Хэнтийн 42 дугаар тойрогт өрсөлдөх намууд өнөөдөр тодорхой болно


Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болно. Энэ тойргийн 12 мянга гаруй сонгогчид бүтэн хоёр жил шахуу хугацаанд төрд төлөөлөлгүй явж ирсэн юм. 

Энэ удаагийн сонгуулиар УИХ-д ганцхан жил суух хүний асуудал яригдаж байгаа мэт боловч 2020 оны УИХ-ийн сонгуулийн намуудын үнэлэмжийг тодорхойлох чухал ач холбогдолтой сонгууль юм.  Нөхөн сонгуульд оролцох намууд хуулийн дагуу тавдугаар сарын 1-ээс өмнө буюу өнөөдөртөө багтааж Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгөх ёстой. Харин дараа нь нэр дэвшигчдийн нэр ар араасаа тодорно.

Одоогоор Хэнтийн 42 дугаар тойрогт хэн хэн нэр дэвших вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа ч хамгийн өндөр магадлалтай гэх хэд хэдэн хүний асуудал яригдаж байгаа юм.

Тухайлбал, Өнөөгийн сөрөг хүчин Ардчилсан намын хувьд өнгөрсөн Ням гаригт хуралдаж, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдсэн. Тус намаас энэ тойрогт нэр дэвших боломжтой олон хүн бий. Тухайлбал, аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар,  М.Хүдэрбаатар нар түлхүү яригддаг. Аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар 2016 онд  энэ тойрогт өрсөлдөөд Д.Гантулгад ялагдаж байсан юм. 

Харин МАН-ын хувьд 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд ялсан ялагдсан ялгаагүй үнэмлэхүй олноо хадгалан үлдэнэ. Гэхдээ энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох ёстой гэж Бага хуралд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэн байна. Тус намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг  нэр дэвшинэ гэсэн мэдээлэл түлхүү явж байна. Үнэхээр ч улстөрчдийн дотор рейтингээрээ тэргүүлж яваа хүн бол тэр. Тэгээд ч Хэнтий түүний хүйн холбоотой нутаг.  Гэхдээ тэрбээр  энэ талаархи асуултад “У.Хүрэлсүх “Би Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихгүй. Надад нэр дэвших шаардлага байхгүй. Хангалттай давхар дээлтэй байна” гэсэн удаа бий.

Сонгуулийн ерөнхий хорооноос 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 29 нам өрсөлдөх боломжтой гэж мэдэгдээд байгаа юм.

Т.Гэрэл


Энэ мэдээ таалагдаж байвал: