Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан сумын малчид ойрын хэдэн өдөр бужигнаж байна. Тус аймагт Говь-Алтай аймагт махны үйлдвэр ажиллуулдаг ченж А гэх залуу энэ сарын 12-13-ны өдрүүдэд олон тоогоор мал авна гэсэн зар тарааснаар энэ асуудал эхэлжээ.
Ченж залуу “20.000 мал худалдаж авна” гэсэн зар тараасан байна. Зарын дагуу Баацагаан, Бууцагааны малчид тэр дороо малаа туун гарцгаажээ. Малчид хол ойроос 50-100 км зам малаа туун ганц, хоёр өдрийн дотор 10.000 мал цугларсан байна. Ченж малчдын малдыг тоолж, бүртгэн, малчдын дансыг бичиж аваад гэнэт мал авахаа болилоо хэмээн мэдэгдсэн гэнэ.
10.000 мал нэг дор цугларсан газар нь тус аймгийн Хавчиг гэх өвс идэш сайн гараагүй гандуу газар байсан байна. Тиймээс өлдсөн мал эхнээсээ хорогдож эхэлсэн талаар малчид хэлж байна. Түүнээс гадна цаг агаар муудаж, өнгөрсөн шөнө олон мал уруудсан тухай мэдээлэл ч байна. Хамгийн гол нь малчид олон зуун км-ийн холоос малаа туугаад ирсэн, тухайн газар нь идэш тэжээл муутайгаас буцааж туухад ихэнх мал нь туувар даахгүй нөхцөл байдалтай байгаа ажээ. Малчдын зүгээс малаа аймгийн төв дэх мах бэлтгэх үйлдвэрт нийлүүлэх хүсэлтэй байгаа ч одоогоор тодорхой хариугүй байсаар байна.
Б.ЗАЯА
ШУУРХАЙ.МН