Үндэсний 21 аймгийн лигийн тэргүүн хэсгийн аваргын цувралын дөрөв дэх тоглолт МҮЭСТ-ны спорт зааланд боллоо.
Цуврал 2-1-н харьцаатай Архангай Алтан Дорнодын Дайчид багийн тэргүүлж байсан. Харин дөрөв дэх тоглолт маш сонирхолтой, сайхан тоглолт боллоо. Тоглолтын эхнээс илүүрхсэн тоглолтыг хийсэн Дайчид гурван үеийн дараагаар 30 оноогоор тэргүүлж байв. Шийдвэрлэх үе эхлэхэд ихэнх үзэгчид Архангай Алтан Дорнодын Дайчид баг хожчихлоо. Одоо барих боломжгүй гэх мэтээр ярив. Гэхдээ Ховд Шонхорууд шахсан хамгаалалт хийж тэр нь Дайчид тоглогчдыг сандаргаж эхэлсэн.
Мөн довтолгоо бүрээ чамбай гүйцэтгэж явсаар эцсийн мөчид Г.Цэнгүүнбаярын шидэлтээр тоглолтод анх удаагаа оноо илүү гарсан юм. Улмаар Ховд Шонхорууд баг зөвхөн нэг үед 30 онооны зөрүүг арилгаж 117-115 харьцаатай итгэмээргүй гайхалтай хожлыг авлаа. Өмнөх тоглолтод трипл дабл хийсэн Э.Дөлгөөн тус тоглолтод гайхалтай тоглолтоо үргэлжлүүлж 30 оноо, 14 самбар, 8 оновчтой дамжуулалт өгсөн. Ингээд аваргын цуврал 2-2 болж тэнцлээ. Цувралын дараагийн тоглолт 2019.03.30-ны Бямба гарагт Тэнүүн Өлзий Агар спорт ордонд явагдана.
Эх сурвалж: МҮСБХ