УОК-оос өнөөдөр Солонгос руу транзит нислэг үйлдэхээр төлөвлөөд байсан юм. Харин зургадугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн сайдын шийдвэрээр Монгол, Орос, Тайланд улсын иргэдийг транзит нислэгээр хүлээн авахгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргасан даруйд Гадаад харилцааны яамнаас Солонгосын талтай хэлэлцээр хийснээр төлөвлөгөөт нислэгүүдээ хийх зөвшөөрөл авч чадсан. Тиймээс өнөөдөр төлөвлөгөөний дагуу тусгай үүргийн онгоц Сөүл рүү нисэж, иргэдээ татаж авчирна.
Олон улсын нислэгээ зогсоогоогүй байгаа цөөхөн том нисэх буудлын нэг нь Солонгосын Инчеон. АНУ бол Хойд Америкт байгаа манай улсын 2000 гаруй иргэдээ авчрахын тулд тус улс руу шууд нислэг үйлдэхэд маш хүндрэлтэй. Тиймээс АНУ-т байгаа иргэдийн хувьд эх орондоо ирэх гол гарц, боломж Инчеон олон улсын нисэх буудлаар дамжих юм. Тиймээс өнөөдөр Америкаас Солонгосоор дамжиж эх орондоо ирж буй иргэдээ татаж авчирна.
Харин маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зөвхөн Солонгост байгаа монгол иргэдээ татан авахаар төлөвлөжээ. Тэгвэл ирэх бямба гарагт дахин Солонгос руу тусгай нислэг үйлдэж, Зүүн Өмнөд Азиас дамжин ирж буй иргэдээ авчрахаар төлөвлөж байгаа билээ.