Аварга Ч.Санжаадамба Дархан аварга Б.Бат-Эрдэнийн амжилтыг эвдэхэд ойрхон байна


Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсаны түүхт 93 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаанд аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нарын 2 аварга, 4 арслан, 2 гарьд, 3 заан цолтон магнайлсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон юм. 

Аварга Ч.Санжаадамба энэхүү барилдаанд 5 дахь удаагаа түрүүлэв. 1990 оноос хойш тогтмол болж буй уг барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн байдаг бөгөөд залуу аварга 5 түрүүтэйгээр энэхүү амжилтын араас нэхэж явна.

Шинэхэн гарьд Ө.Бат-Орших сайхан барилдаж үзүүрлэлээ. Бяртайгаас гадна бэлтгэл тун сайн байгаа нь илт байсан. Угийн мэхэндээ даацтай, хийцтэй барилддаг бөх. Пүрэвсайхан зааныг өөрийнх нь үндсэн мэхээр давхар шуудагнаас түрж хөөгөөд л давсан.
 
Их шөвөгт Бүрэнтөгс, Батсуурь арслангууд эрэмбэ заан үлдлээ. Батсуурь арслан залуу арслан Оюунболдыг амалж барилдсан нь бас л аатай гоё барилдаан гэхээс яах. Пүрэвдагва арслан гурав дээр а.а Эркебуланаас даагаа нэхэхээр амалсан ч тахимдах гэж хөөж яваад хавируулж өвдөг шороодлоо. Өвөрхангайн аралтай бяртай начин Л.Батзориг С.Мөнхбат аваргыг барьц сонгож өргөөд л тавьчихна лээ. 

Дашрамд Содномдорж арслан, Гончигдамба гарьд нар эмчийн магадлагаатай, барилдаанаас чөлөөлөгдсөнийг дуулгая...


Энэ мэдээ таалагдаж байвал: