Жириновскийн айлдвар нэртэй хараал


В.ЖИРИНОВСКИЙН ӨДӨӨН ХАТГАЛГА ОХУ-ЫН АЛБАН БУС БАЙР СУУРИЙГ ИЛТГЭДЭГ

Ертөнц тайван бус. Цагийн байдал ороо бусгаа. Европ их дайны өмнө, яг л дэлхийн II дайны өмнөх үе шиг байна. Харин их Ойрх Дорнод дайны хөлд дайрагдлаа гэх зэргээр гаднын хэвлэлүүд өдөр алгасахгүй бичиж буй. Харин энэ нь өдөр хоногийг аргацаан өнгөрөөж буй монголчуудад бол огт хүртээлгүй сэдэв мэт.

Ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаад сайхан сэтгэлээ илэрхийлчихвэл боллоо гэсэн монгол сэтгэхүйг “төвийг сахихуй” гэж л нэрлэмээр санагддаг. Бүх оронтой найрсаг харилцаатай, бүр хоорондоо илт дайсагнаж буй ОХУ, АНУ-ын дунд аль алинтай нь иж бүрэн түншлэлээ зарласан монголчуудыг бахадмаар.

Харин энэ ертөнцийг болон хавь ойрын хөршүүдээ элдвээр хараан нэрлэж, хочилж суудаг нэгэн эрхмээс эшлэл цуглуулснаа дор буулгая. Их Европын дайн бодитой эхлэхийн дохио сануулга, шатлан өргөжилтийн талаар алдарт Владимир Жириновский айлдвараа хэлжээ.

Оросын эсрэг элдэв хоригууд тавьж, Украин муухай царайлаад, тэр хориг нь европчуудыг давхар нэрвээд, үүний улмаас алдсан хүнс тэжээлээ Орос нь Монгол, Иран, Дундад Ази болон бусад улсаас нөхөж буй. Ийм байхад Польшийн хуурамч бяслаг, хортой алимаар юугаа хийдэг юм гэж ирээд л авч өгчээ.

Монголын маань нэр эхэнд нь бичигдсэнд баярламаар.

“Явж явж Оросын арми л Европыг үхлээс, фашизмаас аварна. Тэртээ 70 жилийн өмнө бид фашистуудыг бут цохисон. Өнөөдөр нацистууд дахиад маршилж байна. Би аль эрт анхааруулж байсан даа. Тэднийг айдсаар нь эзлэн авч болно гэж. Манай төрийн тэргүүн цэргээ оруулаагүй л дээ.

Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Оросын далбаа өдийд Украины бүх хотод намирч байх байлаа. Миний арми цаашаа Варшав, Рига, Таллин, Бухарест, Будапешт руу давших байв. НАТО аль нэг жижиг улсыг хэзээ ч хамгаалахгүй, тэр тусам хэл, шашны холбоогүй улсыг шүү. Украины түймэр хэтэрхий том ассаныг тэд тооцсон, ойлгож байгаа.

Энэ түймэр бүх Европыг түйвээж мэднэ. Одоо үүнийг зогсоох хэрэгтэй. Хэрэв П.Порошенко ард түмнээсээ дахин урвахгүй л бол энхийн өдөр гэдгийг бид эхлээд үзнэ дээ. Украины цэрэг Донецк, Луганскийн газар нутгаас гарвал таарна.

Цаашаа хэлэлцээ хийснээр Новороссия тусдаа улс болж хувирах ёстой. Зэргэлдээ мужууд нь аажим аажмаар түүнд нэгдэг. Запорожье, Херсон, Николаев, Днепропетровск, Харьков, Одесса, ингээд бүх Новороссия олон зуун жил оршиж байсан шигээ нэгдэж нийлэх, төр улсаа байгуулаг” гэжээ.

Өөр нэг ярилцлагадаа В.Жири­новский Украины нийслэлд очиж шүүхийн хаалга татахад бэлэн байна, харин аюулгүй байдлыг минь баталгаажуулах хэрэгтэй гэж ярьсан байх юм. “Би очиход бэлэн, харин Борисполийн нисэх буудалд Оросын десант буухыг зөвшөөрчих. Хэрэв манай хөв­гүүд Киевийг нацистуудаас цэвэрлэчихвэл би Оросын Малороссиягийн холбооны тойргийн тайван нийслэлээр сэтгэл амар алхахсан.

Тэгээд Богомольцын гудамжин дахь мөрдөх албаны байранд хүрч очихсон гэжээ. Энэ мэтээр В.Жириновский ч амны зоргоор ярьж өгнө. Гэхдээ дан дэмий юм ярихгүй. Түүний өдөөн хатгасан мэдэгдэл нь Украинчуудын үздэгээр ОХУ-ын албан бус байр суурийг үе үе илтгэнэ.

Оросын бодлогын жинхэнэ мөн чанарыг ойлгоход тэр нь чухал баримт хэмээн бичсэн нь буй.

В.Жириновскийн айлдвар цаашид Армен руу ч хадуурна. 2017 оны зун төрийн Дум Орос, Армены цэргийн нэгдсэн бүлэглэлийн тухай хэлэлцээр батлах үед тэрээр алдарт үгсээ зурагтаар ярьж байв. Армен бол манай батлан хамгаалах салбарын хоёрдугаар цуваа. Ямагт тийм байсаар ирсэн. Манай зуу зуун, мянга мянган цэрэг тэнд байж, хил хязгаарыг нь хамгаалж, амиа өргөсөн.

Армен бидэнд ямагт талархдаг. Чухам тэнд туркийн зүгээс Арменд даралт шахалт үзүүлж, үндэстэн хоорондын тэмцэл эхэлсэн шүү дээ. Европ таг чиг байхад Орос л тэмцсэн. Армянчуудыг хядаж эхлэхэд өрнөд ганц үг ган хийгээгүй, харин манай эрх баригчид л Арменыг дэмжсэн.

Одоо бидний хувьд батлан хамгаалах нэгдсэн нэг орон зай бий боллоо. Хоёр орны аюулгүй байдлыг бэхжүүллээ, хэлэлцээрээ ч цааш сунгаад явна. Харин Арменд алба хаах онцлог гэж бий. Уулын энэ улсад уламжлал, зан заншил нь Оросынхоос өөр.

Армянчууд бүсгүйчүүдэд онцгой ханддаг. Тэнд эмэгтэйчүүд гудамжаар зугаацахгүй, эрчүүдтэй танилцахгүй. Тиймээс гэр бүлгүй, гоонь эрчүүд тэнд хийх юмгүй. Арменд гэр бүлтэй цэрэг офицеруудыг гэр бүлтэй нь илгээх хэрэгтэй” хэмээн зааварчилжээ.

Москва, Ереваны хооронд метро байгуулаад түүгээр зорчих хүслээ тэрбээр бас ярьж байсан. Энэ нь хурдны галт тэргийг хэлсэн хэрэг байх. Тбилисиэр дайраад Ереван­-Москва чиглэлд хурдтай галт тэргэнд амжиж суумаар байна. Метро? Аль метро? Ереван-Москвагийн метро.

Манай эрдэмтэд үүнийг хийж чадна.

Армянчуудыг олон зуун жил ямагт хамгаалж ирсэн учраас оросууддаа баярлалаа. Оросууд, Армянчууд хамт гэхчлэн В.Жириновский гар хуруугаа ёдгонуулан хашхирч харагдав.

В.Жириновский “С” ангиллын пуужингийн талаар баахан айлдвар тавьсныг санаж байна. ОХУ зэвсэглэлдээ зөвхөн С­-300 ба С­-400-­г хүсээд байгаа юм биш, бүр С­-500, С­-600, С­-700­-г хүсэж буй. С­-700­-гаар манай бүх гариг даяар нэг ч онгоц тэнгэрт хөөрч чадахгүй болтол нь хаая хэмээн ам шүдээ билүүдэн зурагтын ток­ шоу нэвтрүүлгээр адтайяа ярьж харагдав.

Тэрээр Орос ямар зэвсэгтэй болсныг зарлах үүрэг хүлээсэн аятай агаарын довтолгооноос хамгаалах С­-600, С­-700 систем оросын мэдэлд байна гэв. Сирид Оросын Зенитийн пуужингийн С­-300 систем өгсний улс төрийн уршиг дагаврыг тэрээр нэрлэв.

“Оросын С-­300 бол дэлхий дээрх хамгийн сайн ПВО-гийн систем гэдгийг бүх дэлхий харлаа шүү дээ. Тиймдээ ч Америкчууд хулчийж, үнэхээр айж байна. Тэгвэл бидэнд С-­400, С-­500, С­-600, мөн С-­700 байна” гэв.

Түүний тэгж шүлсээ үсчүүлэн ярихыг ток­шоуны оролцогчид инээлдэн, егөөдөн хүлээн авч байх юм. Хөтлөгч Владимир Соловьев хэлсэн нь “Та битгий бүх нууцыг задалчих. Та чинь цаашаа хамгийн аймшигтай С­-1500 системийн тухай ярих нь уу? Үүнд В.Жириновский хариулсан нь “Одоогоор С­-700 хамгийн сүүлийнх нь! Энэ сүүлчийнх нь болно. 

Цаашаа дэлхийд өөр ямар ч пуужин хөөрөхгүй. С­-700 бүхнийг хаана, энэ бол Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийн сүүлчийн цохилт байх болно!”

Өөрийнх нь толгойлдог ЛДПР намын хүссэн болгоныг Д.Трамп хийж байна гэх мэдэгдэл нь өөрийн эрхгүй анхаарал татав.

АНУ-­ын иргэдэд хандан Америкийн нэгэн сэтгүүлийн хүсэлтээр эл үгээ далай гатлуулан дайжээ.

Америк сэтгүүлч егөөдөж байна: “Вашингтон дахь саарал кардиналын суудалд Владимир Вольфович санаархлаа гэж үү? Байр суурь нэг байна ч гэх шиг!” Дональд Трампын хийж бүтээж байгаа бүхэн бидний төсөөлөлтэй яв цав нийцнэ. Цагаачлалын бодлогыг нь дэмжинэ.

Тэр нөхөр дахин хоёр дахиа сонгогдоосой. Дараа нь Цагаан ордонд залгамжлагчаа үлдээгээсэй. Дональд Трампыг сонгуульд ялна гэж би бүр таагаад байсан юм аа.

Өрсөлдөгч Хиллари Клинтонд нь санал бүү өг гэж би тэдний төрөлх хэлээр нь уриалсан даа. Бид 25 жилийн өмнө ярьж байсан. Нийт хүн төрөлхтний гол зорилго бол хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах явдал аа гэж. Д.Трамп зөв олоод харчихжээ” гэв. Энэ нь цагаачлалыг хэлсэн хэрэг байх.

ЛДПР намын алсын харааг В.Жириновский шагшиж байна. Референдум явагдахаас аль өмнө нь л зөв таасан, Крым орост эргэж нэгдэн нийлнэ гэж.

ЛДПР нам хөрш зэргэлдээ, тэр ч байтугай алслагдмал улс орны нутаг дэвсгэрт санаа тавьж, өнгөлздөгөө өөрчлөхгүй. Гомдоно уу байна уу, хүлээн авна байна уу, хамаагүй гэж хээв нэг ярина. ЛДПР намынх нь геополитикийн бодлогын чиглэл дотор Белоруссын нэр цохиж яваа нь гайхалтай.

Хөрш орныхоо Ерөнхийлөгч Лукашенког хочилж “Хоёр хээлтэгчээс хөхөж буй өхөөрдөм тугал”гэж. Лукашенко юу хүсээд байгаа юм бэ? Тусгаар улс уу? Үүнд үнэ цэнэ гэж байдаг юм. Оросын дотоодод байхдаа таарна.

Та нар манай улсын нэг хэсэг болчих л доо. Орост нь тэр хүлээн зөвшөөрөгдөөгүй Приднестровын молдавын БНУ, Абхаз, Өмнөд Осетыг нийлүүлчихээч! Оросуудаа хамгаалахын чухлыг ЛДПР нам хатуу ойлгоно.

Нутаг дэвсгэрээ томсгохыг ЛДПР санал болгож ирсэн. Жижиг газар нутгууд томдоо нэгдэн нийлж байх учиртай.

Үндэсний шинж онцлогоор нь нутгаа хувааж огт болохгүй. 

Бид тийм ард түмнүүдтэй тулгарч тулж байна! Тэрээр оросын төрийг тэргүүлэх хүн ямар шалгууртай байх талаар аль хэдийн айлдсан. Хүний зан чанар, чадвар чадамжуудын онцгой хослол болсон тийм хүн хэрэгтэй гэжээ.

Дүн шинжилгээ хийх оюуны охь хэрэгтэй, энэ бүхэнд Владимир Жириновский яг тохирно хэмээн тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр өөрийгөө нэрлэн ярьж байв.

Амьдралын асар их туршлага хэрэгтэй, бүх дэлхий ертөнцөөр явж үзсэн байх ёстой л гэнэ. Парламентын депутатаар ядаж 20 жил ажилласан байх эсвэл сенатч, губернатор, сайдын албыг 20 жил хашсан байх ёстой л гэнэ.

Тэгж хэлснээ өөрийнхөө талаар яриад явчихав. “Надад асар их туршлага байна. Нэр дэвшиж буй ямар ч өрсөлдөгчтэй би маш тайван ажиллаж чадна. Энэ тушаалд өрсөлдөх хүн бол ядаж удирдагч байх ёстой. Тэгвэл би улс төрийн намыг 30 жил удирдлаа. Юу ч удирдаж үзээгүй, удирдах ажлын туршлагагүй хүн энэ том улс орныг яаж толгойлох болж байна?

Сэтгэнэ, дүн шинжилгээ хийнэ, тэгээд шийдвэр гаргах ёстой шүү дээ” гэж ярьж байснаа дараагийн “Россия 1” телевизийн мэтгэлцээн дээр арслан барс шиг авирлаж байв.

ТҮҮНГҮЙГЭЭР ОРОСЫН УЛС ТӨР УЙТГАРТАЙ БОЛОХ НЬ ГАРЦААГҮЙ ҮНЭН

Ксения Собчак гэх бүсгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн дээ. “Түүнийг хөөж гарга!” хэмээн орилон дайрмагц нь Ксения Собчак түүн рүү ус цацсан хөгийн түүх өрнөсөн дөө. Мөн Сергей Бабуриныг тонил, галзуу солиот гэж дуудаж байв.

Саяхан, өнгөрсөн есдүгээр сард Москвад Пушкины талбайд болсон олон нийтийн нэгэн цуглаанд В.Жириновский хүмүүс рүү хандан байдгаараа хашхирч, нэг нөхрийг зуурч аваад зодоон үүсгэжээ.

Тэтгэврийн реформын талаар ярьж байснаа яагаад ч юм “чи, би”­-дээ тулсан аж. В.Жириновскийн талаар шүүмжлэл өрнөснөөс ийм зүйл болж. Цуглаанд ирсэн бүх хүнийг баривчлан гурван жилээр шоронд хорино хэмээн заналхийлж юм. Дараа нь мань хүн хэвлэлийн хурал зарлан түүн дээрээ зодоон хийгээгүй, зам хашаад гаргахгүй байхаар нь түлхэлцсэн гэж гэмээ цайруулж байв.

ЛДПР гэдэг намыг монголчууд бид байтугай оросууд ч ойлгохгүй. Нэг хүний нам, цор ганц лидертэй. Гэхдээ тэр “ганц хүн” үнэхээр ихийг амжуулсан. Түүнийг нь хүлээн зөвшөөрнө. Төрийн Думд байнга үймээн шуугиан дэгдээдэг ч олон арван ном бичсэн, эрдмийн зэрэг цол арвинтай, гавьяат хуульч, хурандаа гээд тэр “ганц хүн”-­д давуу тал зөндөө бий. Телевизийн шоуг алгасна гэж байхгүй.

Гараа ёдгонуулан хавийн нөхдийг аашлан загнаад л, эфирээс хөөгдөж байгааг нь би л лав хэд хэд харсан. Эхэндээ В.Жириновскийг Гитлертэй зүйрлэдэг байв. Үүнд дургүйцэж шүүхээр заргалдаад ялснаас нь хойш тэгэхээ больчихож.

Түүнтэй В.Путиныг өрсөл­дүүлэх нь даан ч зохимжгүй. Харин өрсөлдөгч гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуучин аваргууд Зюганов, Явлинский байна.

Тэд оросуудын сэтгэлд В.Жириновский шиг шингээгүй.

Тэгэхдээ олон үндэстэн ястны Орос оронд орос биш ч улс төрийн тэнгэрт од болж чаддагийн гайхамшигт жишээ гэдэгт би санал нийлнэ. Түүний удам судар нь Москвад, Орост даан ч хамаагүй.

Польшийн Костополь хотын Исаак Эйдельштейний ач хүү. Эцэг Вольф Исаакович Эйдельштейн нь 1939 онд Баруун Украиныг СССР­-т нэгтгэхэд Орост ирсэн бөгөөд дэлхийн II дайны үед тэдний гэр бүл Казахстан руу дүрвэхэд эх нь Жириновский гэх орос хүнтэй гэр бүл болжээ.

Гэхдээ тэрбээр 1964 он хүртэл Эйдельштейн овгоороо явснаа 18 хүрч, паспорт авах үедээ хойт эцгийнхээ нэрийг авчээ. 1993 онд Сүүдэр танхим нэртэй албан бус Засгийн газар байгуулж, зартай нацист Эдуард Лимоновыг холбооны мөрдөх товчооныхоо дарга болгож байсан.

1994 оноос “Жириновский” хэмээх цагаан архи Черноголовскийн архины үйлдвэрт хийж, долоон жилд 30 сая архи борлуулсан нь тэрбумтан болгох шахуу ашиг өгч байжээ. Найруулагч Валерий Комиссаров 1997 онд “Корабль двойников” хэмээх уран сайхны кино бүтээж, гол дүрд нь В.Жириновскийг урьж тоглуулжээ.

2006 онд түүний 60 насны ой тохиоход түүний нэрээр “Жирик” шокалад үйлдвэрлэн борлуулсан бол Пенза мужид “Жириновский в шоколаде” зайрмаг борлуулсаар өнөө хүрсэн. Тэрбээр энэ бүхнээс маш их хувь хүртдэг гэсэн шүүмж бий юм билээ. Ерөөсөө Оросууд хоёр янзын В.Жириновскийг мэддэг.

Нэг нь пи­арчин, хэрүүлч, дуулиан таригч, тэгсэн атлаа яруу найрагч, бас бүхнийг хурцаар шүүмжлэгч. Хоёр дахь дүр нь маш нямбай, алсын бодолтой, улс төрөөс мөддөө хагацахгүй бөгөөд ерөөсөө эрх баригч дэглэмийг дэмжигч В.Жириновский.

Тэрээр Ельцинг улайм цайм дэмжиж, 1999 онд огцрохоос нь хамгаалсан, В.Путины ихэнх шийдвэр ЛДПР намын даргын шуурхай суртал нэвтрүүлгээр хэрэгжиж байдаг аж. Түүний ярьсан хэлснээс авууштай ухаалаг, тэгсэн атлаа прагматик олон санал санаачилга байдгийг үгүйсгэхгүй. Түүнгүйгээр бол Оросын улс төрийн тавцан шууд тун уйтгартай, сонирхолгүй болно гэдэг гарцаагүй үнэн.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • монгол · [202.21.118.174] · 2018/12/07

    Энэ галзуу өвгөн монголд ямар хамаатай юм


  • Ард · [202.72.245.122] · 2018/12/05

    Ердөө л хөгшин алиа салбадай. Өөрийгөө улс төрд худалдан амьдардаг шизо-той өвгөн


  • bat · [103.57.95.117] · 2018/12/05

    soliotoi gahai