Ө.Энхтүвшин: Өвөл, хаврын морин уралдааныг хорьж болохгүй юм билээ


Засгийн газрын хуралдаанаар өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэсээр даруй сар гаруй хугацаа өнгөрөөд буй юм. Уг  асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө Шадар сайдын ажлын албанаас “Өвөл, хаврын морин уралдааныг хориглох зайлшгүй шаардлагатай” гэсэн пиар мэдээ хүртэл түгээж байв.

Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын баяр баяр наадмын комисс болон Онцгой комиссыг ахалдаг учир уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах чиг үүрэгтэй билээ. Гэсэн хэдий ч асуудал яг хаана гацсан нь мэдэгдэхгүй, нам жим болж, улмаар уг асуудлын хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий ТББ-уудтай уулзсан талаарх албан мэдээ гараад өнгөрсөн юм. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшинээс тодрууллаа.

-Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэнэ гэсээр нэлээд удлаа. Ер нь энэ асуудал хэрхэн шийдэгдэх чигтэй байна?

-Шийдвэрээ гаргачихсан байгаа. Өвөл, хаврын морин уралдааныг хорьж болохгүй юм билээ. Яагаад гэхээр, Монголын морин спорт уяачдын холбооноос бүс, аймаг, суманд зохион байгуулагддаг уралдаануудыг зохицуулах чиглэлд тодорхой ажлууд хийдэг юм байна. Тэр нь хяналтаас гараад явчих магадлалтай гэж үзсэн. Тиймээс цаг агаараа харж байгаад дулаавтар өдрүүдэд уралдаанаа зохион байгуул. Уралдах газраа зөв сонгож бай гэсэн чиглэл өгөхөөр болсон.

-Тэгэхээр энэ төрлийн уралдааныг хориглохгүй гэсэн үг үү. Өөр ямар зохицуулалт хийгдэх юм?

-Одоогийн байдлаар 6-7 настай хүүхдүүд хурдан морь унаж байгаа. Энэ байдлыг өөрчилж, 12-оос дээш насны хүүхэд өвөл, хаврын хурдан морины уралдаанд уралддаг байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр хүртэлх морин уралдаануудад 12-оос дээш настай хүүхэд унаач хийх ёстой гэж үзэж байгаа юм. Ийм хоёр заалттай шийдвэр гарсан.

-Таныг лоббид автлаа, асуудлыг удаашруулж, яг хориглосон шийдвэр гаргаж чадсангүй гэсэн шүүмжлэл байна. Та юу хэлэх вэ?

-Яах вэ. Хүмүүс шүүмжилнэ биз дээ. Ямар ч байсан зохицуулах гэж оролдлоо. Тодорхой үе шаттайгаар шийдвэрүүдээ гаргаад явъя гэж байгаа юм. Эхний удаадаа унаач хүүхдийн насны тоог ихэсгэх арга хэмжээ авчихъя. Хүүхдийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн ТББ-уудын оролцоог хангах замаар тэдний хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх чиглэл барьж ажиллах болно. Дахиад зохицуулалт хэрэгтэй бол шийдвэрээ лавшруулж гаргаад л явна.


Энэ мэдээ таалагдаж байвал: