"Утаагүй вагон" төслийн хүрээнд нийслэлийн хөрөнгө оруулалт, захиалгаар Японы “Japan flare” төхөөрөмжийг 10 вагонд суурилуулаад байгаа юм.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр УБТЗ-ын 282 зорчигчийн вагоныг өвлийн улиралд 10 мянган тонн орчим нүүрсээр галлаж, 3500 орчим айлын яндангаас гарах хэмжээний агаарын бохирдлыг Баянгол дүүргийн орчим ялгаруулж байдаг асуудлыг шийдэх юм.
Вагоны топик зуух төхөөрөмжгүй үедээ агаарт гаргаж буй угаар 7376 ррm байсан бол төхөөрөмж суурилуулахад 835 ррm болж буурсан. Харин “МNS 5457:2005” стандартад Монгол Улсад зөвшөөрөгдөх угаарын хийн хэмжээг 4000 ррm байхаар заасан байна. Үүнээс харахад “Japan flare” төхөөрөмж вагоны зуухнаас ялгарах угаарын хийн хэмжээг 8.8, стандарт хэмжээнээс 4.7 дахин бага үзүүлэлттэй гарч байгааг Нийслэлийн Агаарын чанарын алба, МХЕГ, Дулаан Техник үйлдвэр экологийн хүрээлэн зэрэг газрын лабораториуд тодорхойлж дүгнэлт гаргасан байна.
Э.Марал
Эх сурвалж: Шуурхай.мн