Тэтгэврийн тогтолцоо Монголд ямар түвшинд байгаа талаар сүүлийн нэг жил мэргэжлийн түвшинд идэвхтэй яригдаж, хууль хүртэл санаачлан богино хугацаанд ахицтай явж ирэв. Ажилласан насаараа нийгмийн даатгалын шимтгэл гэж хэдэн арван саяар төлсөөр тэтгэвэрт гарахад сард 300-500 төгрөг авдаг тогтолцоо Монголд л бий. Харин олон улсад бол үүнээс шал өөр. Хүн хэр хэмжээний даатгал төлнө тэр хэмжээгээр буцааж авдаг.
Даатгал нэрээр монгол иргэдээ боловсон луйварддаг энэ тогтолцоог өөрчлөх хуулийн төсөл сүүлийн 25 жилд 16 удаа өргөн баригдаж байжээ. Гэвч бүгд ямар нэгэн шалтгаанаар унаж байсан байдаг.
Энэ удаа Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн барьсан. Хуулийн төслийг Нийгмийн хорооны байнгын хорооны хурлаар өчигдөр хэлэлцүүлж “Дэмжье” гэсэн санал хураалтад 14 гишүүн оролцсоны 7 гишүүн нь дэмжиж, 4 гишүүн нь санал хураалтын үед чуулганы танхимд байгаагүй тул татгалзсан саналд тооцогдож, 1 гишүүн кнопоо андуурч дарсан, 2 гишүүн нь татгалзсан санал өгч эцсийн дүндээ саналын харьцаа 7/7 харьцаатай тэнцжээ. Санал хураалтын дараагаар 1 гишүүн кнопоо андуурч дарсан, 1 гишүүн нэмэгдэж орж ирсэн ч хурлын дэгийн дагуу санал хураалтыг дахин явуулах боломжгүй гэж үзсэн юм. Нийт гишүүдийн саналын тоо тэнцсэн тохиолдолд оруулж ирж байгаа саналыг дэмжээгүйд тооцдог хуультай.
УИХ-ын гишүүдээс дэмжсэн саналыг Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ц.Сандагдорж, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар өгсөн бол
татгалзсан саналыг С.Чинзориг, Д.Сарангэрэл, С.Ганбаатар, П.Анужин, Б.Бейсен, Б.Саранчимэг, Ц.Туваан нар өгчээ.
Татгалзсан гишүүдээс анхаарал татаж байгаа хүмүүсийн нэг бол УИх-ын гишүүн С.Чинзориг. Тэрээр өмнөх Засагт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байсан эрхэм. Тэтгэврийн бодлого Монгол Улсад ямар хэмжээнд байгааг яс махаараа мэдэрсэн байх ёстой, шинэчлэлийг хоёр гараа өргөн дэмжих ёстой хүмүүсийн түүчээ байх ёстой, энэ хүн. Харин тэрээр эсрэг кноп дарсан нь анхаарал татна. Салбар удирдаж байсан сайд хүн шинэчлэлийг, монгол хүн үнэ цэнэтэй амьдрахыг, насны эцэст хүн шиг амьдрахыг эсэргүүцэж байгаа нь олны бухимдал төрүүлж эхэллээ.
Б.ЗАЯА
Эх сурвалж: Shuurhai.mn