Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээрээ 3.8 хувьд хүрчээ. Эдийн засгийн өсөлтийг салбараар нь үзвэл хөдөө аж ахуй 4.4, үйлчилгээ 8.5 хувь өсөхөөр байна. Нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр зэрэг бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж байгаа ч Оюутолгойн баяжмалын хэмжээ болон түүнд агуулагдах зэс, алтны хэмжээ буурснаас уул уурхайн салбар өнгөрсөн онд 7.8 хувиар буурсан дүн гарчээ.
Өнгөрсөн онд экспортын хэмжээ анх удаа зургаан тэрбум ам.доллар давж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан бол гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар, алтны худалдан авалт 20 тоннд хүрч, хандивлагч орон, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр төлбөрийн тэнцэл нэг тэрбум гаруй ам.доллар ашигтай гарчээ. Түүнчлэн Монголбанкнаас Төрийн сангийн төррөгийн харилцах дансны үлдэгдэлд хүү тооцож олгох, Засгийн газраас валютын эх үүсвэрээ зөвхөн Монголбанкинд худалдах гэрээ байгуулжээ.