Эрдэнэт үйлдвэрийг Африкийн Стандарт банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан Жаст группийн захирал Ш.Батхүү нарын хэргийг анхан шатны шүүх 14 өдөр хэлэлцсэний эцэст шийдвэрээ гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноосон бол хэргийн бусад оролцогчдыг цагаатгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
Энэ хэрэгт Ш.Батхүүгээс гадна Эрдэнэт үйлдвэрийн удирдах албан тушаалтнууд мөн Алтжин группийн захирал Г.Алтан нар холбогдоод байв. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд эдгээр хүмүүсийн гэмт хэргийн үйлдлийг тогтоож шүүхэд шилжүүлсэн байдаг.
Харин шүүхээс Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарын хэргийг цагаатгаж, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хуулийн хариуцлагаас мултарсан эдгээр холбогдогчид ямар хэрэгт буруутгагдаж, мөрдөн байцаалт, прокурорын шатанд ямар үйлдлүүд нь тогтоогдож байсныг эргэн сануулъя.
- Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг бусадтай бүлэглэн Төрийн банкинд 51.596.943.659.3 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан
- Шүүгдэгч Ч.Ганзориг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар, шүүгдэгч Б.Мөнхжаргал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар, шүүгдэгч Г.Амарбат “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Ш.Батхүүд давуу байдал бий болгох зорилгоор дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.