УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Уг хуулийн төслийг МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Д.Оюунхорол тэргүүтэй 27 гишүүн санаачилсан юм байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол төслийнхөө талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Уг хуулийн төслийг 2020 оны сонгуулийн өмнө хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ төслийг баталж хэрэгжүүлснээр иргэдийг ядуурлаас гаргана. 192 мянган ядуу иргэн бий. Уг иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгох хуулийн төсөл санаачилсан юм. Жилийн гурван хувийн хүүтэй зээлийг барьцаагүй олгоно. Энэ бол төр иргэддээ итгэж зээл олгож буй хэлбэр. Сүүлийн нэг жил бизнес хийсэн, зээлийн муу түүхгүй, санхүүгийн талаар сургалтад суусан хүмүүс авах боломжтой. Иргэд өөрийнхөө амьжиргааг шийддэг болчихвол төрөөс хамааралгүй болно. Зээлийг Төрийн банкаар дамжуулж олгоно, эдийн засагт ачаалал үүсгэхгүй" гэлээ.