Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор өндрөөс унасан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ч ар гэрийнхнийх нь зүгээс уг хэрэгт түүний найз залуу О.Боргилыг буруутгаж буй. Тэгвэл талийгаачийн төрсөн эгч С.Тунгалагмөрөн "О.Боргилыг БЗД-ийн цагдаагаас баривчилж саатуулсан. Миний дүүг хөнөөсөн нь тодорхой болчихсон болоод хорьсон гэж ойлгож байгаа" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэйн хэрэгт түүний найз залуу болох О.Боргилыг цагдан хорьсон. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн байж болзошгүй гэж үзээд цагдан хорьсон" гэх мэдээллийг өгөв.
Эх сурвалж: Zaluu.com