ШӨХТГ-аас хийж хэрэгжүүлж буй ажлын нэг нь худалдан авагчдын эрхийг хангахад чиглэгдэж байна. Иргэд худалдан авсан бараа нь ямар нэг асуудал гараад буцаах тохиолдолд дэлгүүр, худалдааны төвүүд авахгүй гэдэг. Тэгвэл өнөөдрөөс дэлгүүр, худалдааны төвүүд "Зарагдсан барааг буцаахгүй" хэмээн хэлэх эрхгүй болж байна. Хэрвээ иргэд бараагаа буцаахаар очиход хүлээн аваагүй бол тухайн дэлгүүр, худалдааны төвүүдийг хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох юм байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. 2 дахь хэсгийг үндэслэн:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж:
1.1 үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;
1.2 бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох;
1.3 бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Үүнд өнөөдрөөс улсын байцаагч нар хяналт тавин ажиллана гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.