Дэлхий дахинд / 2017/12/20

Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдал дайны эрсдэл бий болгож магадгүй



Бээжин хотод өнгөрсөн бямба гарагт Солонгосын хойгийн асуудлаарх цэргийн командлагч болон шинжээч нарын хурал болсон. Хурлын үеэр БНХАУ-ын Армийн ерөнхий командлагч, генерал Ван Хонггуан “БНХАУ Солонгосын хойгт үүсээд буй нөхцөл байдалд бэлэн байх хэрэгтэй. Нөхцөл байдал хэзээ ч хурцдаж болзошгүй. Гэхдээ дайнд оролцох бус хамгаалах зорилгоор бэлэн байх хэрэгтэй. Хэрэв Солонгосын хойгийн асуудал хурцдаж, дайн дэгдвэл хамгийн их хохирол амсах нь Өмнөд Солонгос. Харин дараа нь БНХАУ байх болно. Тиймээс хил орчимдоо шаардлагатай гэсэн хамгаалалтын зэр зэвсгийг байрлуулж, тусламжийн бараа бүтээгдэхүүн бэлтгэх хэрэгтэй” гэжээ. Харин Хятадын Олон улсын харилцааны сургуулийн профессор “Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдал дайны эрсдэлийг бий болгож байна.

АНУ- ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар зөрчилтэй байгаа нь асуудал болоод байна. Тиймээс Солонгосын хойгийн зүүн хойд хэсэгт батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх нь чухал” гэдгийг онцолсон бол Хятадын Гадаад харилцааны сайд Гэн Шуань “Бид талуудын хичээл зүтгэлийг дэмжиж байна. Тэр дундаа энхийн хэлэлцээ явуулах тухай ОХУ-ын санаачилгыг дэмжинэ” гэжээ. БНХАУ бол Хойд Солонгосын найдвартай түнш. Хятадаас үзүүлж буй тусламж, дэмжлэг нь БНАСАУ-ыг оршин тогтноход чухал нөлөө үзүүлдэг. Хятадын зүгээс Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах сонирхолтойн дээр зургаан талт хэлэлцээрийг амжилттай явуулахад хамгийн их нөлөө үзүүлж чадах орон юм. Гэвч энэ асуудлаар төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Зүүн хойд Азид аюулгүй байдлын механизмыг бүрдүүлэхэд Хятад улс асар их нөлөөтэйн дээр Хятад, АНУ- ын улс төрийн харилцаа үүнд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, дээрх улсууд улс төрийн хувьд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байх нь тус бүс нутагт аюулгүй байдлыг тогтооход чухал нөлөө үзүүлэх юм.

Ц.Ба