ХОЙД СОЛОНГОС БИДЭНД ХЭР ХАМААРАЛТАЙ ВЭ


Улс төрийн менежер О.Чулуунбилэг

Умард Солонгосын удирдагч Ким III хэмээх гуч гаруй насны залуу дэлхий дээр үеийнхэндээ хамгийн нөлөө бүхий удирдагч байж магадгүй юм. “Тэр хойд солонгост 33 настай залуу цөмийн бөмбөг бүтээлгэж тив алгасан пуужин харваж байна. Гэтэл чи гэртээ хэвтэж, эцэг эхээрээ тэжээлгэж байна” гэсэн зүйрлэлийг нийгмийн сүлжээнд түгээгээгүй, уншаагүй 80-д оныхан монголд цөөн. Нөлөө бүхий энэ “бацааны” удирдсан улс дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийг талцуулж, америкийн ерөнхийлөгчийн өдөр тутам хэлэх үгний цэсэнд тогтмол байрлах болсоны шалтгаан нь юу. Ер нь БНАСАУ хэмээх энэ улс монголтой хэр харилцаатай вэ. Цаашдын өрнөл сайн муугаар бидэнд хэрхэн нөлөөлөх вэ гээд сонирхолтой асуултууд бодлого тодоройлогчид, судлаачдаас хариултаа нэхэж буй.
Зүүн хойд Ази нь дэлхийн хүйтэн дайны харилцаа бүхий сүүлчийн бүс нутаг төдийгүй гол хөндүүр газар нь Хойд Солонгос учраас онцлохоос өөр аргагүй юм. Энэ бүс нутагт Монгол улс ч бас хамаарах тул болж буй үйл явдал бидний хувь заяанд ч эерэг сөрөг ямар нэг байдлаар нөлөөлөх нь мэдээж. Тиймээс Зүүн хойд Азийн геополитикийн тоглолтод Монгол шиг жижиг улс том үүрэгтэй оролцохгүй боловч өрнөлийг нь зөв ойлгож, өөрийн хэмжээнд идэвхи гаргаж гэмээнэ үндэсний эрх ашгаа хамгаалж чадах юм.

ХХ зуун Зүүн Хойд Азийн бүс нутагт үлдээсэн өвөөс бид нэг зүйлийг анзаарах
хэрэгтэй. Өнөө болтол маргаантай байгаа нутгуудыг дайруулан шугам татаад үзвэл их л сонин дүр зураг гарч ирнэ. Хоккайдо болон Курилын арлууд, Солонгосын хойг, Өмнөд Хятадын тэнгис дэх жижиг арлууд эцэст нь Тайванийн арлыг дайруулан хагас дугуй хэлбэр үүснэ. Энэ хагас дугуйд сүүлчийн зуун жил их гүрнүүд нөлөөгөө тогтоохын төлөө тэмцэж ирсэн бөгөөд энэ тэмцэл өнөө ч ач холбогдлоо алдаагүйгээр барахгүй идэвхжих шинжтэй болж ирлээ. Судлаачч О.Машбат үүнийг үл хувирах газар зүйн хүчин зүйл учраас энд их гүрнүүдийн зөрчил үргэлж байна гэжээ.

Солонгосын хойгийн геостраги

Солонгосын хойг нь геостратегийн хувьд далайгаас Евро-Азийн эх газар уруу
нэвтрэх гудам хэлбэрийн байрлалтай учир өрнөдийн геополитикчид Rimland буюу эх газрын эрэг хэмээн онцгой ач холбогдол өгдөг. АНУ-ын геполитикч Н.Спикмен “Хэн Rimlаndэд давамгайлж чадна, тэр дэлхийн хувь заяаг атгана” хэмээсэн онол дэвшүүлсэн. Харин япончууд “Хятадыг эзлэн авахаас юуны өмнө Манжуур-Монголыг эзлэн авах хэрэгтэй, дэлхийг эзлэн авах гэвээс юуны өмнө Хятадыг эзлэн авах хэрэгтэй гэсэн төдийгүй “Манжуур Монголын талаарх идэвхтэй бодлого”, “Эх газрын бодлого ба Манжуур Монголын төмөр зам” гэсэн дэд гарчгууд бүхий меморандумыг гаргаж байлаа. Харин Манжуурыг эзлэхийн тулд Солонгосын хойгоор нэвтрэх хэрэгтэй билээ. Эдгээр үзэл баримтлалын дагуу Дэлхийн II дайны Японы түрэмгийлэл, дайны дараах АНУ-ын Зүүн Хойд Азид цэргийн баазаа байрлуулсан, Япон, Өмнөд Солонгосын хурдтай хөгжил тодорхойлогдоно.
Барууныхны энэ бодлогын эсрэг коммунистууд маш хурдтайгаар хятадад коммунист хувьсгал экспортолж хувьсгалт засаг тогтоон, хойд солонгос хэмээх жийргэвч улсыг буй болгожээ. Монгол нь Орос, хятад хэмээх хоёр их гүрний жийргэвчийн үүрэгтэй бол хойд солонгос нь илүү өргөн утгаар буюу капиталист, социалист хэмээх хоёр лагерийн жийргэвч байдлаар оршиж байв. Коммунизм нурсаны дараа умард солонгосын энэ үүрэг ганхаж зөвхөн хятадын жийргэвч бүсийн үүргийг гүйцэтгэх болсон. Гэвч Кимийн овгийнхний гурван үеийн сталинч удирдлагад буй энэ улсын араншин хүйтэн дайны үеийн өвийг одоо болтол тээж буй нь бүс нутгийн харрилцааг ойлгомжгүй хэвээр байлгасаар байна.

Умардууд яагаад Америкийг “үзэн яддаг” вэ

Солонгосын дайны үеэр хойдуудын олон зуун тосгоныг бөмбөгдөж, олон сая хүний амь, эрүүл мэнд хохироосон империлистуудын тухай умардын албан ёсны мэдээллийн сувгийг алгасаад, яагаад одоо болтол хойдууд амрикчуудыг зүхсээр байдагт олон шалтгаан бий. Юуны өмнө 1953 оны гал зогсоох хэлэлцээр хийгдсэн боловч дайныг албан ёсоор зогсоосон энхийн гэрээ байгуулаагүй юм. Хойд Солонгосын албан ёсны дайсан нь, дайтагч улс нь Америк, Өмнөд солонгос хэвээрээ. Хоёрт, гадаадын дайснаар айлгаж дотоод эрх мэдлээ бэхжүүлдэг коммунист засаглалын арга барил одоо болтол хэвээр үргэлжилж байна. Кимийн гэр бүл төвтэй сологосын коммунист намын гол зорилго нь хоёр солонгосоо нэгтгэж коммунист нармай Солонгос улсыг байгуулах. Чухам энэ зорилго л коммунист дэглэмийг эрх мэдэлд байлгаж, үзэл суртлаар ард олноо удирдахад амар болгож байгаа. Гадаад дайснаа сайн хараавал дотоод эрх мэдэл бэхэжнэ. Танил технологи байгааз. Эцэст нь, дарангуйлагч дэглэмүүд нуран унасаар байгаа цагт оршин тогтнох арга нь стратегийн цөмийн зэвсэгтэй болох. Чухам үүнд хамгийн их саад учруулж буй нь америк учраас илүү ууртай байх нь аргагүй. Цөмийн зэвсэг бол хойдуудын хувьд хүлээн зөвшөөрөгдөх арга болохоос дайтах зэвсэг биш.

Өмнөдийн тус тусдаа амьдрах “нууцхан” хүсэл

Солонгос улс нэгдэх нь өмнөд солонгосын ч үндэсний эрх ашиг. Гэхдээ яг хэзээ нэгдэх вэ гэдэг дээр тэд хариулт өгөх тийм ч дуртай биш. Дайн тулаанаар эсвэл хойдын дэглэм унаснаар хоёр солонгос шууд нэгдэхэд хүнд. Учир нь шууд нэгдэх нь өмнөд солонгосд ашигтай бус. Учир нь шууд нэгдсэн тохиолдолд хойд нутгийн 20 сая гаруй зах зээлийн мэдлэггүй хагас өлсгөлөн иргэн, цэрэг аж үйлдвэрийн ашиггүй бүтэц нь өмнөд солонгосын эдийн засгийг шууд татан унагана гэхээс тэд нууцхан болгоомжилдог. Олон сая дүрвэгчдийн урсгал, нийгмийн эмх замбараагүй байдал, дайны ул мөр өмнөд солонгосын эдийн засаг, соёлыг олон жилээр ухраах учраас тэд үнэндээ хойдуудыг нутагт нь “хашиж” байх сонирхол өндөртэй тухай зарим дипломатуудын үгийг бодолцохоос аргагүй.

Их гүрнүүд л хөршөө сонгодог.

Өдийг хүртэл барууныхны цэрэг орж умард солонгосын дэглэм нуран унахгүй, БНАСАУ оршин байгаагийн гол баталгаа нь Хятад билээ. Өөрийн жийргэвч бүсийн хувьд умард солонгосын асуудлыг шийднэ гэдгээ байнга ил далд хэлбэрээр мэдэгддэг. Нэг талаас умардын хяналтгүй нэмэгдэж буй цөмийн зэвсэглэлийн аюул хятадад ч эрсдэл авчирж буй. Нөгөө талаас америкийн цэрэг хил дээр нь тулгаж байрлахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хайчин бодлого дунд хятад өөрт ашигтай хувилбарыг эрэлхийлж буй гэх.
Заррим судлаачдын үзсэнээр, хятад америк цэрэгээс өмнө умардын дэглэмийн удирдагчыг өөрийн талын хүнээр солих ажиллагаа явуулж болзошгүй аж. Энэ тохиолдолд умард жийргэвч хэвээр үлдэх төдийгүй хятад маягийн социализм байгуулсан улс болж шинэчлэгдэнэ. Ер нь өөрийн засаглалаа цаазын ял, цэргийн дарангуйллаар бэхжүүлж чадсан Ким III ийг солихгүй байсан ч зах зээл бүхий хятад маягийн коммунизмын хэлбэрүүд умардад хилийн бүсүүдээр бий болоод эхэлсэн байна. Хойд Солонгосын дүрвэгчийн гэрчилж буйгаар “Бөөний худалдаа эрхэлж, зах дээр наймаа хийхээс гадна гэр бүлээрээ гутал, унадаг дугуйны хаймер үйлдвэрлэж байна. Бас хувийн үсчний газар, эмийн сан, иллэг хийдэг газрууд бий. Албан ёсны бус ч хувийн шатахуун түгээгүүрүүд бас байдаг. Хүмүүс Хятадаас нууцаар шатахуун оруулж ирээд гэрт байрлуулсан торхноосоо бусаддаа зардаг учраас албан ёсны бус гээд байгаа юм. Мөн хувиараа барилга барьдаг, ачаа тээвэрлэдэг хүмүүс бий” ажээ. Гэвч иргэдийн хувьд ямар нэгэн бослого хөдөлгөөн өрнүүлэх бараг боломжгүй гэнэ. Учир нь зохион байгуулалттай хүчин байхгүйн дээр хүний эрх, эрх чөлөө, ардчиллын тухай системтэй ойлголт байхгүй тул ямар нэгэн “хувьсгал”-ын тухай яриа одоохондоо бодит байдал биш хүсэл мөрөөдөл төдий юм.

Монголд “туслагч” Ким III

Манай засгийн газар л мундаг ажиллаа гээд байгаа болохоос монголын нүүрсний экспортын өсөлтийн “загалмайлсан эцэг” нь Ким III хэмээх залуу юм. Хятад умардуудаас авдаг байсан нүүрсний импортоо зогсоож түүний нөхөөсөнд манай нүүрс үнэд орсон гэсэн үг. Харамсалтай нь бид энэ алтан боломжыг хэрхэн ашиглаж байгаа маань өмнөд хил дээрх дэлхийн хамгийн урт цувааны түгжрэлээс харж болно. Хүний хүүхэд “туслаад” байхад хүртэл бид ашиглаж мөнгө олж чадахгүй л байна.

Монгол, хойд солонгос хоёулаа их гүрний жийргэвчийн статустай жижиг улсууд. Гэвч умардын байршил нь монголын байршлаас бүх талаар давуу бөгөөд ирээдүйд евроазийн эргийн асар том боомт болох хойг юм. Чухам энэ боомтоос л ирээдүйд дэлхийн сүүлчийн задлаагүй үүц болох сибирийн их баялаг дэлхийн улс орнууд уруу ачигдах эдийн засгийн корридор үүснэ. Эдийн засгийн энэ интегцрацид монгол улс холбогдохын тулд өнөөдөр хойд солонгостой сайн байдаг уламжлалт харилцаагаа хадгалж байх хэрэгтэй. Боомтод газар эзэмшиж хөрөнгө оруулж болох боломж байсан ч Трампын хоригоос болоод түр зогсож байх шиг байна.
Гадаад бодлогын хувьд Ким III ын явуулж буй цөмийн зэвсэгийн хөтөлбөр нь энэ бүс нутагт тогтсон их гүрнүүдийн стратегийн тэнцвэрийг эвдэж эхэлсэн нь Трампыг хамгийн ихээр уурлуулж буй. Америкийн цэргийн номлол бүхэлдээ энэ бүс нутаг уруу чиглэж хятадтай харилцах шинэ стратегээ боловсруулж буй үед шинэ тоглогч гараад ирсэн нь бухимдуулж буй хэрэг л дээ. Монголчуудын хувьд мэдээж хэрээ дагаж галуу хөлөө хөлдөөх ёсгүй ч гэсэн зөрчилтэй талуудын хоорондох уулзалт хийгддэг газар Улаанбаатар байх бүрэн боломжтой. Бид бүх улстай нь сайн харилцаатай. Ядаж л умард солонгос монголын дээд түвшний айлчлал, хоёр талын уулзалтуудыг тогтмол хийх идэвхитэй гадаад бодлого баримтлаж баймаар байна.

Хойд солонгосын хөдөө аж ахуйн хямд ажиллах хүчийг ашиглаад бид дорнод монголын бүс нутагт хөдөө аж ахуйн тариалангийн том бүсчлэлийг байгуулах боломжтой юм. Дорнод монголын талын үржил шимтэй хөрсийг ашиглаж экспортын том бүс буй болгож чадвал уул уурхайн орлогоос хамааралтай эдийн засагт маань бүтцийн өөрчлөлт орно. Тос бүс байгуулахад хятадуудаас илүү хойд солонгосын туршлагатай, хямд тариаланчид бидэнд илүү ашигтай юм.

Мэдээж дэлхийн III дайн солонгосын хойгт болохгүй

Зүүн Хойд Азийн хэлэлцээрт оролцогч улсуудын нийтлэг сонирхол
Солонгосын хойгт дайн, үймээн самууныг хүсэхгүй байгаа нь Умард Солонгосын талаарх өөдрөг төсөөлөл бий болоход хүргэж байгаа юм. Хэрвээ ямар нэгэн дайн, Умардын дотор засгийн эрхийн төлөө тэмцэл, хувсгал гарлаа гэхэд Япон, АНУ цөмийн аюулаас, Өмнөд Солонгос дүрвэгчид, эмх замбараагүй байдлаас, Хятад улс хилийн дагуух солонгос гаралтай иргэдийн үймээн, дүрвэгсдээс илүү болгоомжилж байна. Хамгийн гол нь энэ бүгдийг дагаж үүсэх дэлхийн эдийн засгийн хямралыг хүсэхгүй байна. Хэрвээ солонгост дайн гарж хоёр солонгос нэгдвэл манай монгол ажилчдыг умардын хямд ажилчдаар солих эрсдэл бий. Ийм нөхцөлд эргэж ирсэн гучин мянган хүний ажил, орлогыг хэрхэн бид хангах хувилбар шийдвэр гаргагчдад байгаа гэж найдий.
Гэхдээ энэ бүс нутгийн зөрчлөөс бүгд хожихыг хүсэж байна. Трамп хойд солонгосоор далимдуулж хятадад дарамт үзүүлж худалдааны ашигтай хэлэлцээр хийхийг, япон дэлхийн II дайнаас хойшхи цэргийн номлолоо өөрчилж армиа өргөтгөхийг, хятад хойд солнгост нөлөөгөө нэмэгдүүлж, аюулгүй байдлаа батлгаажуулах сонирхолтой. Харин монголчуудын хувьд өмнөд солонгост ажиллаж буй хэдэн мянган монголоо хамгаалах нэмээд бүс нутгийн эдийн засгийн корридор үүсгэхэд идэвхитэй оролцох тоглогч байх зориг хэрэгтэй байна.


Энэ мэдээ таалагдаж байвал: