СЕХ-оос хяналтын тооллогын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ийн дарга Ч.Содномцэрэн “МУ-д Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлага, СЕХ-нд хандаж ирүүлсэн албан бичиг, үүрэг даалгаварын биелэлтийг мэдээлье. Ерөнхийлөгч хуульд зааснаар 50 хүртэлх хувьд нь гомдол гаргасан нам эвслийг байлцуулж тооллого хийхийг үүрэг чиг болгосон. СЕХ зургадугаар сарын 27-ны 17:40 цагаас зургадугаар сарын 28-ны 00:21 цагийн хооронд хяналтын тооллогыг хийж дууслаа. Гомдол гаргасан нийслэлийн 6 тойрог, мөн Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-уул аймгийн 5 тойрог, нийт 164 хэсгийн хороонд хяналтын тооллого хийлээ.
Нам эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцож, хяналт тавьлаа. Нийтдээ 71.3 сая төгрөгийн зардал гарлаа. Хяналтын тооллогыг цагдаа, тагнуулын хяналтад хийлээ. Хяналтын тооллого хийсэн 164 хэсэгт санал авах тоолох машины дүн, саналын хайрцагт байгаа хуудасны тэмдэглэгээтэй бүрэн тохирч, ямар нэгэн зөрчил гарсангүй. Иймд СЕХ хуульд заасан 50 хүртэлх хувьд мөн гомдол гаргасан хэсгүүдэд хяналтын тооллого хийлээ. Хяналтын тооллого хийх явцад нэр дэвшигчдийн ажиглагчид хяналтын тооллогын үр дүнг зөвшөөрч гарын үсэг зурсан” хэмээв.