БШУЯ-наас их дээд сургуулиудад хийгдэж буй шалгалт болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Салбарын яамнаас баримталж буй бодлогын хүрээнд томоохон улсын сургуулийг орон нутаг руу шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байгааг дэд сайд Г.Ганбаяр онцоллоо. Тэрээр “Цахим орчинд тараад буй 12 сургуулийг хаах гэж буй мэт мэдээлэл гарсан байсан. Тийм биш шүү. Ер нь бүх их дээд сургуулийн үйл ажиллагааг шалгаж байгаа ба яамнаас хувийн, төрийн гэж ялгалгүй шалгадаг журамтай. Шалгасан сургууль бүрээ хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн зүйл байхгүй. Бүгдэд нь тавих ёстой шаардлагаа тавин, шаардлага хангаж чадахгүй байгаа буюу багшгүй, оюутангүй болчихсон сургуулиудыг хаана. Шууд хаана гэхээсээ илүүтэй эдийн засгийн аргаар буюу хооронд нь нэгтгэх, оюутнуудыг шилжүүлэн суралцуулна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан ба энэ нь 2013 онд 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарах тооцололтой байв. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур боломжгүй хэмээгээд, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулахаар удахгүй Засгийн газараар шийдвэрлүүлнэ. ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тэр чиглэлд элсэлт аваагүй.
ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрт түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно" гэлээ.
Б.ЗАЯА
Эх сурвалж: Shuurhai.mn