fbpx

АН чимээгүйхэн амь тавьж байна


Хэрүүл, тэмцлээ ардчилал хэмээн хаацайлдаг байсан АН сураг алдрав. Нэг хэсэг нь шоронд, нөгөө хэсэг нь наранд байвч ам ангайх тэнхэлтэй нь алга.

З.Энхболдыг унагачихвал эл намд сэргэн мандалт бий болно хэмээн хашааны гаднаас хашгирч байсан залуу үе нь ч “өвгөрч”, тэрүүхэндээ тулга тойрсон хэрүүл хийсэн шигээ суумаглана.

С.Эрдэнэ АН-ын даргын албан тушаалаа өгөхдөө “АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран нэг баг болж ажиллаж чадаагүйгээс сонгогдох боломжоо алдсан” гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга АН-ыг ялагдалд хүргэсэн буруутан нь гэсэн үг. Уг нь энэ үг эл намын залуусыг сэрээж, шинэчлэлийн давалгааг эхлүүлэх болно гэж улс төрийн хүрээнийхэн ажиглаж байв. Гэвч...

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн чуулганы хуралдаанд суух эрхийг хассан 7 хоногт гэнэт сэрсэнийг ажиглагчид АН нэгдмэл байдалд шилжих нь хэмээн таамаглаж байсан ч талаар болов. Н.Номтойбаярыг суллахыг шаардаж, албан бичиг хаяглаж байсан АН өөрийн намын гишүүдийнхээ араас харууслын үг ч унагасангүй. Харин ч алга хавсран баярлав уу гэлтэй. Магадгүй “Намын нөхдөө эргэж очлоо” гэх тайлбар бүхий С.Одонтуяа нарын зургаар өөрсдийгөө зөвтгөн тайлбарлах биз.

Эргэлтээр очиж ирсэнийхээ дараахан АН-аас тод дуугарсан зүйл нь Орон нутгийн сонгуульд МАХН болоод Шударга иргэдийн нэгдсэн эвсэлтэй гар барихаар болж, тунхаг бичиг үзэглэж байх жишээтэй. Тэд нийслэлийн ИТХ-ын сонгуульд харилцан бие биенээ дэмжин ажиллах гэнэ. Чухамдаа МАН-ын нэр дэвшигчдийн эсрэг хамтран ажиллахаар болсон нь тэр юм байх.

С.Эрдэнийн эрин үе өнгөрч, Х.Баттулгын гарт АН багцлагдаж Орон нутгийн сонгууль болоод Ерөнхийлөгчийн сунгаанд хүч үзнэ.

У.Хүрэлсүхтэй хүч хавсарч, МАН-д хувьсгал хийж, өөрөө Төрийн тэргүүн болж дөнгөсөн тул энэ аргаа Н.Энхбаяртай дахин хэрэгжүүлэхээр болсон бололтой юм. АН-ын булан, тохой бүрт өөрийн хүнээ шургуулж, албан тушаалд томилсон тул нэгдүгээр хүний үгээр бүх зүйл өрнөх биз.

Н.Энхбаярын хүү Э.Батшугар Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ гэх бор шувуу зүгээр нэг жиргээ биш байсан байж мэднэ. Хэдийгээр энэ мэдээлэл баталгаажаагүй, Э.Батшугар үгүйсгэсэн байдалтай байгаа ч өнөө маргаашгүй ажил хэрэг болохыг үгүйсгэх аргагүй. Энэ бүхнээс тэдний хамтын ажил болоод ирээдүйн үйл явдлын өрнөл эхлэх ч юм бил үү, хэн мэдлээ.

Ийнхүү АН албан тушаалын сургаар амь орж, нам болон багцлагдаж байжээ гэх харуусал өөрийн эрхгүй төрнө. Харин өдгөө цэнхэр батлахтай бүхэн дор бүрнээ төлөвлөгөө боловсруулж, Орон нутгийн сонгуульд өөрсдийгөө сойхоор бэлдэж байна. Нэгдмэл нэг зорилго гэхээсээ илүүтэй ганцаарчилсан тоглолт хийхийг гишүүд нь үзэж, бэлтгэлээ базааж эхэлсэн нь тэр. Үйл явдал төлөвлөгөөнөөс нь хальж, гишүүд нь ганцаарчилсан тоглолт хийж, өөрийг нь эсэргүүцэхийг нэгдүгээр хүн эрх биш тооцоолсон биз. Харин Орон нутгийн сонгуулийн маргааш АН амь тавьчих вий дээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • сэдгэгдэл энэ? · [66.181.190.66] · 2020/09/11

    АН-н машин,түц хураан ачдаг аргыг тууштай нэвтрүүлж,нутагшуулж байгаа дүүргийн удирдлагууд,цагдаа нар журмын хашаан дахь түц-үүдээ, ногоогоо манан гадаа хонож байгаа худалдаачдад ашиглуулаасай.Намрын сэрүү орж байна шүү????