fbpx Наурызын баярт: КАЗАХЫН ДУУЛИАНТ ЭРЧҮҮД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
75 минут 41 секунд

Наурызын баярт: КАЗАХЫН ДУУЛИАНТ ЭРЧҮҮД

Казахууд эрт цагт манж, хятадуудтай сүрхий тэмцэлддэг байжээ. Тэр цагаас өдгөөг хүртэлх 300 гаруй жилийн туршид энэ ард түмний дундаас цуутай сайн эрчүүд эрхбиш төрөлгүй ч яах билээ. Казахуудыг зөвхөн Баян-Өлгийгээр хязгаарлаж үл болно. Дорнод Туркестан, Шинжаан-Уйгар, Алтайн хязгаарыг нэг хэсэгтээ л эзэгнэж явсан ард түмэн. Казахын түүхэнд нэрээ мөнхөлсөн сайн эрсийг нэхэн сурвалжлахын тулд одоогоос хэдэн жилийн өмнөөс Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, академич Х.Ислам, Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, УИХ-ын гишүүн асан Т.Султан нарын эрдэм чадалтай, ихийг мэддэг хэд хэдэн хүнтэй уулзсан юм. Уул уурхайн яам болон Байгаль орчны яамыг найман жил толгойлсон Мавлет сайдтай ч энэ талаар хүүрнэлдэж байлаа. Түүнчлэн эдүгээ Баян-Өлгий аймагт суугаа Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Р.Чинай, Казахстанд суугаа зохиолч Х.Бекен нартай утас болон чатаар холбогдож байлаа. Казах түмэн “Шилийн сайн эр” хэмээгчийг хэд хэдэн янзаар нэрлэдэг юм байна. Жишээ нь “Хамык батырь” буюу Ардын баатар, “Жерокты” буюу зоригт эр, “Атакт чигарган азамт эр адам” буюу Алдар нэрээ мөнхөлсөн сайн эр, “Аламан”, “Жыриндей” буюу гуйгаад өгөөгүй юмыг хүчээр авдаг сайн эр гэх мэт. Тэгэхдээ сайн эрчүүдийг ихэвчлэн “Баатар” гэж дуудах бөгөөд Көбеш баатар, Көримбай баатар, Зуухоа баатар, Алпамыс баатар гэх мэт. Баатар нь дотроо хоёр янз. Дайн байлдаанд гавъяа байгуулсан баатрууд гэж байхад “Аламан”, “Жыриндей”, “Жерокты” маягийн баатрууд бас байжээ. Үүнийг түүхч Х.Ислам агсан, зохиолч Р.Чинай нар тайлбарлахдаа “Тунгалаг тамир” киноны “Цахиур” Төмөр шиг сайн эрчүүд манай Казахад олон байсан. Ийм хүмүүсийг баатар гэж дууддаг. Эд нар бол баяд ноёд, манж хятадуудын адуу малыг хөөж ирээд ядууст тараадаг сайн эрчүүд байсан. Манай сайн эрчүүдийн домог түүх зөвхөн казах хэл дээр яригдаж, бичигдэж ирсэн болохоор монголчууд тэр бүр мэдэхгүй” гэж өгүүлж билээ. Нээрээ ч монголчууд бид “Цахиур” Төмөр шиг сайн эрчүүд казах түмэнд байсан эсэхийг бараг мэдэхгүй. Казахын сайн эрчүүдийг зөвхөн Баян-Өлгий төдийхнөөр төсөөлж үл болно. “Аламан”, “Жыриндей”, “Жерокты” маягийн сайн эрчүүд тэртээ 18-р зуунаас эхлээд Алтайн хязгаар, Шинжаан Уйгар, Тагна Урианхайн хязгаар, цаашлаад Казахстан мэтийн өргөн уудам газар нутгийг агтны туурайгаар тамгалж явсан байх ажээ. Ингээд фейсийн хүндэт найз нар маань казах түмний дундаас тодорсон баатар цолтой сайн эрчүүдийн ертөнцөд тавтай морилно уу.

АЛПАМЫС БААТАР

Эрдэмтэн зохиолч Х.Ислам агсан казах түмний дундаас төрж гарсан шилийн сайн эрчүүдээс эхний тавыг нь нэрлэж байв. Түүний яриаг сийрүүлбээс: “...Казахуудыг “Абах керей”, “Хар керей”, “Ашмал керей” гэж гурав хуваадаг. Баян-Өлгийн казахууд бол “Абах керей”. Казак гэвэл Донын хасгууд, казах гэвэл манай Баян-Өлгийнхөн. Үүнийг хүмүүс хольж солиод байдаг. Мэдэж байх ёстой. Мөн Турк гэвэл Анкара нийслэлтэй туркчууд, түрэг гэвэл Алтай хэлэнд багтдаг Төв Азийн нүүдэлчид. Шилийн сайн эрчүүд гэдэг бол 18, 19-р зуунаар тогтохгүй маш эртний угшилтай. Бүр эртний “Жангар” туульст шилийн сайн эрчүүдийн тухай гардаг шүү дээ. Манай “Абах керей”-н жинхэнэ шилийн сайн эр бол Алпамыс баатар юм. 19-р зууны үед амьдарч байсан Алпамыс баатар яг л “Тунгалаг тамир”-ын “Цахиур” Төмөр шиг үйл бүтээж явсан хүн. Гэхдээ туулсан амьдрал, тэмцэл нь “Цахиур” Төмөрийнхөөс илүү дуулиантай. Казахстаны зохиолчид Алпамыс баатрын тухай жүжиг бичсэн бол Шинжааны зохиолчид роман бичсэн. Алпамыс баатар бол Казахын шилийн сайн эрчүүдийн нэг номерт бичигдэнэ. Хоёрдугаарт нь Салимбахы бичигдэнэ. Баян-Өлгий аймгийн Булган сумын “Хөх бэлчир”-т Салимбахын адуугаа хашдаг газар байсан. Үүнийг нь “Каскыр дара” гэдэг байлаа. Монголоор бол “Чонын үүр”. Маш том ангал байдаг юм. Энэ ангалд Салимбахы адуугаа хурааж байгаад ганц шөнийн дотор Алтай давуулдаг байж. Ганцаараа биш. Тав зургаан сайн эрийг дагуулж явдаг байсан гэдэг. Гуравдугаарт Күнгейбай бичигдэнэ. 1940 онд Күнгейбай жороо цагаан морио маршал Чойбалсанд бэлэглэж байсан хүн. Күнгейбай манай Ногооннуурынх. Наян хэдэн настайдаа морин дээр мордоод л шууд давхичихдаг бие сайтай хүн байлаа. Насаараа морин дэлэн дээр дэрвэж яваад морин дэлэн дээр нас барсан хүн. Машин очиж болохооргүй ой модтой газраар нутаглана. Би энэ хүнтэй зориуд очиж уулзаж байлаа. Энэ хүний хурдан удмын хоёр сайхан морийг өс хонзонтой хүмүүс нь өндөр эргэн дээрээс унагаад алчихаж байсан юм. Би тэр морьдод их харамсч билээ. Күнгейбай аргагүй сайн эр байсан. Дөрөвдүгээрт нь Зуухоа баатар бичигдэнэ. Энэ хүн бол Хятадын зандалчидтай насан туршдаа тэмцэл явуулсан алдартай сайн эр. Тэр хүн эцэс сүүлд нь заналт дайснуудынхаа гарт амь үрэгдсэн. Казахын нэрт яруу найрагч Бабын Ахтаан, “Баатар төрсөн Зуухоа Керейнхээ төлөө үргэлж Балмад дайсантай тулсаар орчлонгоос одсон шүү” гэж шүлэглэж байлаа. Тавдугаарт нь “Хырхханбас” Назар бичигдэнэ. Энэ бол Шируны овгийн домогт хулгайч. “Хырхханбас” гэдэг нь “Хайчилсан толгойт” гэсэн хоч үг. Назарын толгойтой үсийг хутгаар авах гэхээр хутга даадаггүй, тэгээд хайчилдаг байж. 19-р зууны үед манж нартай тэмцэлдэж байсан хүн. Тэр үед Монголын зүүн хязгаарт “Торой” Банди мандаж байсан бол Монголын баруун хязгаарт Алпамыс баатар, Зуухоа баатар, Назар нар ид хаваа гайхуулж явсан байдаг юм. Баяд ноёд нь баяжаад, манж хятад нь дарлаад, ард олон нь зүдрээд байх тэр үед манай сайн эрчүүд гараа эвхээд зүгээр суугаагүй л юм билээ. Би “Үрпагы үзилмесн” буюу “Үр удам үл тасраг” номондоо шилийн сайн эр Назарын тухай бичсэн. Энэ хүний тухай домог шиг яриа их байдаг. Би ганц нэгийг хэлье. Назар нэг удаа баян ноёныхоо тэмээнээс нэгийг хулгайлаад гэртээ авчраад нядалж байтал ноён нь холоос ирж яваа харагдсан байна. Тэгмэгц Назар тэмээгээ гэртээ оруулж нуугаад, түмпэн дүүрэн цуснаас нь нохойдоо өгтөл барсангүй. Тэмээний цусыг гадаа асгах юм бол баригдана. Тиймээс өөрөө бүгдийг нь уучихаж. Тэгээд гэрийнхээ зүүн талд үхсэн тэмээгээ нуугаад, наагуур нь хөшиг татчихаж. Манай нутагт хүн нас барахад ингэдэг юм. Ноёныг гэрт нь орж ирэхэд Назарын эхнэр хүүхэд “Хөгшин ээж минь нас барчихлаа” гээд уйлалдаад явчихсан байна. Ноён үүнд үнэмшээд Назарыг хулгайд сэрдэж чадсангүй. Гэхдээ Назараас гарцаагүй гэж мэдээд байж л дээ. Манайхан ямар ч малын тойгны ясыг мөлжөөд хоймроодоо шидчихдэг заншилтай. Нөгөө ноён Назарыг тойгны ясаар илрүүлэхээр шийдээд өвөлжөөнөөсөө хаваржаанд буух үед нь давхиад очсон байна. Тэгтэл хойморт нь тэмээний тойг байх нь тэр. Ноён тэр тойгыг шүүрч аваад “Танайд юуных нь тэмээ байх билээ. Энэ миний тэмээний тойг байна. Чамайг тамгын газар аваачиж байцаана” гээд Назарыг дагуулаад явж. Тэгтэл Назар явах замдаа “Алив наад тойг чинь адууных юмуу, тэмээнийх юмуу, үзье” гэж ноёноосоо гуйж авангуутаа шууд залгичихаж. Ноён тамгын газар очоод “Энэ хулгайч миний тэмээг хулгайлж идчихээд эд мөрийн баримт болох тойгыг нь сая залгичихлаа” гэж хэлсэн байна. Хариуд нь Назар “Тэмээний тойгыг залгина гэж байх уу. Ямар ч боломжгүй. Энэ ноён намайг гүтгэж байна. Ноёнтон та тэгвэл хонины тойг залгиатах. Тэгвэл би таны тэмээний тойгийг залгисан болж хэргээ хүлээе” гэж дээ. Гэвч ноён хонины тойг залгих гээд золтой л хахаж үхсэнгүй. Тэгээд тэр хүн гүтгэсэн болж, Назар ялгүй өнгөрсөн байдаг. Назартай холбоотой энэ мэтийн домог түүх олон бий.

КӨБЕШ БААТАР

Эрт цагт казах түмэнд Жадик, Жантекей гэдэг омог байжээ. Эдгээр омгоос “Чубарайгыр” буюу “Цоохор азарга” гэсэн нэр томъёо үүссэн байна. Нэгэн өдөр Жадик, Жантекей хоёрын нэг азарга адууг Найманаас оргож ирсэн дээрэмчид хөөгөөд явчихаж. Жадик, Жантекей хоёр араас нь хөөж явсаар гүйцэж очиход бүх адууг нь алаад ганцхан цоохор азарга үлдээсэн байж. Жадик, Жантекей хоёр цоохор азаргатайгаа цуг Найманы таван хулгайчийг барьж ирсэн бөгөөд эдгээр хулгайч нарыг хожим “Цоохор азарга” гэж нэрлэх болсон байна. Казах түмнийг Монгол нутагт анхлан удирдан авч ирсэн Жантекейн Көбеш баатар Манжийн дарлалаас, тэндэхийн үл тасрах дайн дажинаас ард олноо аврахын тулд 1886 онд өөрийн эрэлхэг эх оронч хөвгүүн Асылбекийнхээ амиар дэнчин тавьж Манжийн эзэрхэг төрд цаазлуулж байсан эмгэнэлт түүх байдаг юм байна. Насаараа Манжийн эсрэг тэмцсэн Көбеш баатар үр хүүхэддээ ийм нэгэн гэрээс үлдээжээ. “Шаазгай хэлтэй, шавар гэртэй Манж улсад үлдэж шашныг мандуулж, алдар цол, хэргэм зэргээр бялхаж явснаас өөрсөдтэйгөө адил эсгий гэртэй, модон ханатай монголчуудтайгаа хамт гал усны гашуун зовлонг амсавч хойч үедээ өлзийтэй. Монгол, Казах хэзээний нүүдэлчдийн үр сад, ихрийн өрөөсөн мэт билээ. Монголын нутаг өргөн уудам, Монгол дээл уужим, аж төрөл ахуй нөхцөл ойрхон учраас ахан дүүсийн адил аж төрөн амьдрахад нэн тохиромжтой” хэмээжээ. Энэхүү сургаалыг казах түмний “Абах керейчүүд” сахиус адил шүтэж ирсэн байна. Монголчуудтай хамт айлсан аж төрөхийн тулд Асылбек хүүгийнхээ толгойгоор дэнчин тавьсан Көбешийн баатарлаг үйлсээр эрдэмтэн зохиолч Х.Ислам “Аталар аманаты” буюу “Өвөг дээдсийн гэрээслэл” хэмээх түүхэн драмын жүжиг бичиж тайзнаа амилуулжээ. Асылбекийн нэгэн адилаар манж, хятадуудын гарт амиа алдсан казах эр нэлээд хэд байдаг юмсанж. Килан, Жарханбай, Изгутти нарын сайн эрчүүд Хятадын шунахай арга явуулгыг эсэргүүцэн тэмцээд хятад зандалчдын гарт баригдаж, Өлгийн цагаан голд хэрцгийгээр тамлуулан амиа алджээ. Мөн хотол олондоо нэрд гарсан Даймэжаан хэмээх сайн эрийг Мамербек хэмээх ноён хятадуудад ховлон цаазаар авахуулсан байна. Түүнчлэн Атанбай, Байжуман нарын сайн эрсийг Торгуудын ван эсэргүүцэн тэмцлээ гэж амийг нь хороожээ. Казах эрчүүд ноёд баяд, манж хятадын эсрэг тэмцсэн л бол түүнээсээ ухарч няцалгүй эцсийг нь үздэг, ямар ч харгис хэрцгий үхлээс айдаггүй, тийм нэг омголон зориг цээжинд нь огшсоор иржээ. Энэ нь Донын хасгуудын домогт атаман Степан Разинаас эхтэй ч байж мэднэ. 1660-аад оны үед амьдарч асан Степан Разин төрсөн ахыгаа Долгорукы ванд цаазлуулсаны улмаас дүү Фролынхоо хамт цусан өшөө авах тангараг тавьсанаар тэмцэл нь эхэлжээ. Тэр юуны өмнө Азовын тэнгис хавиар туркуудыг тонон дээрэмдэж хөлжмөгцөө Дон мөрнөөр хөвж баян хасгуудыг сандаргаж, Ижил мөрнийг уруудан Новогород, Астрахань хүрэх баячуудын жингийн цувааг тонох болсон байна. Сүүлдээ Астраханийн цэргийн захирагчийг буулган авч, Персийг сандаргаж, хасгуудад хаан лугаа хүндлэгдэх болжээ. Алдар суу нь хол ойргүй түгэж, Днепр мөрний эргээс хүртэл хасгууд ирж түүнтэй нэгдэх болсон байна. Ингээд тэр шүдээ хүртэл зэвсэглэсэн 7000 орчим хасаг цэргийн домогт атаман болж, улмаар замдаа тааралдсан бүх хот, тосгодыг эзлэн явсаар Москва хүрч тайж ноёд, ардын дайсан хааныг устгах төлөвлөгөө боловсруулах нь тэр. Гэвч энэ нь хүчиндээ хэт эрдсэн аархал байлаа. Агуу их Орос орныг тэр юман чинээ тоосонгүй. Эцэст нь дүү Фролынхаа хамт Москвагийн цэргүүдэд олзлогджээ. Ингээд тухайн үеийн хамгийн хүнд хэцүү эрүү шүүлтэнд тооцогдож байсан мөлчийтөл хусуулсан толгой руугаа цэв хүйтэн ус цутгуулах шүүлтэнд орсон ч ажралгүй давсан ба зандалчид толгойных нь үсийг хусч байхад “Намайг эрдэмтэн лам шиг толгойтой болгож гоёх л дутаж гэнэ дээ” гэж ёжилж байсан гэдэг. Эцэст нь зандалчид түүнийг цаазын газар аваачин хоёр тайрдасны хооронд хэвтүүлээд эхлээд баруун гарыг нь тохойноос нь дээш цавчиж, дараа нь зүүн хөлийг нь өвдөгнөөс нь доош цавчихад домогт атаман огтхон ч орилж хашгирсангүй. Харин дүү Фрол нь ахыгаа хэрхэн цаазлуулахыг хараад тэсэлгүй “Би шүүгч нарт чухал мэдээлэл өгье” гэж хашгирчээ. Гэтэл домогт атаман Степаны дөрвөн мөчөө цавчуулсан бие гэнэт татагнан хөдөлж “Дуугүй бай, нохой минь” гэж дүүгээ зандран хашгирч байсан гэдэг.

КӨРИМБАЙ БААТАР

19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед Жа лам Дамбийжаа казахуудыг ихээхэн тамлан зовоож байсан бөгөөд үүний улмаас Казахын зарим нэг сайн эр Дамбийжаагийн эсрэг тэрслэн босч, адуу малыг нь нууцаар хөөж туухаас эхлээд “Аймшиггүй хулгай” Дамбийжааг хүртэл айлгаж бэмбэгнүүлж явсан байх аж. Тэдний нэг нь Казахын сайн эр Көримбай баатар ажээ. Дамбийжаа баруун нутгийн Казах, Урианхайн ноёдыг цуглуулан чуулган хийж бодлогоо танилцуулаад, эсэргүүцсэнийг нь даруй алж устган, хоёрдмол санаатайг нь гавлаж, үнэнчээр аялдан дагалдсан казах хошууны гүн Хилаан нарыг цол хэргэмээр мялааж олон зуун айлыг Увс аймгийн Улаан даваа, Торхлог, Хандгайт руу нүүлгэжээ. Казахуудын тэргүүн ноён Сүкирбайгаар толгойлуулсан нэг хэсэг нь Ирмэгт, Сумтайргийн даваагаар, Булган, Хужирт орчим суурьшсан Жантекей омгийнхон Шинжаан руу, Хиюбайн харъяаны айлууд Оросын нутаг Хөшөө мод, Шүйн гол руу дүрвэн нүүжээ. Харин каракас омгийнхон цаашаа нүүх гээд амжаагүй байна. Тэгтэл Дамбийжаа омгийн ахлагч Ахымбек, Умитай нарыг барьж аваад амьдаар нь өвчиж битүү арьсанд нь өвс чихэж туг болгож бариад, олон арван нялх хүүхдийг эсгий туурганд ороогоод эзгүй хээр хаяж байсан гэдэг. Хилаан ноёноор удирдуулсан 500 орчим өрх айлын эрчүүдийг цэрэгт элсүүлэхэд тэдний эрэлхэг зоригтой нэг хэсэг нь эмэгтэй хүний хувцас өмсөөд зэр зэвсэгээ нууцаар зэхсээр явжээ. Ингээд нэгэн шөнө эмэгтэй хүний хувцас өмссөн Көримбай баатраар толгойлуулсан эрчүүд гэнэт довтлоход оройжин наргисаар унтсан Дамбийжаагийн торгон цэргүүд сандралдан бужигнаж, эцэстээ хөл толгойгоо алдахад Дамбийжаа амь зулбан зугтжээ. Казахын сайн эр Көримбай ийнхүү “Аймшиггүй хулгай” Дамбийжааг айлгаж ичээгээд зогсохгүй омгийнхоо хүмүүсийг авран хамгаалж явсан байна. Казахын түүхэнд нэрээ мөнхөлсөн Хилаан хэмээх ноёныг казахууд сайнаар дурсахаас гадна муугаар дурсах нь бас бий. Жишээ нь түүхч, нийтлэлч Ш.Айбек “Ганцаардмал байдалд хүрсэн гүн Хилаан Алтайн казахуудын бүгдийг захирах үе уламжилсан ноён Ж.Сүкирбайгийн үеэл дүү байсан ч гэлээ түүнтэй албан тушаал булаацалдсан том толгой учир энэ зөрөлдөөнөөс болоод тэр эрхэмүүд цэц булаацалдаж Ж.Сүкирбай Ховд дахь Хятадын Балт вантай үгсэн Хятадад дагаар орох бичиг илгээхэд тэр нь зам зуур баригдсан бол Х.Хилаан 400 өрхийн тэргүүний гарын үсэг зуруулсан бичиг авч Нийслэл Хүрээнд хүрч очоод Богд хаант Монгол улсад харъяалагдсан тухай түүхэн баримт бий. Түүнд нь өш хонзон санасан Хятадын тал найман жилийн дараа 1920 онд зандалчидаа явуулж Х.Хилааныг алуулаад толгойг нь Шар сүмийн багананд өлгөснийг сарын дараа ахан дүүс нь авч ирээд Согог голын хөвөөн дэх булштай нь нийлүүлсэнийг 1971 онд Сайд нарын зөвлөлийн орлогч асан түүхч Пунцагноров гуай зориуд очиж үзэж сонирхсон гэдэг. Ингээд түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, амьдралынх нь ээдрээтэй зам, төгсгөлөөрөө адил төстэй Дамбийжаа, Хилаан гэх хоёр найз хожим домог болон үлджээ” гэж өгүүлсэн юм.

ТИШАБАЙН КҮНГЕЙБАЙ

20-р зууны эхэн үед Баян-Өлгий аймгаас төрж гарсан шилийн сайн эр Тишабай, түүний хүү Күнгейбай нарын домог түүх Өлгий нутагт ихэд тархжээ. Гэвч тэрхүү домог нь казах хэл дээр яригдаж ирсэн болохоор монголчууд Тишабай, Күнгейбай нарын сайн эрчүүдийг тэр бүр мэдэхгүй. Гэхдээ Увс, Ховдын дээр үеийн хөгшчүүл сайн мэддэг байж. Шилийн сайн эр Күнгейбай нь казах түмнээс Монголын түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн цөөн хүмүүсийн нэг юмсанж. 1950-иад оны үед Күнгейбай цагаан шаргал зүсмийн алдартай жороо морь Баян-Өлгийн ард түмний нэрийн өмнөөс маршал Х.Чойбалсанд бэлгэнд очиж байсан бөгөөд тэр морь нь “Монголын шилдэг хүлгүүд” номонд эзнийхээ нэртэй цуг мөнхрөхийн сацуу аялгуу дуунд алдраа дуурсгаж, баримтат кинонд дүрсээ мөнхөлжээ. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын малчин, аймгийн алдарт уяач, Х.Телегин саяхан өвөг эцэг Тишабай, төрсөн эцэг Күнгейбай нарынхаа тухай ийнхүү хүүрнэсэн юм. 1911-12 оны үед Жа лам Дамбийжанцан Монголын баруун хязгаарт өөрийн дарангуйллаа тогтоож, Казахын ард түмнээс 300 гаруй өрх түүний гарт баригдаж ирсэн байдаг юм. Эдгээр өрх айлуудыг одоогийн Увс аймгийн Өрхт нуур, Бургастайд нутаглуулсан байна. Гэвч нэгэн харамсалтай юм болжээ. Жа лам Дамбийжаагийн дарангуйлал, харгислал дор казах өрх айлууд амьдрахад хэцүү байсан ч юмуу, багахан хэмжээний бослого гарч тэр нь сүүлдээ алаан талаан болж хувирсан байдаг. Тэр үед Дамбийжаа эзгүй байж. Үүнийг нь далимдуулаад Абсалдах гэдэг казах эр бусдыгаа уриалан бослого гаргаж Дамбийжаагийн 33 цэргийг гурван гэрт арав арваар нь хийгээд бүгдийг нь алчихаж. Тэгээд 300 өрх айлаа аваад Шинжааны Алтай руу гараад явчихсан байгаа юм. Энэ хүмүүсийн дунд миний өвөг эцэг Тишабай явсан байна. Энэ хүн Шинжааны Алтайд гараад өөрийн эрх зоргоороо явах болж, халх хэлээр бол “Шилийн сайн эр” болж дээ. Тишабай өвөг маань Ононгийн Жантаг гэдэг шилийн эртэй хамтраад Хан Хөхийн шил, Тогтохын нуруу, Байтагийн гүнээс адуу хөөж ядарсан өрх айлуудаа тэтгэдэг байсан гэдэг. 1925 оны үед өвөг эцэг Тишабайг нас барахад миний аав Күнгейбай дөнгөж л эрийн цээнд хүрч байжээ. Тэр үед Ардын хувьсгал ялан мандаад гурав дөрвөн жил болчихсон, Жа лам Дамбийжаа дарагдчихсан, Монголын баруун хязгаарт айх аюулгүй болсоноор Шинжааны Алтай руу дүрвэж гарсан нөгөө казах айлууд 1925 онд Монголын нутагт орж ирсэн байгаа юм. Тэр үед миний аав Күнгейбай арван хэдэн тооны адуугаа хулгайд алдчихаад явган хоцорсон гэдэг. Тэгээд амьдрахын эрхэнд Бүйтэг гэдэг баян айлд зарцлагдах болж. Бүйтэгийн ганц хүү нь Дарам. Аав маань энэ айлд зарцлагдаж байсаар дахиад сэргээд ирж. Яг сэргэж байх тэр үедээ өвөө аавын найз болох шилийн эр Ононгийн Жантагтай танилцсанаар хаа холын Хятадын Алтай, Шинжаан, Байтагийн гүнээс адуу хөөдөг болсон байна. Тэр үед аав маань “Онгоон хошууг онгойлгоод, Онгорхойн хөтлийг сэтэлсэн Күнгейбай” гэдэг хоч авч явсан болохоор шилийн эрийн хувьд айхтар хүн байсан нь ойлгогддог. Энэ хочийг Бүйтэг баяны эхнэр Жавзан өгсөн гэдэг юм. Аав бас “Шар шулам” гэдэг хочтой байсан. Ононгийн Жантаг аав хоёр Алтайн нурууг даваад Тогтохын шилээс жороо удмын адуу авчирч “Дүйнхэр” урианхайн Додгойн адуунд нийлүүлж цус холилдуулсанаар хожим манайх олон сайхан жороо морьтой болсон. 1939 онд маршал Чойбалсан Баян-Өлгий аймагт биечлэн очиж казахуудыг Ховдоос тусгаарлах тухай зарлиг гаргасан байдаг. Тийм учраас казахууд маршалд их сайн. 1950 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 10 жилийн ойг казакууд маш сүрлэг тэмдэглэж, маршал Чойбалсанг урьсан юм. Гэвч маршал тэр үед чухал ажилтай болоод ирж чадаагүй юм билээ. Түүний оронд Намын Төв хорооны Сүрэнжав дарга Баян-Өлгийд ирсэн. Энэ үед Баян-Өлгий аймгийн засаг захиргаа маршал Чойбалсанд казах үндэстний мөнгөн эмээл, жороо морины хамт бэлэглэхээр болж, хамаг л хүч оюун, гарын ураа дайчлаад мөнгөн эмээл бэлдэж, жороо морьдоос миний аав Күнгейбайн хар морийг сонгосон байна. Ингээд аймгийн арван жилийн ойн баяр наадам болж, гурван аймгийн 150 жороо морь уралдаад Күнгейбайн цагаан шаргал морь хол тасархай түрүүлж, хар морь нь гуравт орсон. Цагаан шаргал морийг тухайн үед хол ойрын баячууд ихэд сонирхож, босоо бөхтэй арван тэмээ, 10 мянган төгрөгөөр авъя гэхэд аав өгөөгүй гэдэг юм. Тавиад оны 10 мянган төгрөг гэдэг барагдашгүй их мөнгө шүү дээ. Намын Төв хорооны Сүрэнжав дарга жороо морины уралдааныг машинтай дагаж явсан байна. Тэгээд аавын цагаан шаргал морийг аргагүй биширчээ. Наадмын дараа Сүрэнжав дарга аавыг дуудуулж гар барьж, баяр хүргээд “Таны цагаан шаргал морь үнэнхүү сайн морь байна. Ийм морь гэж бас байдаг аа. Маршалд энэ морь яг тохирно. Бидэнд төсөвлөсөн мөнгө байгаа. Цагаан шаргал морийг чинь худалдаж авъя” гэхэд аав “Миний муу даага төрийн хүнд, төрийн толгойд ард түмний нэрийн өмнөөс үнэлэгдэж байхад би та бүхнээс юу авах вэ дээ” гээд үнэгүй бэлэглэчихсэн гэдэг. Аав маань 1938 онд Ховдын шоронгийн эсгий гэрт дөрвөн сар хоригдоод суллагдахдаа мөн л нөгөө хурдан удмын морио унаад Ховдоос Баян-Өлгий хүртэлх 240 км газрыг ганцхан өдөр туулаад гэртээ харьж байсан гэдэг. Аавын маань нэг хурдан буурал морь нутагтаа нэр алдраа дуурсгаж явсан байдаг юм. Алтай нутгийн хурдан морины уралдаанд удаа дараа түрүүлж байсан энэ буурал морийг аавд өс хонзонтой, болж бүтэхгүй хүмүүс хорлож алсан гэдэг. Дөч, тавиад оны энэхүү хар хор тасрахгүй байсаар миний үед буюу 1988 он хүртэл үргэлжилсэн юм. 1987 онд аймгийн наадамд түрүүлсэн миний хар морийг, мөн 1988 онд Бугат, Баяннуур, Ногооннуур гээд гурван сумын наадамд түрүүлсэн хар соёолонг маань өш хонзонтой хүмүүс Ховд голын Бор-Үзүүрийн өндөр эрэгнээс унагаж алсан. Эзэд нь тодорсон. Тэд өөдлөөгүй.

ОНОНГИЙН ЖАНТАГ

Шинжааны Алтай, Хан Хөхийн шил, Тогтохын нуруу, Байтагийн гүнээс адуу хөөж ядарсан ардуудыг тэтгэж явсан Ононгийн Жантаг нь алд дэлэм урт цагаан сахалтай, үг хэл хурц, ихээхэн тэмцэгч хүн байсан байна. Тийм учраас түүнийг “Үгүйн” Жантаг гэдэг байж. “Үгүйн” гэдэг нь үг хэл хурц гэсэн утгатай. “Үгүйн” Жантаг үг хэл хурц байдлаа ашиглаж Казахын ард түмний дунд “Айтыс” гэж алдаршсан ур ухаанаа гарган тэрсэлддэг шүлгийн тэмцээнд оролцож байсан гэх. Айтыс нь хоёр өрсөлдөгчийн уран чадвар, ухаан, үгийн цэцэн цэлмэг байдал, цог хийморийг уудлан шавхдаг казах түмний уламжлалт соёлын нандин өв бөгөөд уран яруу найргаар цэц булаалдах харилцаа дууны энэхүү тэмцээн нь үдшийн бүрийгээс үүр гэгээрэх хүртэл харилцан шүлэглэдэгээрээ онцлогтой. Казахын ард түмний хэдэн зуун жил үргэлжилсэн энэхүү өв соёлыг 1996 онд ЮНЕСКО дэлхийн гайхамшигт өв соёлын нэгээр бүртгэн авч алдаршуулжээ. Айтыст өрсөлдөгч хоёр эхлээд сайнаараа гайхуулалцсаар аажимдаа муугаа дуудалцаж, цаашлаад нутаг хошуу, омог отог, ноёд баяд, баян хоосон гээд нэгийгээ давах гэж үзэлцсээр эцэстээ нэг нь ялж, нөгөө нь ялагдана. Хоёр өрсөлдөгч зарим үед эр бяраа үзэх гээд ноцоон барилдаан, зодоон цохионд ч хүрдэг байж. Гэхдээ Ононгийн Жантаг нь нэрд гарсан “Айтысчин” байсангүй. Харин Казахын нэрт яруу найрагч Бабын Ахтаан нэрд гарсан “Айтысчин” байсан гэдэг. Баян-Өлгий аймгийн уугуул, зохиолч Бөхийн Бааст гуай энэ тухай өгүүлэхдээ “Магтаал сайшаал, инээд ханиад, баяр хөөрөөр эхэлж, хурсан олны цөсийг цалгиаж, сүүлд зүрхэнд нь шар ус хураасан айтысын тэмцээнд Ахтаан залуугаасаа оролцсон байдаг. Харамсалтай нь ийм сонин сайхан урлагийг одоотой адил хуулан бичээд авдаг аппарат хэрэгсэл байтугай хурдан бичээд авах хүн ч байгаагүй учир тэр их урлаг тэр аяараа хийсэн оджээ. Ахтаан гуайн өтгөн хар хөмсөг дотор сорви бий. Энэ бол айтыст барилдаж явахдаа олсон шагнал буюу шарх сорвийн үлдэгдэл. Ахтаан гуай залуудаа ер нь их шартай, нэлээд омогтой эр байсны шинж байдаг” гэж өгүүлсэн юм. Үүн лүгээ “Үгүйн” Жантаг нь ихээхэн омогтой, шартай, зодоон цохионд гаргууд, үг хэл хурц нэгэн байжээ. Түүний тухай зохиолч Р.Чинай өгүүлэхдээ “Баруун аймагт нэрд гарсан шилийн сайн эр Ононгийн Жантагийг жар гаруй настайдаа шоронд сууж байхад нь би уулзаж байлаа. Айхтар сэргэлэн хүн байсан. Тэр бол гуйгаад өгөөгүй юмыг хүчээр авдаг “Аламан” буюу “Жыриндей” байсан юм” хэмээв. Ононгийн Жантагийн хүү Донид, охин Гүр нар саяхан болтол Баян-Өлгий аймагт амьдарч байсан байна.

СЫДИК БААТАР

Казахын нэрт яруу найрагч Б.Ахтаан “Айтыс”-т өрсөлдөх үедээ, “Шунахай ховдог дайснаас ард олноо хамгаалсан Сыдик шиг баатар эр танайд заяасан, удаагүй ээ” гэж шүлэглэсэн байдаг. Сыдик нь Казахын домогт баатар Оспаны дүү ажээ. Сыдик нь хэдийгээр баатар цолтой ч “Цахиур” Төмөр шиг сайн эр явсан байна. Одоогоос зуугаад жилийн тэртээ “Улаан хөлтөн” гэж нэршсэн Хятадын оргодол цэргүүд Алтайн хязгаарын Буурал тохойд орогнож, яваандаа хөлжиж тэвээрээд казах түмнийг тонон дээрэмдэх болсон байна. Тэдний эсрэг сайн эр Сыдик зориглон босчээ. Тэрбээр “Улаан хөлтөн”-үүдийн казахуудаас дээрэмдсэн агт морьдыг зөрүүлэн дээрэмдэж, улмаар тэднийг толгой дараалан устгахад гарамгай гавъяа байгуулжээ. Түүний гол зэр зэвсэг нь нум саадаг байж. Тиймээс нэгэн зүйл саадагыг Сыдик гэж нэрлэх болжээ. Түүний ах “Төхөр огаз” буюу “Хазгар шар” хочит Оспаны хувьд гэвэл эхэндээ “Аламан”, “Жыриндей”, “Жерокты” маягийн шилийн эр гэгдэж яваад сүүлдээ улс төрийн том зүтгэлтэн, цэргийн жанжин болж хувирсан түүхтэй. Нэгэн түүх бичлэгт өгүүлэхдээ “Манжуурт Японы цэргүүд цөмөрч орсон 1932 оноос эхлэн агуу их Дундад улс даяар Манж Чин гүрний үед тэдний хараанд байсан бага үндэстнүүд босч эхэлсэн бол Шинжааны хойд хязгаарын уулархаг нутагт Оспан баатар аль эрт 1928 оноос л гартаа винтов буу атгаж, ташаандаа олон угсардаг маузер буу зүүж эхэлжээ. Энэ талаараа тэрбээр Түвдийн анхны партизануудтай энэ зэрэгцэх туршлагатай нэгэн байлаа” гэсэн байх аж. Оспаныг зарим түүхч “Алтайн их уулсын оргодол хүрэн бүргэд” гэж цоллодог. Энэ хүн Монголын түүхтэй хэрхэн, яаж холбогдсон нь тун ээдрээтэй асуудал бөгөөд өнгөрсөн үеийн түүхийн сурах бичигт Хасгийн дээрэмчин, Монголын баруун хязгаарыг дээрэмдэн түвээж байсан зартай этгээд гэх маягаар бичигдсэн билээ. Оспаны гол зорилго нь Исламын бүгд найрамдах улс байгуулж, өөрөө Ерөнхийлөгч нь болох байсан бөгөөд энэ нь бүтээгүйд уурсахдаа Гоминданы талд урвасан гэх нь ч бий. Тиймээс Монголын зүгээс Оспаныг устгахаар шийдэж, улмаар 1949 онд Дандар баатрыг шоронгоос түр гаргаж Оспаныг устгуулахаар явуулж байжээ. Дандар баатар Оспаны нутаглан буй газрыг олж, түүний гэр лүү хөнгөн пулемётоор шүршээд, хүн гарч зугтахгүй болохоор нь үхсэн гэж итгээд 1949 оны дөрөвдүгээр сарын 2-нд Монголдоо ирсэн байна. Гэвч энэ үед Оспан Хятадын эсрэг тэмцэлээ өрнүүлээд гэртээ ч орох завгүй явсан гэдэг. Тэрбээр 1951 оны хаврын эхэн сард Ханамбал уулын энгэр дэх Таж нуурын хөвөөнд байрлаж байхдаа хятадуудад бүслэгдэж, улмаар сөрөг довтолгоонд орох гэтэл морь нь мөсөнд халтирч унасанаар баригджээ. Ингээд Үрэмчид хүргэгдэж очиход нь хятадууд түүнийг хэрцгийгээр зодож нүдэн, хоёр гарыг нь үүрүүлж гинжлээд нүүрэнд нь хар хөө түрхэж, хүзүүнд нь “Бидэнд амар заяа үзүүлээгүй Оспан” гэсэн казах, хятад бичигтэй модон пайз зүүлгээд хэд хоногийн турш хотыг тойруулсаны эцэст 1951 оны 4-р сарын 28-ны өдөр хороо цэрэг гарган олны өмнө буудаж алаад, тухайн өдөр радиогоор “Оспаныг Анвар Жакулан гэдэг казах эр буудлаа” гэсэн худал зар тараасан гэдэг. Казак үндэстний олонхи судлаачид “Оспан бол Манж-Хятадын гүрэн, Гоминданы засаг захиргаа, Маогийн улаан Хятад, Сталины улаан Оросын аль алиных нь далдуур бодлогыг цаг тухайд нь мэдрэн үл зөвшөөрч, ямар ч түүхэн зааг, эргэлтийн үед гуйвж дайвахгүйгээр цэх шулуун явж, босоогоороо амь эрсэдсэн, Дорнод Туркестан улсын тусгаар тогтнол, олон үндэстэн бүхий Шинжааны ард түмний үндэсний эрх чөлөөний төлөө цуцалтгүй тэмцэгч, зоригт жанжин, улс төрийн холч хараатай зүтгэлтэн байсан” гэж тодорхойлсон байдаг билээ.

ХУСАЙНЫ ХАХАРМААН

20-р зууны эхээр Хятадын Алтай аймгийн Шингэл хошууны “Дөнт” хэмээх газар төрсөн Жайланд овгийн Хусайны Хахармаан насан туршдаа Баян-Өлгий аймгаар овоглож ирснийг нь хар багаасаа Баян-Өлгийд ирж суурьшсаных болов уу. Аварга том биетэй, ойгүй бяр чадалтай мань эр 1930-аад оны үед аавын хаалга татаж 15 жилийн турш Туул голд сал урсгажээ. Ингэснээр түүний бие бялдар, булчин шөрмөс улам төгөлдөржсөн байна. Гучаад оны үед шоронд хоригдсон болохоор түүнийг нөгөө л их хэлмэгдүүлэлттэй холбож үздэг. Гэвч Увс, Баян-Өлгийн дээхэн үеийн хөгшчүүл түүнийг хэрхэн шоронд орсон тухайд Шинжааны Алтай дахь Хасгийн дээрэмчидтэй ана мань тэмцэлддэг, улмаар Шинжаанаас адуу мал хөөж ирдэг байсантай нь холбодог байж. Ямартай ч Хасгийн сайн эр Хахармаан шоронд байх хугацаандаа сайн эрийн явдлыг олон удаа харуулж, хоригдлуудын дунд ихэд нэр хүнд олж авсан байдаг. Аварга том биетэй тэрбээр Туул голд сал урсгахдаа дээд зэргээр мэргэшиж, өдрийн нормоо тогтмол давуулан биелүүлдэг байснаар 1949 онд шоронгоос суллагджээ. Хэрвээ мань эр хөрөнгөтөн, феодал гэх мэтийн хилс хэргээр ял эдэлж байсан бол “Улаан арав” буюу арван жилээр яллагдах, эсвэл шууд цаазаар авахуулах байлаа. Ер нь тухайн үед хэлмэгдэгсэдийн дунд ийм л хоёр “хэнхэгийн” заалт голдуу үйлчилж байсан байдаг. Харин 15 жилийн турш шоронд сууж, өдрийн нормоо давуулан биелүүлэн байж хугацаанаасаа өмнө шоронгоос суллагдахыг бодоход Хусайны Хахармаан шилийн эр маягийн овоо том хэрэг үйлдсэн нь илт. Нэг удаа Хахармааныг ууланд мод хийж байтал хоол хүнс нь дуусч ялтанууд хоёр хоногийг өлөн зэлмүүн өнгөрөөжээ. Гэтэл уулнаас нэлээд зайтай байх намганд нэгэн бүдүүн шар шаварт шигдэн үхсэн байж. Үүнийг мэдсэн Хахармаан ганцаараа явж очоод мөнөөх үхсэн шарыг шавраас татан гаргаж үүрээд майхандаа авчран нөхөддөө хоол унд залгуулж байсан гэдэг. Түүнтэй хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул Бэндэгбайн Хожогапан хэмээх бөх хоригдож байсан бөгөөд энэ эр 1949 онд Хахармаантай цуг шоронгоос суллагдсан жилээ улсын наадамд барилдаад “Улсын начин” цол хүртэж байсан байна.

НООСТЫН ЧӨЧИГ

Оготор омгийн Ноостын Чөчиг нь 1900-гаад оны үед төржээ. Тэрбээр далаад оны үед 68 настайдаа таалал төгссөн байна. Чөчиг нь Ононгийн Жантаг, Тишабайн Күнгейбай, Увсын Алдарын Намжаа, “Долоон хүзүү” Жигмэд нартай цуг нэг үе Шинжаан, Тувагийн баячуудын шүдний өвчин болж явсан байдаг. Алдарын Намжаа нь Дөрвөдийн сайн эрчүүдийн толгойлогч байсан бөгөөд тэрбээр дөчөөд оны үед цаазаар авахуулжээ. Эдүгээ 87 насыг зооглож буй Ч.Жүдэв гуай өөрийн эцэг Ноостын Чөчигийн талаар ийнхүү хүүрнэсэн юм. “...Аав маань залуу зандан насандаа шилийн сайн эр Күнгэйбайтай их нийлдэг байв. Голдуу баруун тийшээ Шинжаан, хойшоо Тува, Тэлэнгэд явна. Аав маань ядуу айлуудад адуу малаар их тусалдаг байсан юм. Би хорь орчим насандаа Күнгейбайн адууг малладаг байлаа. Ононгийн Жантаг гэж урт цагаан сахалтай хүн аавтай бас нийлнэ. Ер нь дөч, тавиад оны үед Баян-Өлгий аймагт Ононгийн Жантаг, Күнгейбай, “Долоон хүзүү” Жигмэд, миний аав Чөчиг нарын хэдхэн хүн л алдартай байсан юм. Тэр үед эд нарыг “Атакт чигарган азамт эр адам” гэж нэрлэдэг байлаа. Монголоор орчуулбал нэрд гарсан залуу шинэ хүчин гэх юмуу даа. Увс аймгийн Бөхмөрөн сумын харъяат “Бөх” Аюурзана гэж сайн эр аавтай бас нийлдэг байсан. “Долоон хүзүү” Жигмэдийн хувьд гэвэл социализмын үеийн том дарга Бугын Дэжидийн хамаатан шүү дээ. Жигмэдийн Дүгэржав, Даваажав, Пүрэвжав гээд хүүхдүүд нь одоо байх ёстой. Тэд аавынхаа тухай их юм мэдэх улс даа” гэсэн юм. Үнэхээр ч “Долоон хүзүү” Жигмэд нь хар багаасаа дуулиан тарьж явжээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед Жигмэд 16 настай байж. Тэгтэл нэг өдөр аймгийн Дотоодыг хамгаалах газрын хоёр ногоон малгайт эцгийг нь хилс хэргээр баривчлаад машинд суулгаад аваад явжээ. Жигмэд эцэгтэйгээ хоёлханаа амьдардаг байж. Тэгээд яахав, өнчин хоцорсон хүүхэд харж хандах ганц хүнээ алдаж байгаа болохоор санаанд нь нэг юм бууж дээ. Баригдаад явсан аавынхаа хойноос зайдан морьтой давхичихаж. Гол үертэй байсан болохоор нөгөө хоёр ногоон малгайт ус гаталж чадахгүй байж байтал шөнө нь Жигмэд давхиж очоод хоёуланг нь цааш нь харуулаад эцгийгээ аваад оргочихсон гэдэг. Тэгээд эцгийгээ хаа холын Баян-Өлгий аймагт аваачаад, өөрөө шилийн эрийн замаар орчихож. Сайн эр гэдэг нь хүн алсандаа биш, буу зэвсэгтэй хоёр ногоон малгайтныг 16 настай жаахан хүүхэд чухам ямар аргаар цааш нь харуулаад эцгийгээ аврав гэдэгт байгаа юм. “Бөх” Аюурзана, “Долоон хүзүү” Жигмэд хоёр нэлээд нас ахисан хойноо залуу цагийнхаа явдлыг сэргээхээр баруун зүг рүү нэг удаа “ухасхийгээд” ирж байжээ. Үүний учир нь гэвэл Жигмэдийн хүү Даваажав нэгдлийн адуу маллаж байхдаа гуч гаруй адуу чононд өгчихөж. Тэгээд ял авахаар болжээ. Тэр үед “Долоон хүзүү” Жигмэд нэгдлийнхээ дарга дээр явж ороод “Манай хүү гучаадхан адуу л дутаасан юм байна шүү дээ. Гайгүй л юм байна. Гурав хоногийн дотор үүнийг чинь төлчихье” хэмээжээ. Ингээд жар гаруй насны “Бөх” Аюурзана, Жигмэд хоёр баруун зүг ухасхийж гуч гаруй адуу хөөж авчран нэгдэлд тушаагаад Даваажавыг ялаас аварч байсан гэдэг. “Бөх” Аюурзана нас дээр гарсан хойноо хүн амины хэргээр шоронд суусан байна. Нэг өдөр түүнийг айлын найран дээр явж ортол нэгэн агсам танхай залуу хавь ойрын хүмүүсээ алж хядчих гээд байж. Тиймээс “Бөх” Аюурзана аварга том гараараа агсам залуугийн хүзүүнээс атгаад автал хөөрхий ядмаг эр амьсгал нь боогдоод мажийчихсан гэдэг. Гэхдээ Аюурзана удалгүй цагаадаж наранд гараад 1975 онд насны эрхээр өөд болжээ. Ноостын Чөчиг, “Бөх” Аюурзана, “Долоон хүзүү” Жигмэд нараас гадна Жангудай хэмээх сайн эр Баян-Өлгий аймагт нэг хэсэг алдаршсан байна. Оростой хил залгаа Горно-Алтай, Асгат хайрхан хавиар нутаглаж явсан Жангудайн гол дайсан нь Тувагийн зэвсэгт дээрэмчид байжээ. Энэхүү цуутай эр 101 насалсан гэдэг. Тэрбээр үхэн үхтэлээ Тувагийн зэвсэгт дээрэмчдийг шүд зуун занаж байгаад 1990-ээд оны үед таалал төгсчээ. Тувагийн зэвсэгт дээрэмчдэд дарлуулж гүйцээд байгаа өнөө цагт Жангудай шиг эр хүн бидэнд яах аргагүй дутагдах болсон билээ.

СҮРЭМХАНЫ АУКЕН

Өнгөрсөн зууны дөч, тавиад оны үед Сүрамханы Аукен хэмээх казах эр Монголд нэг хэсэгтээ л алдаршжээ. Монголчууд түүнийг Агваан гэж дууддаг байж. Сүүлдээ энэ хүн Халхын шоронд нөгөө атаман гээч нь болж Засан даяар зард гарсан байдаг. Ерээд оны шоронгийн луугар атаман гэгдэж явсан “Ландага” хочит Батцэнгэлтэй өнгөрсөн жил хүүрнэж суухад тэрбээр “Сүрэмханы Агваан гэж айхтар хасаг эр байсныг би “ахмадууд”-аас дуулж сонсож байлаа. Дөч, тавиад оны үед Улаанбайшингийн шорон гэж байхад Агваан тэргүүтэй арав хорин хасаг үнэхээр ялан дийлж, монголчуудыг бүр эргүү болгочихсон байгаа юм. Энэ Агвааныг сүүлдээ Увс аймгийн харъяат Бадрахын Монголцог гэгч сайн эр дарж авсан байдаг. Тэгээгүй бол энэ Агваан бүр дийлдэхээ байгаад Засангийн дарга нараа хүртэл айлгадаг байжээ. Энэ бол Халхын шоронд түүх болж үлдсэн хүн” гэж өгүүлж билээ. Үнэхээр ч Агваан нь түүх болж үлдсэн байдаг. Тэр үед “Мулзныхан” гэж байсан бөгөөд энэ нь ямар ч сайн эрийг мулз дээрэмддэг дийлдэшгүй чанарыг илтгэдэг байж. Засангийнхан түүнийг номхотгохоор Дандар баатрыг хүртэл турхирч байсан гэх бөгөөд харамсалтай нь Дандар баатар түүнд мулзлуулж байсан гэдэг юм. Энэ тухай ерээд оны үед ахмад сэтгүүлч Б.Цэрэнноров гуай бичиж байлаа. Сүрэмханы Агвааныг Налайхын ахмад настай казахууд андахгүй мэддэг, эдүгээ ч түүний тухай элдэв адал явдал хүүрнэж суудаг юм байна. Эдүгээ Казакстанд суугаа зохиолч Хайратын Бекен саяхан над руу Сүрэмханы Агвааны тухай ийм нэгэн мэдээлэл явуулсан юм. “Сүрэмханы Аукен бол үнэхээр алдартай сайн эр явсныг тавь, жараад оны казах түмэн мэддэг. Түүнийг Монголын шоронд хоригдож байхад 13 казах нийлсэн байдаг. Аукен бол Хэрэйдийн Ители овогт хүн байсан. Түүний хамсаатан 13 казах эрийн заримыг би хэлье. Атекей (бахат овогт), Силам (найман овогт), Хабий (жастабан овогт), Хари (санырау овогт), Орынхан (жастабан овогт), Ойтохан (жадик овогт), Солтан (молхи овогт) энэ хүн УИХ-ын гишүүн асан Баделханы овог нэгт хүн. Аукен эдгээр 13 хүнийг удирдаж Монголын шоронг нэг үе атгандаа авсан байдаг. Дандар баатар Аукенийг номхруулах зорилгоор шоронд ороод түүнд алуулах шахсан гэдэг шүү дээ. Аукен Баян-Өлгийн Цагааннуурын нутагт төрсөн. Хамаатны хүн нь Бекей гэж байсан. Сүүлдээ Аукен шоронгоос суллагдаад Налайхад амьдарч байсан. Тэгтэл Төв аймгийн Эрдэнэсант сумын нэг цагдаа түүнийг буудаж алсан. Тэр цагдаа айсандаа буудсан гэдэг. Аукен бол Монголд зард гарсан легендарный хүн шүү дээ…” гэж онцолсон юм.

АХТАЙН ЖЫЛХЫШЫ

Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, дипломатч Т.Султан гуай Казахын сайн эрчүүлийн тухай ийнхүү хүүрнэв. Аливаа ард түмний дотор зоригт баатрууд, хүчит бөх, сайн эрс гэхчилэнгээр олонд хайрлагдсан алдартнууд байдаг билээ. Тэдний туулсан амьдрал, үлдээсэн мөрийг нэхэн судалж байхад тэд голдуу илүүг харж билүүг долоосон элдэв шуналгүй, этгээд бусармаг зангүй, гүдэсхэн гүндүүгүй, бусдад тустай, буурайд өрөвч, сэтгэл ариун, зүтгэл шулуун улс байх аж. Тэгээд ч хүн ард тэднийг ямагт дулаан бүлээнээр дурсаж. этгээд зан, элдэв явдлыг нь хуучлан хөөрөлдөж,заримдаа үлгэрийн баатар мэт хөөргөн дэвэргэж ярьдагаас амьтны ам дамжин, үеийн үед үл мартагдан бидэнд хүрсэн байдаг. Казак түмний дунд ч тийм энгийн атал, эгэлгүй хүчтэнүүд олон байв. Тэдний этгээд зан, элдэв явдлын тухай уншиж дуулсан нь олонтаа. Хамгийн эхэнд Ахтайн Жылхышы хэмээх сайн эрийн тухай хүүрнэе. Баруун Монгол дахь Казакийн шеруши овгийн үкерда буюу бүгдийн тэргүүн, захирагч, эрэлхэг зоригт, эгэлгүй хүчтэн, ухаалаг шударга зүтгэлтэн. 1824 онд төрөөд 1885 онд таалал төгссөн энэхүү сайн эр 18-19-р зууны зааг дээр Өвөр Алтайд нутагладаг Керей аймаг, Зайсан нуур хавиар нутагладаг Найман аймгийн хойлогын наадам, даншигт удаа дараа түрүүлж “Тэмээн бөх” цол хүртэж байжээ. Алтайн ар, өврөөр баяд ноёдын адуу малыг хөөж туудаг байсан энэ эр мөстөж, цасанд боогдсон даваагаар адуу малаа голдуу үүрээд гарчихдаг байсан гэдэг. Алтайн өвөр, нам нутагт айл хотлоороо тариа тарьж, манж хятад, хасаг, уйгаргүй зэрэгцэн оршиход булгийн ус хүрэлцэхгүй, шөнөдөө хулгайгаар бие биенийхээ шуудууны эхний хоолойг бөглөн, хэрүүл уруул болж, тариа тарих эв дүй муутай казакуудыг шахаж эхэлжээ. Тэгэхээр нь Жылхышы нэгэн шөнө булгийн усыг өөрийнхөө талбай руу эргүүлэн, бусад хоолойнуудын эхэнд барагтай хүн даахааргүй үхэр чулуунуудыг хаяад тагалчихжээ. Эл чулууг зайлуулж чадаагүй хүмүүс Жылхышыд очин хүлцэл өчиж, гэм зэмээ сонсч, тэр өдрөөс эхлэн байгалийн усыг ээлжээр авах тухай түүний зарлигийг дагах болжээ. Жылхышы 1860-аад онд Ховд нутагт бүрмөсөн суурьшихаар шийдэж, газар нутаг сонжиж, Ховдын хязгаар алгасан, Оросын нутаг Шүйн гол руу давахад Хаант Оросын хилийн харуулын цэргүүд буудан хөөж, баривчилжээ. Зугатан буудалцаж, сандран будилж явахад түүний нэг хөлийн “Кебис” нэртэй гутал нь сугараад үлдчихсэнийг орос цэргүүд олоод авчээ. Казакууд нөмгөн арьсан оймсны гаднаас углаж өмсдөг углаашийг “Кебис” хэмээдэг. Уг нь орчин үеийн ботинк маягийн гутал юм л даа. Тэрхүү аварга том гутлыг гайхсан оросууд өмсөөд үзэхэд тэдний хоёр хөл нь Жылхышы ноёны өрөөсөн хөлийн гуталд багтчихжээ. Үүнээс үзэхэд Жылхышы ноён хэр хэмжээний биетэй байсан нь ойлгомжтой. Түүний бие, чадлыг бахдан гайхсан орос цэргийн дарга гэртээ авчруулан дайлж, улмаар түүнтэй хэл амаа ололцоод Шүйн голын эхээр отрын мал оруулахаар тохиролцож байсан гэдэг. 1884 онд өвөр Алтайн Жадик овог болон Ховдын Шеруши хоёрын хооронд нэгэн хямралдаан дэгдэж, хоёр тал цэрэг засан байлдахад нас 60 хэлбийж байсан Бүгдийн дарга Жылхышы баруун хөлдөө гарсан хорт хавдрын өвчин шаналалаа үл тоож, өвчтэй хөлөө эмээлийнхээ урьд ганзагнаас чангаан уяж, цэрэг эрсээ тэргүүлэн уухайлан давшиж, ялалт байгуулж байсан түүхтэй. Тэнгэрт халихынхаа өмнө Жылхышы ноён гурван зүйл сэтгэлд нь харамсал болж үлдэж буй тухай өгүүлжээ. Тэр нь нэгд, сайн бүсгүйн амины төлөөсийг муу эрийнхтэй адилхан тогтоож амжаагүй. Хоёрт, Хотол олноо Булган голын өнтэй нутаг “Гурван хүүхэн”-д суурьшуулж амжаагүй. Гуравт, Манжийн гурван хөшгийг довтолж үл амжсан явдал байсан гэнэ. ”Гурван хөшиг” гэдэг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Асгатын мөнгөний орд, Толбо сумын нутаг дахь Мөнгөн усны орд бөгөөд эдгээр баялаг орд газруудыг анж, хятадууд дур мэдэн эзэгнэж, эргэн тойрон харуул тавьж, нутгийн хүмүүс монгол, казакуудыг нэг ч алхам үл ойртуулан цагддаг байжээ. Тэрхүү баялаг орд газруудыг далдлан харуулдсан манж-хятадын харуулыг нутгийн ардууд “Манжийн гурван хөшиг” гэдэг байж. Жылхышы ноён манж-хятадын далд санааг эртнээс ухаж ухааран, цэрэглэн довтолж, монгол нутгаас хөөн зайлуулах бодолтой байсан нь ийнхүү түүний насан хутаг олсноор үл биелэгджээ. Монголчууд бид тэрхүү баян орд газруудыг одоо хэрнээ ашиглан, ард олныхоо тусын тулд эргэлтэнд оруулж чадаагүй л явна даа. Манай дээдэс ямар холч ухаантай байсныг бодохоос бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. Жылхышы ноён өөрийн гэсэн гоо сайхны мэдрэмжтэй, сониуч зантай хүн байсан гэлтэй. Нутгийн элдэв өнгийн шороог найруулан, казакууд “Опа”, монголчууд “Энгэсэг” буюу “Нүүрний будаг”, “оросууд “Пудра” хэмээн нэршсэн будгийг бэлтгэн, айл амьтнаар явж айлчлахдаа сайхан хатныхаа нүүрийг түүгээр гоёж өгдөг байжээ.

ЕГИЗЕКИЙН АМАНЖОЛ

Аманжол нь Казак түмний Уах аймгийн хүн. Өвөр Алтайн Шеруши овгийн тэргүүн Ахтай ноёны нөмөр нөөлөгт багтан амьдарч байжээ. Шеруши овгийнхон Зайсан хавиар нутагладаг Найман аймгийн “Нүдэн хээр” нэртэй хурдан хээрийг олзолж авсанаас хоёр тал хямралдан, нүдэн хээрийн төлөөс, зарга шарга гэгч асуудал үүсчээ. Шеруши овгийнхон нэгэн заль зохиож, “Нүдэн хээрийг хулгайлсан эзэн нь Аманжол гэгч сайн эр юм. Нүдэн хээр аль хэдийнэ үхсэн. Морины оронд морь авцгаа. Эс бөгөөс, хэргийн эзэн, хэнгэрэгийн дэлдэгч Аманжолыг цээрлүүлэгтүн. Хэрвээ тиймдээ хүрвэл Аманжолыг бид шууд барьж өгч чадахгүй. Хоёр талын морьтон эрсийг жагсаагаад, тэдний дундуур Аманжолыг хар хурдаар нь давхиулж өнгөрүүлье. Тэр үед бариад авна уу? Онилон унагаана уу, та нарын хэрэг” гэжээ. Найманы талынхан уг саналыг хүлээн авцгаажээ. Тэгтэл Шеруши талынхан Аманжолид хамгийн шалмаг морийг унуулж, хувцасны дотуур нь хөнгөн хуяг нууж өмсүүлэн, жагссан олны дундуур өнгөрүүлжээ. Тиймээс Аманжол хурдан, шалмаг мориороо бултан зугатсаар саадаг нумын суманд өртөлгүй, уулын тагтанд гараад явчихаж. Ийнхүү хоёр талын зарга шувтарчээ. 1883 оны өвөл Алтайн Жадбик овог, Ховд нутгийн Шеруши овгийнхан цэрэглэн тулалдсан нэгэн түүхт үйл явдал бий. Тэр нь одоогийн Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутаг Бардамын аманд болжээ. Энэхүү тулалдаанд Жадик талынхан морьдынхоо сүүлийг сүлжин уясан нь тэдний өөр хоорондын таних тэмдэг болж гэнэ. Үүнийг Аманжол мэдэж авсанаар мориныхоо сүүлийг адилхан сүлжиж уясан байна. Ингээд тэр Жадик овгийнхны ар хударгаар орж, халз тулалдаан ид өрнөх үед “Зугтаарай! Манайх ялагдлаа! Зугтаарай, Та минь ээ!” хэмээн хашгирч үймүүлжээ. Ингэснээр Жадик эрчүүдийн арын эгнээ аяндаа сийрч, удалгүй бүгдээрээ зугтан зайлжээ. Шеруши талынханы ялалтанд Аманжол ингэж тус нэмэр болж байсан гэдэг.

АРХАЛЫК, ГУНГАА ХОЁР

18-19-р зууны зааг дээр Алтайн ар, өврөөр адуу мал хөөн, хазаар ногт гүйлгэдэг Карахас овгийн Архалык хэмээх сайн эрийг казакууд “Архалык баатар” хэмээн алдаршуулдаг юм. Сайн эрийн явдлаар амьдарч, ядуу барлаг хүмүүсийг тэтгэдэг байснаас ингэж олны хүндэтгэл хүлээсэн биз. Шинжаан дахь казакуудын ерөнхийлөн захирагч, язгуур сурвалжит Ажы түүнийг хэд хэдэн удаа гянданд хорьсон ч мань эр Манжийн шоронгоос оргож босоод огт баригддаггүй байжээ. Тэрбээр Дөрвөдийн Гунгаа хэмээн сайн эртэй андын холбоо тогтоож, Далай ханы баячуудын морьдыг Алтайн өвөр лүү давуулан, түүнчлэн Ажы ноёны хурдан хүлгүүдийг Ховд руу тууж, наймаалахыг нь наймаалж, ядуучуудад тараахыг нь тарааж амар заяа эс үзүүлдэг байсан аж. Ийнхүү явахдаа Гунгаа тэр хоёр цасанд хаагдсан Алтайн их даваагаар адуу малын хөлийг хүлж, явган үүрээд гаргаж байсан гэдэг. Эдүгээ Увс, Баян-Өлгий аймгийн нутагт сайн эр Аркалыкийн нуугдан бүгэж байсан “Архалыкын агуй”, “Архалыкын ам” хэмээх газрууд бий.

“АТАМАН” АТЕКЕЙ

Монгол улсын түүхэнд 100 жилийн ял авч, онц хатуу дэглэмд хоригдсон цорын ганц хүн бол Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул Мардамын Атекей гэгч эр биз. Зарим хүмүүсийн ярих нь түүнийг 125 жилийн ял сонссон ч гэдэг юм. Ямар ч атугай Монголд хамгийн олон жилээр шийтгүүлсэн нэгэн эр бол Атекей мөнөөс мөн. “Шоронгийн атаман” гэгдэж явсан уг эр дунд зэргийн нуруутай атал бахим гартай, чийрэг биетэй, асар их тэнхээтэй, харьшгүй эр зоригтой, зөрүүд зантай, хэнэггүй, танхайдуу эр байсан гэнэ. Түүний ял зэм сонсох болсон нь уг нь ялимгүй зүйлээс эхтэй юм. Гол нь өөрийн тэрхүү зөрүүд зангаас болж асуудал ийнхүү газар авсан бололтой. 1950-иад оны үед Хөдөө аж ахуйн нэгдэл байгуулагдахад Цагааннуураас Улаанхус сум хүртэл жин тээж яваад, дөрвөн тэмээ гурил будаа, цай даалимбыг зам зуур дур мэдэн худалдаад, заримыг нь хар бор амьдралтай айлуудад тараачихсан аж. Улсын өмчийг санаатай шамшигдуулсан хэргээр тухайн үеийн Эрүүгийн хуулийн зохих зүйл ангиар 25 жилийн ял авчээ. Хорих газарт Жанчив хэмээх “босс” байх ба хэнд ч дийлддэггүй, хоригдлуудын дулаан хувцас, хоол унд, хөнжил гудас, эргэлтийн хэдэн бор цаасыг хүртэл хамж авдаг зоргоороо нэгэн байж л дээ. Бас лагс хүнд, биерхүү, хүч тэнхээтэй, асар хэрцгий, харгалзагч нар ч түүний дэргэд шонгүй, дуртай үедээ гарч, дургүйгээ хүрвэл гадуур хоног төөрүүлж, тэр хавийг бүрэн эзэгнэдэг эр байж. Түүний өмнөөс дуугарах аавын хүү үгүй. Үг сөрвөл үхэлтэйгээ золгоно. Атекейд оногдох аяга шөлийг нь бас нэг бус удаа булаан авч өлсгөлөн үлдээжээ. Дөрөв дэх удаа нормын хоолоо булаалгасан Атекей нэг өдөр гал тогоонд гүйж ороод Жанчивыг унагаан дарж аваад “Хулгай хийж, хоол булаадаг гар чинь энэ үү” гээд балиус хутгаар түүний баруун гарыг тохойгоор нь таслан хаяжээ. Ингээд дахин 25 жилийн ял нэмэн авчээ. “Тэртэй тэргүй 50 жилийн ялаас амьд гарах биш” гэж бодсон Атекей тэгтэл нэг өдөр шоронгоос оргочихжээ. Ингээд замын хүнс базаахаар нэгэн хужаа айлын гаднах чингэлэгийг ухаж байтал эзэн нь гараад ирж гэнэ. Атекей балмагдахдаа түүнийг “нударч” орхиод, удалгүй баригдан, буудан алах ял сонсчээ. Хүүгийнхээ эл хэргийг сонссон хөөрхий ээж Дарига нь түүнийг бараадан Налайхад нүүж ирээд, Атекейн том хүү Хонырыг Дүгэрсүрэн гэгч эрхтэн дархтанд өргүүлэн, улмаар төрийн өршөөл энэрэл гуйж, алах ялыг нь 25 жилээр солиулжээ. А.Хоныр нь хожим Д.Хонгор нэртэй сайн нисэгч болж Монголын агаарын тээвэрт нэртэй төртэй алба хаасан юм. 75 жилийн ялтай Атекейн хэрэг явдал үүгээр шувтарсангүй. Сүрэмханы Аукен хэмээх ялтантай хамт оргож, бас 25 жилийн ял нэмүүлжээ. Сүүлчийн удаа оргохдоо харгалзагч харуулд баригдан жадлуулаад, улмаар бууг нь булаан авч хариу жадлан, түүнийг хороогоод баригдсан байна. Ийнхүү дөрвөн удаа хүн амины хэргээр 100 жилийн ялаар шийтгүүлсэн Атекей хатуу дэглэмийн гянданд 25 жил яс суугаад 1970-аад оны сүүлчээр нутагтаа эсэн мэнд эргэж ирсэн билээ. Казакууд “Багтаж ядсан хүч чадал хатуу чулууг хаглана. Эс бөгөөс толгой хаглана” хэмээхийн үлгэр энэ болой.

ТОНАШАГИЙН БЕКТАС

Шеруши овгийн Төлек омгийн хүн. Эрэлхэг зоригт, чинээлэг баян, өгөөмөр зангаараа алдаршсан сайн эр. Эгэлгүй хүчтэй, эр зоригтой, дээдсийн өмнө бодсон сансанаа шударгаар шууд хэлчихдэг нэгэн байж. Алтайн ар, өвөр, Шинжаан, Ховдын нийт казакуудын шашны тэргүүн, Мухамет Мухминтэй үг сөрж: “Меккад найман удаа очихдоо Керейчүүдийн улаан зүст, ууцан сүүлт хониор очоогүй, куран судрынхаа үсгээр очсон юм уу?” хэмээн агсарч байсан гэдэг. Тэрбээр, намрын таргаа авсан 1000 морио ядуу зүдүү хүмүүст уналгаар өгч, ирэх хавар нь турж эцсэн хойно нь цуглуулж авдаг буянтай хүн байж. Хүмүүсийн ярих нь ар нуруундаа адууны дэл шиг ширүүн үстэй байжээ. Өтөлсөн хойноо үүдэн шүд нь шинээр ургасан гэлцдэг. Өөр нэг сайн эр гэвэл 1975 онд дайснууддаа хорлогдсон Ескендрийн Дубай юм. Шинжааны ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний тэмцэгч, баатар эр Дубай нь Гоминданы зандалчин цэргүүдэд баригдаж, улмаар зандалчид түүний улаан нүүрэн дээр эхнэрийх нь хөхийг огтлон, төрсөн хүүгийнх нь зүрхийг амьдаар нь сугалан тамлахад бууж өгөлгүй эсэргүүцэн тэмцсээр босоогоороо амиа алдсан гэдэг. Эр зоригийн хувьд Монгол-Баргын эрэлхэг хүү Манлайбаатар Дамдинсүрэнтэй нэн төстэй.

ХУТПАНЫ ИМАНЖҮСИП

1863 онд төрсөн энэхүү сайн эр Казакстаны Павлодар мужийн Ахсу районд төрж өсчээ. Эгэлгүй хүчтэй бөх, ая зохиогч, яруу найрагч, дуучин зэрэг төрөл бүрийн авъяастай нэгэн байж. Иманжүсип Хояндын намрын яармагт цугларагсадын дунд “мухар хуруут” хочит алдарт бөх Нурмухамбетийн өргөсөн 51 пуд буюу 830 кг чулууг өргөж байжээ. Мөн алдарт бөх Нурмухамбеттэй хүч үзэж, өгөө аваатай явсан байна. Тэр нэгэн найран дээр нөхдийнхөө хамт найман хүүхнийг оргуулан одож, олныг шуугиулж байсан түүхтэй. Хожим энэ тухай дуу зохиож дуулсан нь олны хүртээл болжээ. Иманжүсип насан туршдаа Оросын булаан эзлэх, колоничлох бодлогыг эсэргүүцэн тэмцэж, дээдсийн бусармаг явдлыг илчлэн дуу зохиож, олонд дэлгэснээс ад шоо үзэгдэж, улмаар нэг бус удаа нутаг заагдаж, эцэст нь гянданд хоригдож 1931 оны 2-р сарын 3-ны өдөр Зөвлөлтийн онцгой комиссын шийдвэрээр буудуулжээ. Түүний үг, аяыг нь зохиож, өөрөө дуулж олны хүртээл болгосон олон арван дуу эдүгээ Казах түмний тайз дэлгэцнээ амьдарсаар л байна.

АРГЫНБАЙН СҮЙНБАЙ

Сүйнбай 19-р зууны сүүлч 20-р зууны зааг дээр Ар, Өврөөр амьдарч, амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Ховдын хязгаарын Казахын Шеруши хошуу, одоогийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутагт амьдарч байгаад насан өөд болжээ. Сүйнбай эр зориг, эгэлгүй чадлаараа гайхуулж явсан, зөрүүд зантай, ааш авир гэж адсага, этгээд зан араншинтай, олны дунд “Сүйеке” гэж хүндлэгдсэн нэгэн байж. Тэрбээр, залуу зандан насандаа баяд ноёдын адуу малыг хөөж, Алтайн ар, өврөөр хазаар ногт гүйлгэж, арилжаа наймаа хийж явсан байдаг. Сүйнбайн эр зориг, эгэлгүй хүч тэнхээ, этгээд зан, элдэв явдлын тухай олны ам дамжсан янз бүрийн хууч яриа олон байдаг юм. Сүйнбай сайн эрийн явдлаар амьдарч байсан үедээ ойр төрлийн хамаатан, итгэлт сайн нөхөр Мангытай хэмээх эрийг голдуу дагуулж явдаг байжээ. Нэгэнтээ хоёулаа өвөр Алтай-Шинжааны нутагт олз омог хайхаар мордож, тус бүр гурван ширхэг ааруулыг өвөртлөн, түүгээр долоо хоногийн хүнсээ хийхээр тохиролцоод дараа уулзах өдөр, газрыг болзон явцгаажээ. Долоо хоноод болзсон газартаа ирвэл Мангытай олз омог муухан, хариугүй өлсөж цангаад гутлынхаа түрийнээс огтлон авч шарж идэж суух юм гэнэ. Харин Сүйнбай өнөөх гурван ширхэг ааруулаас нэгийг өвөртөө үлдээжээ. Сайн эрчүүд алсын аянд явахдаа хатсан ааруулыг зөвхөн амандаа хүлхэн, хоолойгоо чийглэн, ходоодоо хуурч, өл залгаж явдаг байж. Тэгтэл Мангытай өлсөхдөө тэвчилгүй нэгмөсөн идээд орхисон аж. Нэг удаа мань хоёр бас л адуу малын ашиг хонжоо хайж өвөр Алтайг зорин морджээ. Олзны морьдоор уналгаа юүлэхээр хоёулаа туранхай байдас унаад гарчээ. Алтайн их даваанд ойртоход урдаас нь Өвөр Алтайн есөн хулгайч эр гарч ирээд яалт ч үгүй тулчихжээ. Хулгайч нарын гарт орохыг гадарласан Сүйнбай “Чи ганц хоёр цохиулаад ухаан алдсан дүр эсгэж мориноосоо ойчоод өг. Харин тэдний явсан зүг чигийг сайн анзаарч авах юм шүү. Юутай ч гэсэн тэдэнтэй би үзэлцэе” гэжээ. Учир нь Сүйнбай муна бороохой, ташуурын зодоонд гаргууд нэгэн байж. Өнөөх есөн хулгайчийн зургааг нь бороохойдон унагатал хүрлэгэр царайт, хүдэр нэг нь түүний толгой руу цохиж ухаан алдуулжээ. Ийнхүү ялан дийлсэн хулгайч нар тэдний хоёр байдасыг олзлон оджээ. Явгарсан хоёр ухаан сэргэсэн хойноо Сүйнбай толгойныхоо шархыг боолгож, битүү хавдсан нүүрээ алчуураар дээш татуулаад хулгайч нарын мөрийг мөшгин алхсаар л байж. Тэд өдөржин, шөнөжин таваргалцсаар ойн ширэнгэнд улалзах галын гэрлийг олж харжээ. Отсоор ойртвол гурван эр гал тойрон хуучлах бөгөөд бусад нь дуг нойрондоо дугжирч байх юм гэнэ. Тиймээс мань хоёр гал манасан гурвыг ганц ганц цохиод унагаажээ. Тэгээд Сүйнбай “Чи морьдоо тайлж бэлтгэ. Үлдсэн хэдийн учрыг би ольё” гээд хусан бороохойгоор тэднийг нэг нэг цохиод, өнөөх хүдэр харыг дараад авчээ. Тэгээд бэржгэр чулуугаар хамар ам, нүүр нүдгүй үрж, ухаан баларттал ноолжээ. Мангытай морьд бэлэн болсныг илтгэхэд тэд морьдоос хоёрыг нь шилж унаад өөрсдийн хоёр байдасын хамт үлдсэн морьдыг нь туугаад арилан оджээ. Олон жилийн дараа Сүйнбай гуай өвөр Алтайд аянчилж яваад нутгийн нэгэн найран дээр таарчээ. Барианы газар хурдан морьд хүлээн суусан олны дунд нүүр ам нь цоохортож сорвижсон, шантгар хамартай нэгэн хүрлэгэр өвгөн суух юм гэнэ. “Хамар амыг нь би тэгшилж өгсөн өнөөх мангар хар биш байгаа даа?” гэж Сүйнбай бодоод ойртож очоод мэнд ус мэдэн, яриа өдөнгөө “Өвгөн гуай таны нүүр ам яахаараа ингэтлээ шарх сорви болоо вэ?” гэж асуужээ. Шантгар хамарт хүдэр хар өвгөн болсон явдлыг тоочин өгүүлснээ “Залуугийн ааг, тэнэгийн гай юм даа хө” гэж гэнэ. Түүний яриаг чимээгүй чагнаж суусан Сүйнбай “Тийм юм болсон гээч. Тэгвэл чиний хамрыг идсэн өт би байна. Миний толгойг идсэн өт хорхой чи мөн байх нь” хэмээн малгайгаа авч, муна бороохойд цохиулан сорвижсон толгойгоо үзүүлжээ. Хоёр өвгөн тэврэлдэн учирч, өнөөх хүдэр хар Сүйнбайг гэртээ урьж, тарган даага гаргаж идээ будаа болж шөнөжин залуугийн явдал, сайн эрсийн амьдралаар өнгөрүүлсэн өдрөө хуучилцгааж, маргааш нь андын тангараг өргөлцөн салцгаажээ. Нэг удаа Сүйнбай алсын аяныхаа замд нэгэн айлд хоног төөрүүлжээ. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр хоноцод таагүй байсан болов уу? Олигтой хоол унд болж ёс төрлөсөнгүй. Тэгтэл гэдэс нь хонхолзож, уур нь хүрсэн Сүйнбай шөнө дундын үед босоод гэрийн хойморт байсан лааны тосыг юу ч үлдээлгүй идчихжээ. Хожим үеийнх нь эрчүүд түүнийг шоолоход “Өлсбэл лааны тос байтугай өнөөхийн өөхийг идэх биз” гэж хариулж суусан гэдэг.

МАХАШЫН ХОЖЫХ

Казахын Уах аймгийн Бидалы овгийн Хараман омгийн хүн. Эцэг Махаш нь 22 мянган адуутай, энгийн номхон аж ахуйч хүн байж. Хожых нийтдээ есөн эхнэрээс 24 хүү төрүүлсэн, тэд болон охин Нархыз нь эцгийгээ дуурайсан эрэлхэг зоригоороо алдаршсан хүмүүс байжээ. Хожыхынх хүүхдүүдийн хамт 7000 адуутай, 200 тэмээтэй, олон мянган богтой, чинээлэг айл байсан байна. Казахын сайн эр Хожых нь Хаант Оросын булаан эзлэх, колончлох бодлогын эсрэг босч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг толгойлсон Абылай хааны хүү Кенесары ханы их цэргийн нэгэн нэрт жанжин байжээ. Гэвч энэхүү эрх чөлөөний хөдөлгөөн дарагдаж, Кенесары хан алагдсан бөгөөд үүнээс хойш Хожых 30 жилийн турш цэргээ тараахгүйгээр Кенесары ханаас урвасан хүмүүсийг өршөөлгүй цээрлүүлж, 200 гаруй цэргийг тогтмол байлдааны бэлэн байдалд байлгасаар л байжээ. Тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд өшөө авах нэрээр урвагчдын адуу малыг хулгайлан тууж, дээрэм тонуул хийж амар заяа үл үзүүлснээс “Дээрэмчин”, “Тонуулчин” хэмээгдэж, нутгийн ноёдын матаж мэдүүлснээр Хаант Оросын цэргүүдэд өөрийнхөө есөн хүүгийн хамт баригдаж, Сибирьт цөлөгдөн амиа алджээ.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ

Зарим журмыг шинэчлэн баталж, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг өөрчиллөө
Зарим журмыг шинэчлэн баталж, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг өөрчиллөө
 
Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ
Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ

Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ

Мөнхийн репийн Мийгаа: Банкууд хүүгээ бууруул...

Мөнхийн репийн Мийгаа: Банкууд хүүгээ бууруул...

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​