Б.Шүүдэрцэцэг: Амьдралын гашууныг хайр амттай болгодог


Зохиолч Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТЭЙ уран бүтээлийн яриа өрнүүлснээ хүргэж байна.

- “Хотол цагаан гүнж” романыхаа хоёрдугаар дэвтрийг уншигчдын хүртээл болголоо. Энэхүү түүхэн роман хэрхэн үргэлжилсэн бол гэсэн уншигчдын хүлээлт багагүй байсан биз ээ. Хүлээлтийг тайлж “Уулсын домог Хотулун” романы талаар цөөн үг хэлнэ үү?

-“Хотол цагаан гүнж" нээлтээ хийгээд тав хонож байна. Энэ сарын 6-нд Интерномд номын хурим болж, ганцхан төв салбараар нь таван хоног борлуулж эхэлсэн. Эхний боть бөх гүнж Хотулуны төрснөөс эхлээд 18 нас хүртэл нь хүүрнэдэг, адал явдалт роман байсан. Учир нь, кино зохиолоо роман болгож бичсэн учраас хурц өрнөлтэй, дунд хэсгээсээ “Квентин Дорвард” маягийн зохиол болсон нь залуу уншигчдад “Ану хатан”-аас ч илүү таалагдаж байх шиг байсан. “Уулсын домог Хотулун” нь Хотулун гүнжийн 18 наснаас хойшх амьдрал, хурим, эцэг Хайдутай хамт хийсэн аян дайны тухай өгүүлсэн. Мөн л эхний ботьтой адил ид шидийн зүйлс, үлгэр туульсын мэт хэсгүүд бий. Юань гүрний дунд үеийн алтан ургийнхны тэмцэл, зөрчил, гүнжийн хурим, дотоод сэтгэлийг харуулахыг зорьсон. Бүлэг бүр нь зохиолын баатруудын нэрээр нэрлэсэн хэсгээс бүтсэн. Уншигчид дараагийн боть бичих үү. Кино хэзээ гарах вэ гэж их хүлээсэн л дээ. Хүлээлттэй байсан болохоор ном дөнгөж хэвлэлд шилжиж байхад 100 гаруй уншигч захиалга өгсөн байсан.

-Та 2019 оны босгон дээр “Хагацашгүй” зохиолоо хэвлүүлсэн нь одоо ч номын дэлгүүрүүдэд борлуулалтаараа тэргүүлж байна. Яагаад хэлмэгдүүлэлтийн үеийг сонгож роман бичих болов?

-Би 2018 онд Улсын эх дагина Ц.Дондогдуламын тухай “Хүйлэн огторгуйн заадас” роман бичсэн. Тэгээд түүхэн хүний тухай биш, энгийн амьдралыг хүүрнэсэн, үнэн.хүний сэтгэл догдлуулсан зохиол бичье гэж бодсон. Түүхээс завсарлахыг хүссэн гэх үү дээ. Гэсэн ч, өнөөгийн амьдралаас бичихэд нэг л хоосон санагдаад байлаа. Улс төрийн их дуулиан, нийгмийн сүлжээ, бодит амьдрал хоёр зааг нь арилсан дүр зураг, бухимдалтай хүмүүс. Тэгээд олон жилийн өмнөөс мэддэг байсан бодит хүний түүхээс сэдэвлэн 1937 оны хэлмэгдүүлэлтийн балгаар хагацаж салсан сайхан хосын хайрын түүхээр “Хагацашгүй” романаа бичсэн дээ. Романд өгүүлэх агуу хайрын эзэн Чулууныг “Дайсны цэргүүдээ сонсоцгоо!” киноны Гэлэг хошуучийг төсөөлж бичсэн. Ном худалдаанд гарангуут Ардын уран зохиолч Ш.Дулмаа эгчийн зээ охин загвар өмсөгч Сарнай “Энэ номын хавтсан дээрх зураг миний өвөө л харагдаад байна даа” гэж бичсэн байсан. Амьдралд юу чухал вэ. Амьдралын гашууныг хайр л амттай болгодог. Үүнийг л өгүүлсэн зохиол. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны 15.00 цагт Интерномд худалдаанд гарна гэж зарлаад тэр цагаасаа ялимгүй хоцорч номоо хүргэхэд уншигчид кассан дээр хүлээж байсан гэсэн. Энэ бол зохиолч хүнд асар гоё мэдээ юм.

-“Шүүдэр” продакшн шинэ уран бүтээлдээ орсон уу?

-Ном бүтээж байгаа нь манай ажил шүү дээ. “Хотулун гүнж” кино төсөл үргэлжилж байна. Англи хэлний уран зохиолд хүндтэй байр эзэлдэг Шарлотта Бронтегийн “Жейн Эйр” романыг өнгөрсөн жил уншигчдад өргөн барьсан. Эхний хэвлэл дууссан болохоор хаврын номын баяраар дахин хэвлүүлнэ.

 

 

-Та Монголын түүхэн эмэгтэйчүүдийн талаар сонирхолтой роман бичиж, тэдний гавьяагнийтэд сурталчилж буй зохиолч. Нууц биш бол шинэ бүтээлийн тань баатар ямар эмэгтэй байгаа бол?

-Дараагийн романы сэдвээ бодож явна. Эмэгтэй баатрын тухай роман биш ээ. Монголын түүхэнд мөнхөрсөн хоёр хатан, алтан ургийн гүнжийн тухай гурван роман бичлээ. Энэ сэдвийг хаах хүсэлтэй байгаа.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • zochin · [176.158.21.29] · 2019/03/17

    Ene shyymjleed baigaa xymyys zoxioliig unshixaa bolino biz dee Uran byteel tuurvij baigaa xyniig urmaar tetgex xeregtei shyy


  • zochin · [103.14.38.98] · 2019/03/17

    zohiol ni bol muu


  • Зочин · [84.1.165.154] · 2019/03/15

    Зохиол нь муу муу. Сайн зохиол гэдгийг уншиж үзээгүй анхан шатныханд л тохирдог байх. Гэхдээ хүн өөрийгөө голохгүй зүтгэх нь сайхан юм даа.


  • zochin · [202.170.70.70] · 2019/03/15

    Zohiol ni unendee taalagddaggui. Ih ungutshun bichdeg sanagddag


  • Наран · [103.9.90.50] · 2019/03/15

    Мундаг зохиолч шүү. Барсбаатарын эзэн, Муур сонирхогчдын групийн гишүүн, амьтан хайрлагч, амьдралын амтыг бүрэн мэдрэгч, эерэг инергитэй, энэ цагийн уран бүтээлч. Амжилтын дээдийг хүсье.


  • Хуулан бичигч · [202.70.41.206] · 2019/03/15

    copy past хийдэг авгай зохиолч нэр зүүгээд явж байх ч гэж