Ургийн гаждалтай төр


.Ургийн гаждал гэдэг нь “situs inversus” гэдгийн гайхамшигтай орчуулга, эмнэл зүйн салбарт бараг энэ хөрвүүлгээр явж байгаа түлхүүр утга (инекстерм) юм. Эмнэл зүйн нэр томьёоны 2004 оны эмхэтгэлд “гаж урвалж” гэдгээр орсон. Орчин цагийн нийгэм зүйд энэхүү ойлголт нэлээд хэрэглэгдэх болсон, үндсэндээ нийгмийн сэтгэл зүй гэдэг шинэ шинжлэх ухааны чухал нэр томьёо болон тогтлоо. Нийгмийн хөгжлийн зүй тогтлоос гажсан үзэгдлийн гарвал, эх сурвалжийг хэлээд байна л даа.

Сүүлийн жилүүдэд манайд нэлээд даамжирсан төрийн хямрал нь мөчлөгийн үзэгдэл юм, гэхдээ ардаа ямар нэгэн эх сурвалжийг хадгалсан, тов тодорхой угшилтай байгаа нь ойлгомжтой харагддаг. Энэ нь одоо мөрдөгдөж яваа үндсэн хууль мөн гэдгийг шууд хүлээн зөвшөөрөх ёстой. Энийг зоригтойгоор хэлэх ч ёстой. Асуудалд ингэж хандах нь энэ үндсэн хуулийг цаашид удаан байлгаж болохгүй, хямрал дахин дахин давтагдсаар байх болно гэдгийг ойлгоход дөхөм болгоно. Өнгө заслын хувьсгал гэж байхгүй, нэгэнт л хувьсгал хийхээр зорьсон бол углуургаар нь биш үндэс сууриар нь чанарын өөрчлөлт хийж, шинэ тогтолцоо, системийг бүтээн байгуулах ёстой юм. Ингэж гэмээ нь хөгжлийн чиг шугам зөв голдиролдоо орж, улмаар шинэ зам дурайх болно. Мэдээж хүндээ байна гэцгээн хүнээ солиод эхэлчихлээ, гэхдээ зэрэгцүүлээд тогтолцоогоо өөрчлөхгүйгээр чанарын өөрчлөлт гарах уу. Тогтолцоог өөрчлөхөд хамгийн их чөдөр тушаа тээг болж байгаа юм бол сэтгэлгээний хоцрогдол мөн. Нийгэм зүйн чухал чухал түлхүүр утгыг буруу зөрүү ойлгон, түүнийгээ эрх зүйн орчинд шургуулж, нийгмийн сэтгэлгээнд тулгаж байгаа нь зөндөө, энэ ч гэсэн төрийн тогтолцооны гажуудал. Тэр их хоцрогдлыг хадгалан үргэлжлүүлээд байгаа ай сав нь тогтолцоо.

“УЛСТӨРЧИД ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮНЭЭСЭЭ ГАРЧ ЧАДАХГҮЫ БОЛ ЮУ Ч ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ"

Манай улс парламентын тогтолцоотой гэдэг нь худлаа. Парламентын тогтолцоотой орон гэхээр хаант засаглалтай, парламентын сонгодог тогтолцоотой Их Британийн жишгээр явж байгаа Норвег, Швед, Канад, Австрали, Дани, Голланд, Люксембург, Тайланд, Шинэ Зеланд зэрэг 17 орныг хэлнэ. Дээр нь парламентын бүгд найрамдах улс гээд Герман, Итали зэрэг цөөхөн орон бий. Гэхдээ Герман өөрийгөө парламентын эрх давамгайлсан холимог тогтолцоотой улс гээд тунхаглачихсан. Итали бас Ерөнхийлөгчийн эрх давамгайлсан холимог тогтолцоотой улс гэдгээ зарласан. Ийнхүү жишиг болгоод дуурайчихаар парламентын БНУ бараг үлдсэнгүй. Монгол Улс бол засаглалын холимог тогтолцоотой орон, гэхдээ Ерөнхийлөгчийн эрх давамгайлсан (semipresident) байх уу, эсвэл парламентын эрх давамгайлсан канцлерын засаглал байх уу гэдгээ тунхаглаагүй юм билээ. НҮБ аливаа улс оронд ямар засаглал байхыг заадаггүй, гэхдээ ямар засаглалтай байгааг бүртгэдэг. Парламенттай улс орнуудын жагсаалтад Монгол Улс байгаа, гэхдээ парламент давамгайлсан БНУ, эсвэл Ерөнхийлөгчийн эрх мэдэл түлхүү байх БНУ гэдгээ албан ёсоор зарлаагүй учир НҮБ-ын нарийвчилсан бүртгэлд манай улс багтаж чадахгүй явсаар өнөөг хүрчээ. Ийм байхад, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас эхлээд хэд хэдэн гишүүн яагаад, ямар зорилгоор “манайх парламентын засаглалтай орон” гэж тоть шиг давтаж суудаг юм бэ. Мэдлэггүй, юм үзээгүй тал байдаг л байх, гол нь парламентаар түрээ барьж намын жанжлал (гегемони)-ыг барих гэсэн aрга саам юм уу гэж бодож явдаг. Энэ бол ойлголтын маш том зөрүү. Монгол Улс холимог тогтолцоотой орон, гэхдээ юуг, яаж, юутай хольчихсон нь мэдэгдэхгүй, учир нь тайлагдахын аргагүй болчихсон, зориудын санаа сэдлээр хутгаад хольчихсон, үндсэн хуулийн сул талыг ашиглан босгосон олигархийн тогтолцоотой улс гэдгийг дахин хэлье! Энэ бол хардлага биш үнэн үг, ардаа аргументтай, хөдөлшгүй үндэслэлтэй дүгнэлт.

 

“ЗАСГИЙН ЭРХ БАРИГЧ НАМ" ГЭДЭГ НЬ МОНГОЛЧУУДЫН ЗОХИОСОН ХИЙСВЭР НЭР ТОМЪЁО МӨН

 

Ийм ухагдахуун нийгэм зүйд байхгүй, засгийн эрхийг нам нь барих ёстой юу. Мэдээж үгүй. Эрүүл саруул улс орнуудад нам нь төр засгийн байгууллагыг удирдах нь бүү хэл оролцдоггүй. Герман, Франц зэрэг орнуудад сонгуулийн бус жилүүдэд төрийн үйл ажиллагаанд нам оролцохыг хуулиар хориглосон байдаг. Парламент дотор үзэл баримтлал, бодлогоор нэгдсэн фракциуд байхаас намын бүлэг гэж инээдтэй субъект байхгүй. Энэ ч бас л үндсэн хуулийн гажуудал. Харьцангуй түргэн хөгжиж байгаа улсуудын парламентад боловсон хүчний томилгоо хийгээд балайраад суух зав байдаггүй, манайд бол урвуугаар. Томхон компанийн хүний нөөцийн газрын ажил хийгээд, томилогдож байгаа хүмүүст захиа даалгавар дайгаад сууж байдаг хөгжилтэй парламент манайхаас өөр ямар ч оронд байхгүй. Чуулган хуралдах үедээ ихэнхдээ парламент биш намын өргөтгөсөн хурал гэж харагддаг, тийм л байх ёстой мэтээр ард иргэдийнхээ тархийг зад угаадаг. Энэ ч бас үндсэн хуулийн алдаа, тогтолцооны гажуудал, ойлголтын том зөрүү.

 

УЛС ТӨРИЙН НАМ ГЭДЭГ НЬ ОЙЛГОЛТЫН ГАЖУУДАЛ

 

Орос хэлнээс “политика” буюу “бодлого” гэсэн утгатай агуулгыг улс төр гэж ташаа орчуулснаас үүдсэн солиорол. Улс төрийн нам гэж ойлголт монголоос өөр хаана ч, ерөөсөө байхгүй, улс төрийн клуб гэж бий, бодлогын нам гэж бас бий, угаас нам бол язгуураараа бодлогын институт юм. Улс төрийн гэдэг тодотгол гагцхүү төрд хамаатай, улс төрийн бодлого бол төрийн бодлого, зөв нь энэ. Бүр сүүлдээ намын хэсэг бүлгийн тохиролцоогоо “улс төрийн шийдвэр” хэмээн жанжин малгай өмсгөж байгаад төрд тулгадаг болсон. Соёл иргэншилтэй улс орнуудад улс төрийн шийдвэр гэдэг ухагдахуун хэрэглэх нь бий, гэхдээ тэр нь намын биш дандаа төрийн шийдвэр байдаг юм. 

Энэ мэтээр ойлголтын зөрүү маш их байна, энийг би нийтлэл болгондоо хэлж байгаа, цаашид ч хэлсээр байх болно. Гаждалтай үндсэн хуулиа даган гажуудалтай үйл ажиллагаа хөврөнө. Гажуу төрийн гаргасан шийдвэр болгон гажиг, логикоор ингэж л ойлгогдож байна. Тиймээс ядаж 1997 оноос хойш үйлдвэрлэгдсэн, ялангуяа уул уурхайтай холбогдож гарсан бүх хууль, эрх зүйн актуудад хөндлөнгийн эксперт оруулан заалт нэг бүрээр нь эргэж харах ёстой. Энэ бол нүсэр ажил, гэхдээ улс орон ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг намын ашиг сонирхлоос дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс заавал хийх ёстой ажил мөн.

 

ХУВИЙН БОЛОН ХЭСЭГ БҮЛГИЙН ЭРХ АШГАА НИЙТЛЭГ ЭРХ АШИГТ ЗАХИРУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЮУ Ч ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ

 

Манайд, хувийн болон хэсэг бүлгийн ашиг сонирхлууд өөр хоорондоо уралдаж, уралцаж нийт улсын эрх ашиг хаягдаж байна. Аливаа сонирхлуудыг эрэмбэлэхгүйгээр ардын ардчилал гээч юм орж ирэхгүй гэдгийг эх оронч Санжаасүрэнгийн Зориг агсан анхааруулан хэлж байсан. Хэдэн хүн цуглаж суугаад нам байгуулах зохиол бичдэг. Аймаар сүрдмээр уриа лоозон гарган тунхагладаг, тэр урианыхаа чухам утгыг өөрсдөө ч сайн мэддэггүй. Бусад намуудын ажиллагааг шүүмжилж, хүмүүсийг нь долоон уулын цаагуур далд ортол нь гоочилдог, унагадаг, өөрсдийгөө элдэвлэн магтаж тодрохыг эрмэлздэг, ердөө энэ. Зүй нь бол намууд иргэний хөдөлгөөн дундаас тодорч гарч ирэх ёстой л доо. Намын тэмдэг духан дээрээ наачихсан сект маягийн хэсэг бүлгүүд, жаахан сэхээд ирэхээрээ хулгай хийгээд эхэлдэг. Хулгайн сангаа, эвтэй байхад хүчтэй гэцгээн төсвөөс босгоно, дараа нь хөрөнгийг нь хуваах дээрээ түнжин хагарч уралцана, биесээ илчилнэ түмний дунд булайгаа дуудалцана. Уучлаарай гэж сулхан дуугараад хариуцлагаас мултарна, дараагийнхаа идүүрийг зохион бүтээх ажилдаа ханцуй шамлан орно.

Төсөл, хөтөлбөрүүд ч ялгаагүй өөрийн технологитой. Эхлээд асуудал үүсгэнэ. Малаа зориудаар өвчлүүлнэ, мал эмнэлгийн хөтөлбөр байгуулж хөрөнгө төвлөрүүлнэ. Агаарын бохирдлыг бодлогоор бий болгоно, гамшиг зарлаад хэдэн зуун тэр бумын төсөл, хөтөлбөр хийж хөрөнгө зарлагадна. Сургуулийн хүүхэд турж үхэх гэж байгаа юм ярьж байгаад зөв хооллолт нэрийн дор нэг олигархид зах зээл бэлдэж өгнө. Банкнуудын талаар сайн хэлэх юу ч байхгүй, иймэрхүү байдлаар ард түмний тавлаг орчин, иргэний нийгэм энээ тэрээ нь хоосон лоозон болоод үлдэнэ. Нэг хулгайчийг хөөгөөд явуулж болно, гэхдээ нөгөө дордсон хулгайч нь оронд нь суугаад хулгай луйврын технологио үргэлжлүүлнэ, бодит байдал гэвэл ийм л байна. Энэ чөтгөрийн тойргоос гарах цорын ганц арга нь тогтолцоог дээр доргүй өөрчлөх реформ юм.

 

ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

 

Tогтолцоо гэдэг ухагдахууныг мэдээж явцуу утгаар нь авч үзэх шаардлага байгаа. Ухаандаа төрийн тогтолцоо гэхээр явцуу утга, гэхдээ тэнд үнэхээр том том асуудлууд хуримтлагдсан нь үнэн. Энэ нь яах ч аргагүй үндсэн хуулиар тавигдчихсан байгаа юм. Монтегьёгийн үндэслэлээр бол төрийн гурван өндөрлөг гэдэг нь гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал,  шүүх засаглал байх учиртай. Гэтэл Монголд энэ зарчмыг хялбарчлаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэчихээд шүүх засаглалаа Цэцтэй нь базаад уих нь хармаандаа хийчихсэн тогтолцоо. Өндөрлөгүүд нь үүрэг функцээ хувааж эдэлдэг, биесээ тойруулан хянах тогтолцоотой, нэгдмэл удирдлага гэж юм байхгүй. Үндсэн хуулиар тогтоочихсон энэ завхарсан системийн уршгаар төрийн өндөрлөгүүд эрх мэдлээ булаалдан, зарим нь суудалтайгаа үхэлдэн зууралдаж төр бүхэлдээ хямарлаа. Төр нь нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын тавлаг орчин бүтээн байгуулахад түүчээ болж явахын оронд урвуугаар чөдөр тушаа болон чулуун овоо шиг лаглайна. УИХ нь рационал мэдлэггүй, томилгоо, хэрүүл хоёроос өөр ажилгүй, Ерөнхийлөгч нь бас нэг ажилгүй билэгдэл, ЕС нь шуурхай ажиллах гэхээр эрх мэдэлгүй, нөгөө тэнэг 76-гийнхаа дарамт дор...ийм хошин шогийн тогтолцоо байж болох уу. УИХ-ын дарга огцорсон ч хуримтлагдсан асуудлууд шийдэгдэхгүй дахиад л сунжрах төлөвтэй, энэ нь төрийн гаж тогтолцоотой зайлшгүй холбоотой юм. Toгтолцоогоо өөрчлөхгүйгээр урагшлах зам хаалттай байна, дахиад л хажуу тийшээ заримдаа арагш ухрах нөхцөл бодитоор оршсоор байна.

 

Монгол Улс засаглалын холимог тогтолцоотой орон

 

Гүйцэтгэх засаглал нь бие даан улс орноо удирддаг, хийсэн үйлдэл алдсан хариуцлагынхаа төлөө ард түмний шүүлтээр ордог, ийм эрүүл тогтолцоотой орнууд түргэн хөгжиж байна. Манайх болохоор парламент нь улсаа, эдийн засгаа, Засгийн газраа, төрийг бүхэлд нь удирдах гэж зүтгээд байдаг нь үнэхээр явуургүй, үүнээс болж л төр бүхэлдээ хямарч байна. УИХ бол намын байгууллага шүү дээ, нам нь төрийхөө дээр торгон олбог дэвсэж суучхаад мэдлэггүй хэдэн битүү баагий том том юм яриад суудаг тогтолцоотой улс гэж дэлхийд байхгүй. Монгол Улс, юм бүхнээр сүүл барьж, муугаар дуудуулж, ард түмнээ ичгүүртэй байдалд оруулсаар байгаагийн чухам учир нь энэ. Зүгээр л УИХ-д гарч ирсэн 76-гийнхаа мэдлэг, ёс зүй амнаас нь унаж байгаа үгийг л тогтоод харчих, бүх зүйл ойлгогдоно. тэд ард түмний шилдгийн шилдгүүд мөн үү. Ийм юмнуудын гаргасан хууль ямар байх вэ?

Эдийн засгийн тогтолцоонд ч асуудал байгаа. Тэр нь стратегийн чиг шугамаа зөв тодорхойлоогүйгээс үүдэлтэй. Хөгжлийн өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахаар эдийн засгийн хөгжлийн чиг шугамаа зориуд алдаатай тогтоосон нь ойлгомжтой байдаг, хувийн ашиг сонирхол хавчуулагдсан байхыг ч үгүйсгэхгүй, одоо ч түүнийгээ засахгүй байгаа нь ардаа түмэн учир шалтгаантай. Монгол Улсын эдийн засгийн стратеги нь уул уурхай, ингэж  л тогтоосон. Хойд хөршийнх болохоор зам тээвэр, Германых болохоор технологийн дэвшил, Францынх иргэдийн тавлаг орчин, Австри улсын стратегийн шугам нь хүүхдийн ирээдүйн амьдрахуйн даатгал гэх мэтээр соёл иргэншлийнхээ түвшнээс шалтгаалан янз бүр байна. Улс  орныг хөгжүүлэх стратеги нь эдийн засгийг тэлж тавлаг орчин бий болгох биш, урвуугаар, өрхийн үйлдвэрлэлийг дэмжин иргэдээ орлоготой болгосноор эдийн засгаа хөгжүүлэх гээд тунхаглачихсан улс орнууд ч байна, тухайлбал Скандинавын орнууд. Тэнд бидний туулаад өнгөрсөн социализмыг байгуулж байна. Соёл иргэншлээр дэлхийн дээвэрт гарчихсан орнууд гэгддэг. Уул уурхайн бүтээгдэхүүний орлого ихэнх нь монгол банкаар дамждаггүй, дамжлаа ч шударга хуваарилагддаггүй, хулгайд идэгдчихсэн байдал нь стратеги юм шиг л байдаг. Стратегийн орд гэхээр хэдэн олигархийн идүүр мэтээр ард түмний сэтгэлгээнд тусдаг. УИХ дээр л чухал царайлан “стратегийн орд” гээд яриад байдаг, жирийн иргэдэд тэр нь хулгайн газар л гэж ойлгогддог юм. Эрдэнэт, Оюутолгой, Таван толгойг 28 жил “стратегийн” гэсээр байгаад тавиад туучихаа биз дээ. Стратегийн гэдэг нь монголоор “хулгайн” гэсэн утга болж хувирсан.

Тогтолцоог том зургаар нь, түгээмэл талаас нь бас харж болно. Энэ нь аймгууд, салбарын тогтолцоо юм. Засаг захиргааны хуваарь өөрчлөгдөөгүй маш удаж байна, шинэчлэл хүрээгүй талбар гэвэл энэ байна. Сонгуулийн тойргуудаа муж болгон цөөлөхөөс нааш олигтой өөрчлөлт гаргахгүй нь ойлгомжтой боллоо. Польш улс, социализмыг халсан тэр даруйдаа 46 аймгаа цөөлөн 13 муж болгон томсгосон, маш зөв байсан нь амьдрал дээр нотлогдчихлоо. Манайх тэр жишгийг аваад хэрэглэж яагаад болохгүй гэж. Аймгууд төсвөөс хараат байдаг явцуу эрх ашгийг арилгаж мужуудын бие даасан регионал бодлого нь стратеги болон хэрэгжинэ, улс түүнийг дагаад хөгжинө.

Салбаруудын тогтолцоо бүр замаа алдсан. Жишээ нь, эрүүл мэндийн даатгал нь эрүүл мэндийн салбарынхаа мониторинг болж явдаг, аль ч улсад тийм. Гэтэл манайд сайдыг хянах ёстой систем нь сайдынхаа гарт төвлөрчихсөн, мэргэжлийн бус сайд толгой хаялаа л алхаж явна, үр дүнд нь ард иргэд эмийнхээ үнийг даатгалаар төлж чадахгүй байна. Ингэж болдог юм уу. ЭМИЙН салбарын нэг мэргэжилгүй сайд нийт ард түмний эрүүл мэндийн даатгалаар тоглоод толгой хаялаад сууж болдог юм уу. Хувийн сургуулиар, мөнгөөр эмч бэлтгэдэг систем Монголоос өөр хаана байна, ийм байж таарах уу. Эмч гэдэг нь хүн алахын тулд биш, үхэх гэж байгаа хүнийг аврахын тулд бэлтгэгдэн тангараг өргөдөг мэргэжил биз дээ. Анагаахын хувийн дээд сургууль төгссөн эмч нарын онош яаж тавьдгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат нэг удаа хатуу хэлж байсан даа. Гишүүн үнэн хэлсэн, ард түмний дунд байдаг л яриа.

Ажил хийж чадахаа болиод тамирдаад ядраад ирэхийн үедээ авч хэрэглэнэ дээ гээд ард иргэд хуруу хумсаа хуйхлан, шүд зууж байгаад хэд гурван төгрөг нийгмийн даатгал нэрээр хуримтлуулж төрдөө итгэн хадгалуулдаг. Хаана байна тэр их мөнгө. Үе үеийн нийгмийн сайд нараас яагаад энийг асуухгүй байна. Нийгмийн даатгалын сангийн өр нь их наяд руу дөхөж яваа юм байна, засаг түүнийг нь хөдөлмөр эрхлэгчдийн татвараар төлдөг гэнэ ээ. Ийм юм байж болдог юм уу? Нийгмийн даатгалын институт нь арилжааны банкуудад зээл олгодог, тийм аймшгийн хэрэг гарчээ, хэн ч энийг ярихгүй байгаагийн ард нь хэн байна. Энэ бүхэн нь босоо тэнхлэгт байгаа тогтолцооны гажуудал. хүнийг нь огцрууллаа ч өөр нэг хулгайч орж ирээ л давж хулгай хийнэ, эцэс төгсгөлгүй процесс давтагдана.

 

СУУРЬ ШИНЭЧЛЭЛ БОЛ ТОГЛООМ ТОГЛОЛТ БИШ

 

Mонголчууд улс төрөөр их тоглодог болсон байна, тоглоод сурчхаж, түүндээ гаршчихаж. Муушиг тоглож байгаа юм шиг л хэдэн залуу нийлээд “битүү орноо” хэмээн хаачдаг болж. Залуучуудын битүүрдэг газар төр юм уу. Зарим нь их идсэний дараа өнжиж хэсэг чимээгүй байснаа нөгөө л дадсан сурсан зангаараа өрвөлзөөд, буцаад ороод ирнэ. Улс төр бол хувийн явцуу сонирхлыг гүйцэлдүүлдэг бэлэн сайхан талбар биш шүү дээ, мэдээж хэвэндээ эвэндээ орох нь гарцаагүй, ийм цаг ирж байна. Үүний тулд л суурь шинэчлэл хийх ёстой болж байна. Гэхдээ дүгнэлтийн энэ хэсэгт хэдэн зүйлийг чухалчлан хэлье.

 

1. Суурь шинэчлэл бол тоглоом биш. Яарч адгах хэрэггүй, одоо байгаа парламентыг тараагаад ард түмний ч гэнэ үү,ардын ч байг хамаагүй, хайш яайш тогтолцоог босгох гэж оролдвол, тэр нь босохгүй. хуучныг зайлуулж баталгаатай орчин эхлээд бий болгох нь чухал. Хуучин нөхцөлийг нураахгүйгээр шинийг цогцлоох боломжгүй гэдгийг агуу гегель хэлчихсэн юм. Шинэ тогтолцоог босгохын тулд хуучин тогтолцооны суурь фундаментыг эвдэж бүрэн нурааж дуусгах ёстой, энэ бол цаг зүтгэл шаардсан нөр ажил.

2. Ямар ч концепцигүйгээр шинэ тогтолцоог босгох арга байхгүй. Юу хийх гээд байгаагаа мэдэхгүй, онолын баримтлал байхгүй, ихэнхдээ мэдлэггүй хэдэн ойворгон залуус нийлж нам байгуулчхаад хүн бүхнийг юм бүхнийг шүүмжлээд, бид илүү шүү гээд цээж хагсаа дэлдээд орилоод байснаар шинэ тогтолцоо босохгүй ээ. Суурь шинэчлэл бол шинэ үзэл баримтлал.

3. Гүйцэтгэх засаглал үүргээ сайн хэрэгжүүлж, үүрэгтээ тохирсон эрх эдлэх нь хөгжлийг авчрах хамгийн зөв тогтолцоо гэдгийг түргэн хөгжиж чадаад байгаа улс орнууд харуулчихлаа.  Энийг дахин дахин хэлмээр байна. Улс орон ард түмэн эзэнтэй байх ёстой юм байна, нэгдмэл удирдлагатай байх нь зөв юм байна гэдгийг нийгмээрээ мэдээд авлаа. Тэгэхээр одоо ерөнхийлөгчийн хагас маягийн (semipresident) төртэй байх уу, эсвэл канцлер байдлаар ЕС-ын эрх мэдлийг өргөөд үндсэн ачааллыг үүрүүлээд явах уу гэдгээр референдум хийх ёстой, ард түмнээсээ асуух нь зүйтэй. Маш өндөр мэдрэмжтэй ард түмэн шүү дээ.

4. Гүйцэтгэх засаглал давамгайлсан тогтолцоог сонгох дээр ойлголтоо нэгтгэвэл, парламентын тогтолцоог өөрчилж заавал хоёр танхимтай байлгах учиртай. Үндэслэл нь тийм юм.

5. Үндсэн хуулийн цэц гэсэн том нэртэй, хийсэн ажилгүй, УИХ-ын хармаанд оршдог тэтгэврийн байгууллагыг татан буулгаж, үндсэн хуулиа хамгаалдаг, процесс явуулдаг институттэй болж шүүхийн нэр хүндийг өргөн, төрийн өндөрлөгт аваачих ёстой. Тэр нь үндсэн хуулийн трибунал  байвал манай улсын онцлогт яв цав тохирно. Энэ маягаар Монтегьёогийн зарчмыг хангах, биелүүлэх ёстой юм.

 

Үндсэн хуулиа шинээр хийх үү, эсвэл одоо мөрдөгдөж байгаа үндсэн хуульдаа тогтолцооны өөрчлөлт хийгээд цааш явах уу гэдэг дээр ойлголтоо нэгтгэх шаардлагатай. Эндээс бүх юм эхэлнэ.

 

 

И.Цэрэнхүү


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • zochin · [103.29.144.43] · 2019/02/14

    mash sain zub erh medliin tenstbert baidliig hangah heregtei tsaaduul chin oilgohgvi ee 76 mal


  • монгол · [66.181.188.242] · 2019/02/14

    ургийн гаждал байхдаа ч яахав дэ гаждал гэж ямар монгол үг байдийн?