Шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг “БОЙКОТ”


-Монголд Онцгой албан татвар нэмэгдсэнтэй зэрэгцээд дэлхийн зах зээлд нефтийн үнэ мөн өсөж байна. Үүнийг дагаад нефть бүтээгдэхүүн импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ нэмэх үү гэсэн асуулт үүсээд байна

Засгийн газраас өнгөрсөн онд газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмсэн. "Хэдийгээр Онцгой албан татвар нэмсэн ч түүхий тосны үнэ буурах төлөвтэй байгаа. Мөн дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа зэргээс шалтгаалан үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авна” гэж тэр үед Засгийн газар үзэж байсан юм. Гэвч газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд нэг баррел түүхий нефть 69.8 ам доллар хүрсэн.

Харин 2015 оны тавдугаар сараас 2016 оны наймдугаар сард хүртэл дэлхийн зах зээл дээрх үнэ 50 ам.доллар хүрэхгүй байж. Тэр үед ч шатахуун импортлогчид үнээ буулгаагүй. Харин одоо Монголд Онцгой албан татвар нэмэгдсэнтэй зэрэгцээд дэлхийн зах зээлд нефтийн үнэ мөн өсөж байна. Үүнийг дагаад нефть бүтээгдэхүүн импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ нэмэх үү гэсэн асуулт үүсээд байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ сарын 8-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус газрын дарга Б.Лхагва цаг үеийн холбогдолтойгоор“Сүүлийн үед бензин, шатахуун, дизель түлшний хомсдолын асуудлаар санал хүсэлт ирж байна. Бензин шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд үнэ тарифаа нэмэх эрх одоогийн түвшинд байхгүй. ШӨХТГ-аас үнээ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй байх шаардлага тавьж байгаа. Тийм учраас хомсдол үүсгэж буй аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтын ажил хийнэ. Шалгалтын дүнг харгалзан хариуцлага тооцох асуудал яригдана. Энэ талаар анхаарч ажиллах санамж, зөвлөмжийг хүргүүлсэн” гэсэн юм.

Гэтэл бодит байдал дээр энэ сарын 13-нд “Петровис” шатахуун түгээх станцын нийслэлийн төвийн салбаруудын түгээгчид АИ-92 шатахуун дууссан хэмээн иргэдийг буцаажээ. Түүнчлэн АИ-95 (1,970 төгрөг) шатахуунаа борлуулсан аж. Мөн “Петровис’’-ын зарим салбар үйл ажиллагаагаа зогсоосон бол “Тэс петролиум" засвартай хэмээн ажиллаагүй. Тухайн өдөр “Шунхлай” ШТС хэвийн ажиллажээ.

Тэгвэл өчигдөр “М-Ойл” ШТС-ын зарим салбар АИ-92-ЫГ 1,630 төгрөгөөр нийлүүлсэн ч нэг суудлын машинд 20 мянга төгрөгийн шатахуун л борлуулсан гэнэ. Иргэдийн өгсөн мэдээллээр ойролцоогоор 20 орчим минут дугаарлаж, хүлээсний дараа түгээгчийн өгнө гэсэн хэмжээгээр шатахуун авчээ. Харин Улаанбаатар хотын захын ШТС-ууд оочер дараалалгүй хэвийн ажилласан бөгөөд шатахуунгүй болсон зарим жолооч машинаа чирүүлж, захын борлуулагчдаас бензин авсан гэнэ.

Шатахуун импортлогчдын зүгээс Онцгой албан татварыг багасгавал бензиний үнэ нэмэгдэхгүй байх боломжтой гэсэн байр суурьтай байгаа бололтой. Тиймдээ ч анхааруулга болгож, шатахууны нийлүүлэлт дээр “бойкот” хийв үү. Бензиний үнэ бол маш мэдрэг суурь үнэ. Жишээлбэл, уг суурь үнэ нэмэгдэх сургаар зарим таксины жолооч км нь 800 байсан үйлчилгээний төлбөрөө нэмж, км тутамд нэг мянга төгрөг болгожээ.

Нөгөө талаас эдийн засагч А.Батпүрэв шатахууны үнийн талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд манай Засгийн газар шатахууны онцгой татвараа бууруулж, харин үнэ унахад татвараа нэмж орлого нэмэх байдлаар бензиний үнийг "тогтворжуулж” байсан. Өнгөрсөн оноос импортын үнэ ч өсөөд бас татвар ч нэмэгдчихээд байна.

Шатахууны үнэ яах аргагүй сүүлийн үеийн политэкономийн гол асуудал боллоо. Хэргийн эзэн улстөрчид маань ард нь сууж үлдээд бизнес эрхлэгчдэд уурссан олон түмний дунд нохдод яс шиг хаяж өгч байгаа юм шиг түлхчихэж байгаа болохоор зарим бодит тайлбар өгье гэж бодлоо. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдрахад манайд хямдруулдаггүй байж одоо өсөхөд нь өсгөх гэлээ гэсэн зүйл их ярих юм. Нэгдүгээрт, огт хямдардаггүй биш хямдарч байжээ. Жишээ нь 2015 оны төгсгөлд. Хоёрдугаарт, илүү ч хямдруулж болох байсан ч төрөөс шатахууны онцгой татварыг нэмж төсвийн орлогоо нэмэхийг илүүд үзсэн байна.

Харин 2016 оны эхнээс олон улсын үнэ өссөөр одоо хоёр дахин өндөр болоод байна. Энэ үед нь төрөөс нэг удаа онцгой татвараа бууруулах замаар шатахууны үнийн өсөлтийг бага хэмжээнд барьж байсан ч өнгөрсөн онд онцгой татварыг хоёр ч удаа буцаан нэмэгдүүлснээс өнөөгийн нөхцөл байдалд хүрээд байгаа юм, Одоо татварын асуудлаа эргэн харахгүйгээр муйхраар л үнэ битгий нэм гээд суугаад байвал бүх компани борлуулалт хийх утгагүй болж, улмаар шатахууны хомсдол нүүрлэх аюултай.

Татвараас гадна олон улсын импортын үнийн өсөлт, бензин худалдан авч байгаа валютын ханшийн өсөлт гээд Засгийн газар хянаж чадахгүй хүчин зүйлс ч бий. Ер нь цаашдаа үнийг төр тогтоох гэж оролдохоо болиод зах зээлийн зарчимдаа шилжмээр байгаа юм. Олигополь зах зээл гэдэг асуудал ярьдаг ч одоо 30 гаруй тусгай зөвшөөрөлтэй нефть импортлогч байгаа. Хүсэл байгаад хөрөнгө оруулалтаа босгож чадвал хэдүүлээ ч гэсэн шатахуун оруулж, ирээд л орон даяар зарж болно. Үнэхээр л амархан ашиг байдаг бол бүгд бензин зөөгөөд явж баймаар юм” гэжээ.

Ямартай ч шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг хийсэн эл жижиг “бойкот” нийслэлийн иргэдийн цаг завыг тодорхой хэмжээнд барсан.Цаашлаад шатахууны үнэ нэмэгдвэл олон төрлийн татварыг нуруун дээрээ үүрч буй иргэдэд улам л хүнд тусна.

Төрөөс үнэ тэнцвэржүүлэх зорилгоор шатахуун импортлогчдод татаас өглөө гэхэд тэр мөнгө иргэдийн халааснаас гарна. Эсвэл бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэгчээр дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ буурахыг хүлээх эсвэл залбирах ёстой юу.

 

 

Т.Болор-Эрдэнэ

Эх сурвалж: "Өглөөний сонин"


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • balt · [66.181.187.213] · 2018/01/15

    Hurelsuh chin Hulhkisuhk bolood yag ene uer So-d badarchilaad bultdag bna sn dee. Ed nar niilj ard tumenee snulj ehkellee dee. Hurelsuhk hulhki gar snuu


  • 5112 · [202.131.225.197] · 2018/01/15

    ЯАДЫН ,ЗӨВ. ЯАГААД ГЭВЭЛ БҮХ ЮМНЫ ҮНЭ ӨСВӨЛ ЭНЭ МАН-ГАРУУД НЭГ ЮМ БОДОЖ, БҮХ ТАТВАРЫГ БУУЛГАХ БИЗ, ТЭНЭГ Л БИШ БОЛ. ТЭРНЭЭС БИШ ЭНЭ МАН-ГАРУУД ЧИНЬ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ ЛУЙВАРДАХЫН ТУЛД АРД ТҮМНЭЭ ЯВУУ БАЙЛГАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА. ЯАГААД ГЭЭЧ ГАЙГҮЙ НЭГНЭЭС НЬ ТАТВАР АВЧ, БУСДАД ХАЛАМЖ ӨГВӨЛ ЭД НАР ОН УДААН ЖИЛ ТӨРД ЗАЙДАГНАНА. ТЭГЭЭД Л МОНГОЛ ЧУУДЫГ ХАЛАМЖИЙН УЛС БОЛГОХ ГЭЭД БАЙГААМ. МӨН ӨӨРСДӨӨ ТЭРНЭЭС НЬ ЛУЙВАРДАНА, ИЙМ Л БОДОЛТОЙ НОВШ Ш ДЭЭ ЭНЭ МАН ЧИНЬ


  • 5112 · [202.131.225.197] · 2018/01/15

    ЗӨВӨӨ ЗӨВ... МАН-ГАРУУДЫН 9-Н ЭРҮҮ БОЛОХ ТАТВАРЫГ ҮГҮЙ БОЛГО