fbpx

“Хунтайж” Э.Батшугар НИТХ-д дэвшиж, ханлиг байгуулахыг санаархлаа үргэлжлүүлнэ


Авлига, албан тушаалын хэргээр ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуулиар Баянголд нэр дэвшиж чадаагүй тул хүүгээ Сонгинохайрхан дүүрэгт дэвшүүлсэн ч сайн юм болоогүй. Сонгуулийн дараа “Би дахиж ямар ч сонгуульд нэр дэвшихгүй” хэмээн сая нэг мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын болон түүний үеийн ахмадуудад Монголын улс төр түй ч хамааралгүй болсныг мань хүн сая л нэг ухаарсан нь тэр. Үе мултарна гэдэг айхтар үг манайхны дунд бий. Өөрийгөө хэрэггүй болсныг мэдрээд жолоогоо татна гэдэг чухал. Буруу л зөнөхөөс сэргийлсэн хэрэг. Гэвч үүнийг ойлгохын тулд Н.Энхбаярт 12 жилийн хугацаа шаардагдаж, Монголын улс төр, нийгмийг багагүй бужигнууллаа. Өөрөөр хэлбэл, 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөд нь ард түмэн түүнд баяртай гэж хэлсэн. Гэвч түүнд таалагдаагүй. Монгол төрийн бүхий л өндөр албан тушаалыг ээлж дараалан хашсан Н.Энхбаяр гэртээ суухыг хүсээгүй. Тиймдээ ч эргэж ноцсон. Эхлээд “Би намынхандаа зөвлөгөө өгч, зааж тусалмаар байна” гэдэг байсан Н.Энхбаяр сүүлдээ энэ улсыг зөвхөн өөрөө л зөв залж чиглүүлж чадах талаар ярих болсон. Бараг дэмийрч байна уу гэж бодогдтол эрээ цээрээгээ алдсан. Ашгүй нэг үеэ мэдэрч, биеэ татлаа гэтэл үгүй байж.

Өөрөө хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгээ бие сэтгэлээрээ мэдэрсэн тэр хүүгээ зүтгүүлж эхлэв. 2020 оны сонгуулиар СХД-т дэвшихдээ олны өмнө уйлах гэж дүр эсгээд нулимс нь гарч өгөлгүй шараа болоод тайзнаас буусан Э.Батшугар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мөн дүүрэгт нэр дэвших гэж байгаа аж. Эрх мэдлийн амтыг нэг авчихсан хүн тавина гэдэг амаргүй байдаг бололтой. Н.Энхбаяр энгийн иргэн байж чадахгүй болтол эрх мэдэл дээр хэтэрхий уудан сууж, бусдыг өлмийдөө сөгдөж, долигонож бялдуучлах шалгуураар бүхнийг бөхөлзүүлэхийг харж өссөн Э.Батшугарын тархинд эцэг шигээ болох мөрөөдөл гүн бат суусны баталгаа энэ.

Н.Энхбаяр 1992-2000 онд хүртэл УИХ-ын гишүүн, сайд, УИХ дахь намын бүлгийн дарга, 2000-2004 онд Ерөнхий сайд, 2005 онд УИХ-ын дарга, 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч гээд байж болох төрийн бүх өндөр албан тушаалыг халаагүй хашиж, ёстой л хаан болтлоо залагдсан. Ингэж эзэгнэхдээ нам, төрийн бүх зохион байгуулалт, томилгоог өөрийн схемээр зурж, өөрийн үзэмжинд нийцсэн нэгнийг дээшээ гаргадаг болж зөвхөн өөрт нь үнэнчээ илтгэж, үүрэг хүлээдэг байв. Энэ нь ийм маягаар бүрэлдэсэн эрх мэдлийн пирамид уруудсан авлига, хээл хахуулийн сүлжээг үүсгэж, төр засгийг намтай, юутай хээтэй хэрэн ороогоод Монголыг хуульгүй, эмх цэгцгүй болгосон гашуун түүх саяхных.

Мэдээ орохоосоо эхлээд нас биед хүртээ улсыг хаан шиг эзэгнэж, харцаараа хөдөлгөхийг харж өссөн Э.Батшугар аав шигээ болох мөрөөдөлтэй болоо биз. Гэвч Монгол Улс хаант засаглалтай биш юм болохоор өв залгамжлах мөрөөдөлтэй Э.Батшугар нарын эцгийн нэр барьж мөнгөн бороо оруулсан хунтайж нарт ханлиг үүсгэх боломжийг олгохгүй нь тодорхой.  Эх нь булингартай бол адаг нь булингартай.  Харин мөн чанараараа улстөрд зүтгэж яваа жирийн залуучуудаа дэмжиж,  үүрэг хүлээлгэж байх цаг үе ирээд байна.

Эх сурвалж:Шуурхай.мн


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [202.9.46.38] · 2020/09/11

    эрх мэдэл эд хөрөнгийн дон туссанаа эрх биш мэдмээр л юм даа. хөөрхий дөө сэтэгцийн эмгэг үе дамжих нь энэ дээ