Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 04-нөөс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд тус алба нь нийт 1903 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 489 дуудлагыг хүлээн авч шалгажээ.
Нийт бүртгэгдсэн ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 92 хувь буюу 12 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 80 хувь буюу 49 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны сар шинийн баярын өдрүүдтэй буюу Битүүн, Шинийн 1-3-ны өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 13 хувиар, бүртгэгдсэн осол 3 хувиар, гэмтсэн хүний тоо 23,8 хувиар, хүүхэд өртсөн осол 77 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24 хувиар тус тус буурсан боловч олон хүний амь нас орон нутгийн замд хохирчээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 65 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба