fbpx

Үнэгүй автобус, хотын захиргааг хүүхдийн эмнэлэг болгохоос өөр юу амлачихмаар байна, АН-ынхаан


Ардчилсан нам аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд ардчиллын төлөө намуудтай нэгдэж орохоор болсон.  Өнөөх ардчиллын төлөөх нам гэдэг нь "попын хаан" Ж.Батзандан, нэгэн цагт "комунист" байсан Н.Энхбаяр нар. УИХ-ын сонгуулиар навс ялагдсан АН-ынхан орон нутагт ганц, хоёр суудал ч болов илүү авахын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй болсны жишээ энэ.  Гэхдээ энэ улайрал нь мордохын хазгай болчихгүй л бол.  Н.Энхбаяр, Ж.Батзандан хоёрыг "бөөрөндөө нааж" байгаа нь сонгогчдод таалагдахаасаа илүү таалагдахгүй байна. 

Түүнээс гадна, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Пүрэвдаваа хэрвээ нам нь сонгуульд ялбал нийтийн тээврийг үнэгүй болгоно гэж ам гарав.  Яармагт барьсан хотны захиргааны шинэ байрыг хүүхдийн эмнэлэг болгоно гээд ч хэлээд авлаа. Амалчихмаар юу л байна хамж шимээд амалж эхэллээ. Яг л МАХН сонгуулийн өмнө үнэгүй байр өгнө гэж амалж, бүртгэл хийгээд байдагтай ялгарах юм алга.  Ёстой л Н.Энхбаярын арга даа.  Ард түмэн амлалтад нь хууртана гэж бодоод байгаа юм уу. Эсвэл ялахгүй юм чинь юу ч амласан яах вэ гэж сэтгээд байна уу.  Нэгэнт хотын захиргааны зориулалтаар барьчихсан барилгыг хүүхдийн эмнэлэг болгоно гэж юу байх вэ дээ.  Ядаж л дотоод зохион байгуулалтаасаа эхлээд таарахгүй.   

Б.Пүрэвдаваа даргын ярьж байгаагаар нийслэлийн төсвөөс 100 тэрбумын татаас өгөөд, хувийн болон төрийн эзэмшлийн 1200 автобусыг үнэгүй явуулдаг болгочихвол түгжрэл буурах юм гэнэ.  Мэдээж дагалдах олон арга хэмжээг авах л байх.  Замын татвар нэмэх, автозогсоолын төлбөрийг өндөр тогтоох, том мотортой машинаас авах татварыг өсгөх гэх зэрэг.  Өөрөөр тэгж ярьсан байсан. Машинаар явахын аргагүй болгож, хавчаад, автобусанд суулгах албадлагын арга хэрэглэх нь л дээ. 

2008 оны тоон судалгааг харахад, Улаанбаатар хотын хүн амын 65-70 хувь нь автобусаар зорчдог байж. Харин 2019 оны судалгаагаар энэ тоо 2 дахин буурсан.  Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн 40 хүрэхгүй хувь нь автобусаар зорчиж байгаа аж. Иргэд автобусны 500 төгрөгийг дийлэхгүйдээ суухгүй байна гэж дарга нар андуураад байх шиг.  Өдөрт нэг л автобусаар ажил, гэртээ ирж, очдог хүн сардаа ихдээ л 22-25  мянган төгрөг унаанд зарцуулна.  Харин түгжрэлд машин унаад явбал сардаа үүнээс хамаагүй их мөнгө шатахуунд зарцуулна.  Приус зэрэг хамгийн бага шатахуун зарцуулдаг машинтай хүн ч  автобусанд сууснаас их мөнгийг шатахуундаа зарцуулдаг. Тэгэхээр нийтийн тээвэр үнэтэй, үнэгүй хамаагүй байгаа биз, хэн ч гэсэн дийлэхээр. 

Гэвч иргэд яаж ийж байгаад л машин авахын төлөө зүтгэж байна. Ердөө л 2017, 2018 онд Улаанбаатар хотод 400 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байсан гэсэн тооцоо бий. Тэгвэл одоо энэ тоо 600 мянгад дөхөж.  Хүмүүс өр, зээл тавин байж машин авсаар л. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад, 2020 оны эхний 8 сарын байдлаар иргэд 279.2 тэрбумын машины зээл тавьсан байх юм.  

Иргэд түгжрээд ч болов тав тухтай, дулаахан зорчихыг хүссэндээ л тэр. Монголд нийтийн тээвэр түй ч хөгжөөгүй.  1.5 сая хол давсан хүнтэй хот тэлээгүй, зах руугаа дэд бүтцээ татаагүй. Төвдөө л халуунд хорсон хонь шиг бөөгнөрчихсөн. Автобуснаас өөр нийтийн тээвэр гэж байхгүй.  Гэтэл автобус нь хүрэлцдэггүй. Улаанбаатар хотын хүн амын 40 хүрэхгүй хувь нь автобусанд сууж байхад хүрэлцэхгүй байна гээд бод доо. Зарим чиглэлийн автобусыг иргэд 10-20 минут хүлээдэг. Арай гэж суухаар хүн чихчихсэн, алхах ч зайгүй. Дээрээс нь хүйтэн, бараг л хатгаа авмаар. За тэр цэвэр цэмцгэр, өнгө үзэмжийг нь яриад ч хэрэггүй, 100 дахь асуудал.  

Нөгөө талаар сургуулийн автобус гэж байхгүй.  Хүүхдүүдийг хамран сургах хүрээгээр нь сургуульд оруулна гэдэг. Хамран сургах хүрээгээрээ байсан ч сургуулийн автобусгүй бол ямар нэмэр байна аа.  Улаанбаатар хотын иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Гэтэл гэр хороолол дунд хэдэн сургууль байгаа билээ.  Өвлийн хүйтэнд гэр хороололд амьдарч байгаа иргэд цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдээ дулаахан хүргэж өгөхийн тулд машин авахаас өөр сонголт алга. Энэ мэт маш олон хүчин зүйл бий. Гэтэл АН-ынхан автобус үнэгүй болгосон бусад улсуудын жишиг яриад байж байна.  Бас машинаас нь хүчээр буулгах талаар ч ярьж байх гэж.

Эхлээд автобусныхаа тоог хангалттай нэм, явах цагийг нь уртасга, тохилог дулаан болго. Ядаж өвлийн хүйтэнд автобусны буудал дээр зогсож байгаа хүн дулаахан байх боломжийг бий болгочих л доо.  Сургуулийн автобусыг утгаар нь нэвтрүүл, хүн машин унах шаардлагагүй болгочих. Тэгвэл толгойтой болгон машин унаж, түгжрэлд зогсохыг бодохгүй. Хэрвээ бүх асуудлаа шийдчихээд, дараа нь машинаас буулгах шахаагаа хийвэл бид бууя. Харин 10, 20-хон автобус нэмчихээд, ганц нэг автобусны буудал барьчихаад, дараа нь машинтай холбоотой татвараар дарамтална гэвэл явахгүй ээ. Жинхэнэ мөхөл рүүгээ л ойртоно шүү, АН-ынхан минь. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [103.212.119.210] · 2020/09/16

    АН чинь баруун төвийн үзэл баримтлалаасаа татгалзаад зүүний /бараг хэт зүүний/ бодлого баримталдаг болсон юм уу. Сонгууль болохоор л ийм янз бүрийн юм ярьж байх юм. Удахгүй коммунист нам болох байх аа.