх Үндсэн хуулийн заалт,үзэл баримтлал байна.Гарын үсэг цуглуулна гэж байхгүй.Мэтгэлцээний зарчмаар нэгдсэн шийдэлд хүрэх болохоос хаалганы цаана цоожтой өрөөнд гарын үсэг цуглуулж асуудал шийдэх боломжгүй.Ийм заалт ямар ч хуульд байхгүй,байх боломжгүй.МАНАН,хуйвалдаан гэж үүнийг хэлээд байна.Хувь улс төрчийн мэдлэг боловсрол,зан авир,ёс зүйд их асуудал буй .Үүний зарим нь хүний улс төрийн биоллоглог чанартай холбоотой.Товчоор хэлвэл долоон өөрчлөлтөө эргүүлээд эх язгуурт нь оруул,Ерөнхийлөгчөө УИХ-аас сонгодог болъёо.