Х.Баделханы дүү, АТГ-ын босго даваагүй Т.Аубакир нэр дэвшжээ


Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле “уйлж” байна. Ууган улс төрийн намын нуруутай бүсгүйчүүдийн нэг тэрбээр энэ удаад тойргийн гадна хаягдлаа. Төрийн албанд 23 жил зүтгэсэн тэрбээр өнгөрсөн хугацаанд хөдөө, аж ахуйн салбарын ажлын голыг нь нугалж байсан нэгэн. Гэрт орж эм, гадаа гарч эр гэгчээр ган, гачиг, зудыг үл ажран ажилласан он жилүүд түүнийх. Улс төрийн хүрээнийхэн ч эмэгтэйчүүдийн квотоор эхэнд эрэмбэлэгдэнэ хэмээн таамаглаж байв. Харамсалтай нь нам доторх маапаан түүнийг өөд гаргасангүй. Тиймдээ ч тэрбээр “Бүх нэр дэвшигчдэд амжилт хүсьe. Намайг дэмжиж, ирэх байх гэж харж суусан нутгийн зон олонд баярлалаа. Х.Бадeлхан байхад шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсныг биeэр үзлээ. Юун сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шударга ёсны төлөө тэмцээд барсангүй” хэмээн бичжээ.

Түүний хайсан шударга ёсыг тасчин байж нэр дэвшсэн эрхэм бол Барилга хот байгуулалтын сайд Х.Бадельхан. Түүний омгийн дүү аймгийн Засаг ноён А.Гылымхан, Т.Аубакир нар.

Биеэр жижиг ч бэлчээр том эр гэж Х.Бадeлханыг намынхан нь зүгээр нэг хэлээгүй бололтой.

Баян-Өлгийхний хувьд омгорхог. Өөрийн омгийнх бол чөтгөр байсан ч дэмжих нөхөд. Тиймдээ ч омог нэг Х.Баделхан, А.Гылымхан нар бусдыгаа жийж, ганц эмэгтэйдээ завсар гаргаагүй хэрэг. А.Гылымхан, Х.Баделхан хоёр Дэлүүн сумын гаралтай буюу Молхы хэмээх нэг омгийнх. Харин Т.Аубакир Молхы омог дотроо Х.Баделхантай бүр цус ойр хүмүүс. Өвгөн Кисебайн үр удам салбарласаар УИХ-ын гишүүн Г.Солтан болон Т.Аубакир нар мэндэлсэн байдаг. Үеэлүүд гэсэн үг. Тодруулбал, Т.Аубакир болон Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан нар Х.Баделхан сайдын төрсөн дүүгийн хүүхдүүд.

Х.Баделхан сайдын хувьд Т.Аубакирыг Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдад 2016 онд зүтгүүлж ч АТГ-ын босго давж чадаагүйг бид мэднэ. Түүнийг “АТГ үрийн буудай оруулж ирнэ гэж хогийн буудай оруулж ирсэн асуудлаар авч үлдсэн. ИТХ-д квотоор ороод нэг ч хоног суугаагүй. Казахстанд байж байгаад сонгууль болохоор мөнгөө барьж гүйж албан тушаал авдаг. Аваад төрийн албаны шалгалтнаас унаад ажлаас гардаг” Ж.Сауле сайд ч шүүмжилж байв.

МАН-аас ийнхүү Х.Баделханы ураг төрөл, омгийнхон нь дэвшсэн бол АН-аас хүүхний хэрэгт хутгалдаж, боов боорцогны хоч зүүж явсан Д.Мурат, У.Бейсэн, Р.Гажайв нар  өрсөлдөнө. Парламентад дөрвөн жил суухдаа эмэгтэй хүн доромжилж, дарамталсан асуудалд орооцолдож, сэтгүүлчтэй зарга үүсгээд завгүй явсан Д.Муратад нам нь ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ гэх мэдээлэл байсан ч эсрэгээр нь мандат өвөртлүүлэн илгээв.

“Та бидний эвсэл” буюу Н.Энхбаярын багаас Б.Айбек, З.Батырбек, Т.Ауэз нар өрсөлдөх бол “Зөв хүн электрот эвсэл”-ээс эрхзүйч Э.Одхүү нэр дэвшсэн.

Товчхон тодруулга мэдээлэл хүргэхэд казах үндэстнүүд Жантекэй, Харахас, Меркит, Молхы, Төлек, Шыбарайгыр, Жастабан, Ители, Көнсадах, Шеруши, Хултайболат, Сарбас гэж 12 омогт хуваагддаг байна.

Эх сурвалж: Нийгмийн толь


Энэ мэдээ таалагдаж байвал: