fbpx
Улстөр / 2020/11/16 / 9

С.Баяр улс төрд ирсэн шиг ирж, явсан шиг явж чадсан



Хотын уугуул Баяр

 

Төрийн ордны зүүн жигүүрийн хоёр давхарт Монгол Улсын Ерөнхий сайд нарын тосон будгийн хөргүүдийг эгнүүлэн байрлуулсан байдаг. Түүхийн гажуудлаас болоод хөргийг нь өлгөөгүй Ерөнхий сайд ч байна, 1921 онд гурван сар Ерөнхий сайд байсан Манзушир хутагт Цэрэндоржийг яагаад ч юм Ерөнхий сайдад одоог хүртэл тооцдоггүй.

 

Ерөнхий сайд нарын хөргүүд дунд С.Баярын хөрөг нүднээ онцлон өртөхөөр урлагийн сонгодог бүтээл биш, гэхдээ л дэргэдүүр нь өнгөрөхөд тэр хүний тухай зурвас төсөөлөл гарцаагүй зурсхийнэ. Тэрээр гадаадад айлчлахдаа голдуу зүүсэн харагддаг шар цоохор зангиагаа зүүгээд амгалан харцаар ширтэх ажээ. Ханандаа өсч торнисон нэгдүгээр дөчин мянгатын 4-р байр, олны хэлж заншсанаар Хүнсний 20-р дэлгүүртэй байрныхаа зургаа өлгөжээ.

 

 

Энэ л байранд түүний бага, идэр нас өнгөрсөн. Дөрөвдүгээр байрны дөрөвдүгээр орцны дөрөвдүгээр давхарт тэднийх аж төрдөг байв. 1959 онд Зөвлөлтийн барилгын трестийн эхлүүлж, Монголын барилгачдын гүйцээж барьсан энэ байранд ХХ зууны БНМАУ-ын нэртэй сэхээтнүүд амьдардаг байлаа. Лав л Ардын зураач Б.Гомбосүрэн, түүний гэргий Ардын эмч Ч.Долгор гуайнх, “Би Монгол хүн” шүлгийг 18 насандаа зохиосон Чойжилын Чимэд, хориод онд Ардыг гэгээрүүлэх яамны сайд байсан Эрдэнэбатхааны хүү, 1-р сургуулийн захирал асан Раднаа, гуравдугаар орцонд төр, цэрэг, дипломатын нэрт зүтгэлтэн хурандаа генерал С.Равдан, ээжтэйгээ хамт бууриа сахиж үлдсэн тэдний тэрсхэн хөвгүүд Р.Болд, Р.Баяр нар нь, нэгдүгээр орцны гуравдугаар давхарт С.Равдан гуайн худ, хотын прокурорын газарт албатай Д.Мижиддорж, 1921 оны ардын хувьсгалын партизан, хилс хэрэгт цаазлагдсан Лаварын Дэмбэрэлийн гэргий, гавьяат эмч Гаамаа гуайнх амьдардаг байсан юм. Харин С.Баярынх бол дөрөвдүгээр орц. Тэдний орцонд Сүхбаатарын районы АДХГЗ-ны дарга, одоогийнхоор бол Засаг дарга, 1984 онд “Лагийн хэрэг”-ийн дуулианд холбогдсон Очирбат гуайнх, тэдний хүү “Луухаан” Даш гэж атаман байв даа, гавьяат нисгэгч Гонсүрэнгийн Раднаа, Барилгын зургийн институтийн захирал Д.Лхамсүрэн, гуравдугаар давхарт нь дэслэгч генерал, Монгол даяар “Ургацын” гэж алдаршсан Ж.Жамьян гуайнх өнөр бүлээрээ аж төрнө. Харин дөрөвдүгээр давхарт нь МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Түүхийн Институтийн ажилтан, түүхч Л.Санжаа, гэргий ШУА-ийн ажилтан, “Загасны” хэмээн алдаршсан загас судлаач, доктор А.Дулмаа, хүү Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуулийн сурагч Баяр нар амьдарна. Тэдний хөрш нь лав л Улсын банкинд ажилладаг ахынх /харамсалтай нь нэрийг нь мартжээ/, хүү нь Амараа, Идэрээ гэж тэрсхэн хөвгүүд байв.

 

Баяр бол нүүдэлчин монголчууд нийслэл хотынхоо анхны байшин хорооллуудыг байгуулж, суурин амьдралд төвхнөсөн үеийнхний хоёрдугаар үе, өөрөөр хэлбэл хотын уугуул. Хүйтэн дайны оргил үеийн бүтээгдэхүүн. Бүх л үе өөр өөрийн онцлогтой. Гэхдээ л соёлын үрийг таригч жинхэнэ сэхээтний хүүхдүүд болсон тэдний үеийнхний сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл нь өмнөх ба хойно үеийнхнээсээ өвөрмөц санагддаг. Тиймээс ч “улаан тарианы хүүхдүүд” буюу ХХ зууны тавиад онд нийслэлд төрсөн С.Баяр, Н.Энхбаяр, М.Энхсайхан, Баабар нар зөвлөлт маягийн дэглэмийн төгсгөл үед хомосовет маягийн ухамсартайгаар диссидент маягийн ухамсартайгаар хүмүүжицгээсний хувьд ерээд он, хоёр мянгаад оны улс төрд өөр өөрсдийнхөө дүрмээр тоглоцгоож, сайнтай ч муутай ч Монголынхоо түүхэнд нэр ба ул мөрөө тод үлдээсэн. Тэд улс төрд ирсэн шиг ирж, бас явсан шиг явж чадсан.

 

Дөчин мянгатын дөрвөн давхар шар байр нь сэтгэлгээ, бас дурсамжийнх нь үүдэл цэг болж, Ерөнхий сайд Баярын хөргийг улам тодруулсаар, нүднээ содон туссаар үлдэх болно.

 

Хоёр зууны зааг дахь Баяр

 

Баяр 1990 оны ардчилсан хувьсгалд оройлж оролцоогүй юм. Гэхдээ хувьсгалаас өмнө нийгмийн сэтгэлгээг задраахад, хувьсгалын дараа шинэ төрийг төвхнүүлэхэд лав оройлж оролцсон. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Ц.Намсрай гэж эрхэм байв даа.

 

 

Сэтгүүлч мэргэжилтэй, орос хэлээр ус цас, Хөвсгөлийн уугуул тэр эрхэм өөрийнх нь ажил амьдралын гараа эхэлсэн МонЦаМэ агентлагт сэтгүүлчээр ажилладаг, мөн л орос хэлээр ус цас, Хөвсгөлийн уугуул 30 дөнгөж гарч яваа Санжаагийн Баяр гэдэг залууг анхааралтай ажиглаж, мэдлэг, чадвар, мэдрэмжийг нь үнэлж, 31-хэн настайд нь МРТУХ /5 үсэгтэй энэ товчлолыг тэр үед социалист Монголын үзэл суртлын арми болох Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо гэж төвөггүйхэн ойлгодог байлаа/-ны орлогч даргаар суга дэвшүүлэн томилуулсан юм. Чингэж түүний улс төрийн гараа эхэлсэн.

 

Гараанаасаа гараад гуравхан жилийн дараа төр эргэхэд Баяр 1990 онд шинэ төрийн хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын Хорооны дарга болж, Монгол Улсын шинэ төрийг төвхнүүлж, улс төрийн шинэ “тоглоомын дүрэм”-ийг зохиолцсон.

 

ХХI зуун эхлэхэд тэр намынхаа шинэ удирдлагатай зөрчилдөж, “дээд улс төр”-өөс холдон дипломат албанаа шилжиж, хойд хөршид Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон.

 

Хоёр жил Ерөнхий сайд

 

Баяр 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 28 хүртэл 2 жилийн охор хугацаанд Засгийн газрыг тэргүүлжээ. Хорин жил Ерөнхий сайдаар ажилласан Ю.Цэдэнбал байна. Хорин жилийн дэргэд хоёр жил юусан билээ. 1990 оноос хойш 20 жилд 16 Ерөнхий сайд солигдож, Засгийн газрын дундаж хугацаа 1.8 жил байжээ. Тиймээс С.Баяр бол тогтворгүй засаглалын үеийн солигдож л байдаг нэг Ерөнхий сайд.

 

Гэхдээ түүний улс төрийн өв юу билээ? 1993-1995 онд С.Баяр АНУ-д Вашингтоны Их сургуулийн судалгааны хүрээлэнд “Бага жижиг орны аюулгүй байдал” сэдвээр судалгаа хийж байв. Хүн ам, эдийн засаг, аюулгүй байдлын чадавхаараа Монгол Улс бага, жижиг орны ангилалд багтана.

 

Наполеон Бонапарт “Аливаа төрийн гадаад бодлого нь газарзүйн байрлалдаа захирагддаг” гэж геополитикийн үндсийг тодорхойлсон байдаг. Хоёр хөршийн дунд хавчуулагдсан Монгол бол яалт ч үгүй “түгжигдсэн улс”. Түүнийхээ горыг зүй ёсоор хүртэж, 200 илүү жил урд хөршийг эзэгнэсэн манжуудын хараат бүс, 70 орчим жил хойд хөршийг захирсан зөвлөлтүүдийн жийргэвч бүс байсан.

 

70 жил хараат улсын нажидыг эдэлсэн монголчууд 1990 оноос түүнээс ч дутахгүйгээр хараат бусын зовлонг туулсан юм. Социализмын үед БНМАУ нь ЗСБНХУ-аас улс төр, гадаад бодлогын 100 хувь, эдийн засгийн 82 хувь, улсын төсвийн 78 хувийн хамааралтай байлаа. Гэтэл шинэ зууны заагт Монгол Улс нь БНХАУ-аас эдийн засгийн 85 хувийн хамааралтай боллоо. Баавгайн амнаас гараад барын аманд оров.

 

Хараат байдлын дүүжин даажин дээр савлах Монгол Улсын аюулгүй байдлыг яаж хангах вэ? Энэ бол 1990-ээд оноос гадаад бодлогын томьёололд орсон “гуравдагч хөрш” юм. Хоёр хөршийн эрх ашгийг гуравдагч хөршийн эрх ашгаар тэнцвэржүүлнэ. Баяр болон түүний үеийн улс төрчдийн сэтгэхүйд энэ ойлголт тодоос тод суусан, тиймээс ч түүний ба тэдний үеийн төрийн түшээдийн зорилго нь үүнд чиглэж байсан.

 

Монгол Улс 1990 онд ЗХУ-д, дараа нь ОХУ-д 11.7 тэрбум шилжих рублийн өртэй байв. Их өрийн асуудал нь Монголчууд улс төрийн хувьд биеэ даасан ч эдийн засгийн хувьд ОХУ-ын "барьцаанд" байсныг сануулж байсан юм. Баяр 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувьд Их өрийг шийдвэрлэх бүх хэлэлцээр, уулзалтуудад оролцож, Их өрийн 98 хувийг чөлөөлөх шийдэлд хүрэхэд өөрийн үүргийг гүйцэтгэсэн. Ийнхүү Монгол Улс эдийн засгийн хувьд тусгаар тогтносноор улс төрийн тусгаар тогтнолоо баталгаажуулж, Оюу Толгой, Таван Толгой зэрэг мега төслүүдийг бие даан хөдөлгөж, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах орчин бодитоор бүрдсэн.

 

2009 онд С.Баярын тэргүүлсэн Засгийн газар Оюутолгойн гэрээнд зориглон гарын үсэг зурж, уг төслийг барууны хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн нь хоёр хөршөөс хэт хамааралтай Монгол Улс эдийн засгийн хувьд тусгаар тогтносны бодит баталгаа боллоо. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг Монголдоо татаж, хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлж чадсан төдийгүй 14 мянган монголчуудыг ажлын байраар хангаж, ДНБ нэг дахин өсч, цалин тэтгэвэр, төсвийн хөрөнгө оруулалтын 10 төгрөг тутмын 1-ийг өгч байгаа Оюу Толгойн гэрээгээр С.Баяр бахархдгаа нуудаггүй.

 

2005 онд ОХУ, БНХАУ, гуравдагч хөршийн Монгол дахь тэнцвэрт харьцаа 10:60:30 буюу хэт хэлбийсэн байсан бол Оюу Толгойн гэрээ байгуулагдсанаас хойш аажмаар өөрчлөгдөж, 2017 онд 10:40:50 болсон. Уг нь аюулгүй байдлын зохист харьцаа нь 30:30:40 юм.

 

2008 онд түүний Засгийн газар Атрын 3-р аяныг зарлаж, 2010 он гэхэд улаан буудай, төмс, гол нэрийн хүнсний ногоогоо 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болж, жил бүр буудай, төмс, хүнсний ногооны импортонд зарцуулж буй 60-80 тэрбум төгрөгийн гадагшаа чиглэсэн хөрөнгийн урсгалыг зогсоож, дотоодын үйлдвэрлэлдээ зарцууулах боломж бүрдэж, газар тариалангийн салбарыг цогц бодлогоор дэмжсэнээр Монголчууд хүнсний аюулгүй байдлаа өөрсдөө хангах үндэс болж өгсөн. Өмнө нь “Нялх хүүхдийн зулай шиг болсон газраа дахиж сэндийчээд яахав ээ! Гурил, будаа, хүнсний ногоогоо гадаадаас худалдаад авчихаж болно” гэж үздэг Ерөнхий сайд лав байсан гэж Засгийн газрынх нь нэгэн гишүүн ам алдсан удаатай.

 

Баярын Засгийн газрын санаачилгаар иргэн бүрийг бүртгэлжүүлж, нийгмийн баялаг хуваарилалт, халамжийг шилэн болгох, сонгуулийн үеэр саналын луйварыг зогсоох, одоо ид хэрэгжиж буй “E-Mongolia” буюу төрийн үйлчилгээ цахимжихын тулгуур үндэс болж байна.

 

Ерөнхий сайд Баярын үйл ажиллагаа нь түүний судалгааны ажлын сэдэв болсон жижиг орны аюулгүй байдлыг хангах үндсэн стратегийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байсан.

 

Хором төсөөлөгдөх түүний өв

 

Ерөнхий сайд гэдэг харьцангуй орчин үеийн албан тушаал. Англид Вестминстерийн системийн төрийн хуваарилалтаар анх хэлбэржин төлөвшиж, XIX зууны эхэн үеэс дэлхийн бараг бүх орон Ерөнхий сайдын албан тушаалтай болсон билээ. 1912 онд Богд хааны зарлигаар олон яамны хэргийг бүгд ерөнхийлөн захирах яамыг байгуулж, Ерөнхийлөн захирах сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсноор Монгол Улсад Ерөнхий сайдын албан тушаал бий болсон.

 

Улсын хувь заяа Ерөнхий сайдын гарт байдаг болохоор үүрэгтэйгээ дүйх эрх мэдлийг атгадаг тэдний үйл ажиллагаанаас улсын одоо ба ирээдүй хамаардаг. V Богд “Хэнд эрх буй бөгөөс түүнд хилэнц буй” хэмээн айлдсан байдаг. Хилэнц заавал төлөөстэй байдаг учраас жамаараа наснаас нөгчсөн Ерөнхий сайд ховор.

 

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнд тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, Чин гүрний харьяанаас гарсан шинэ тулгар улсаа эдийн засгийн хувьд “хөл дээр нь босгох”, Б.Цэрэндоржид анхдугаар Үндсэн хуулийг батлуулах, А.Амарт их хядлагыг намжаах, П.Гэндэнд их гүрний шахалтыг няцаах, Х.Чойбалсанд тусгаар тогтнолоо олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх, Ю.Цэдэнбалд соёлын хувьсгал хийх, үйлдвэржүүлэх, Ж.Батмөнхөд нийгмийн тогтолцооны шилжилтийг тайван замаар хийх, Д.Бямбасүрэнд зах зээлийн эдийн засагт шилжих, М.Энхсайханд эдийн засгийн реформ хийх, Н.Энхбаярт Их өрийг тэглэх, газрыг хувьчлах, гуравдагч хөршийг бодитоор бий болгох, У.Хүрэлсүхэд коронавирусний цар тахлын үеийг даван туулах түүхэн үүрэг тулгарсан. Тэд цаг үеийн шаардлагаар өөрсдөд нь ногдсон түүхэн үүргээ биелүүлж чадсан, зарим нь амь нас, хувь заяагаараа төлөөсөө төлсөн, тэдний шийдвэрийн үр өгөөж, лай ланчгийг монголчууд туулж явна. Монгол Улсын 32 Ерөнхий сайдаас 2 нь хорлогдож, 5 нь шүүхийн тогтоолоор, 2 нь гадаад улсын шүүхийн шийдвэрээр цаазлагдаж, 2 нь гадаадад учир битүүлгээр, 1 нь гэрийн хорионд нас нөгчиж, 4 нь шоронд хоригдсон ба хоригдож байна. Учрах эрсдлээ даах учраас улсын ерөнхий сайд болдог биз ээ.

 

Төрийн ордонд залсан Ерөнхий сайд нарын хөрөг тэдний алдаа, онооны аль нэг нь давамгайлсан дүр төрхийг илэрхийлнэ. Ерөнхий сайдаар хорин жил ажилласан ч, хоёр жил ажилласан ч түүний улс төрийн өв, улс төрчийн дүр төрх түүний хөргийг харах ирээдүй үеийнхэнд хоромхон зурсхийх төсөөллөөр дүгнэгдэн үлдэх болно.

 

Харин эерэг, сөрөг гэдгийг нь гагцхүү цаг хугацаа, цадиг түүх л шүүн дүгнэх биз.

 

 

 

А.Төмөр

2020.10.26



  • Зочин · [192.82.77.88] · 2020/11/18

    Яадаг ч байсан түүхэнд үлдэх мундаг хүн. Цаад учрыг сайн мэдэхгүй ч идээчин уугаачин гэхээр нэг л үнэмшилгүй нээрээ л ухаанаараа баяжсан юм бил үү


  • Очир · [66.181.161.60] · 2020/11/17

    Төрөөс хулгайлахгүйгээр өөрийн ухаанаараа хөрөнгөжсөн байж болно. Оркууд яаж ойлгох вэ? Тэд бусдад атаархаж өөрсдийн адил гуйлгачин байлгахыг л хүсдэг


  • Зочин · [66.181.178.136] · 2020/11/17

    Бас идсэн шиг идэж чадсан. Баяжсан шиг баяжиж чадсан


  • бат · [192.82.74.190] · 2020/11/16

    өвчин тахал тараад улс гэрээрээ ядарч сандарч байхад нэгэн хулгайчыг юунд дурсах болов


  • Зочин · [64.119.21.29] · 2020/11/16

    A.TUMUR GENUU YAMAR BYALDUUCH CH YUM SHIG GULUG VEE ESVEL DAAPAALAAD BAINA UU BAYAR NAMSRAI GUAIGAAR TATUULAN ULS TURD ORJ IRCHEED AVILGAAR SHOROND ORON YAVLAA ENIIG ODOO ORSON SHIG ORJ YAVSAN SHIG YAVLAA GEHUU HA HA HA


  • Ард түмэн · [202.9.46.90] · 2020/11/16

    АНУ-д байгаа 7 хаус гэхэд л 20 тэрбум төгрөгний үнэтэй. Ийм их мөнгийг төрд сарын 1 сая цалингаар 2000 жил ажиллаж байж олно. Тэгэхээр энэ бол авилгал биш үү? Улс орноо худалдан ОТ гэрээг байгуулж ийм мөнгө олсон нь тодорхой. Ийм хүнийг ямар сайн улс төрч гэхэв. Жихщнхэнэ авилгалч, луйварчин хулгайч гэнэ.


  • Зочин · [64.119.21.29] · 2020/11/16

    HUDLAAAAA!! OYU TOLGOIG ZARAAD AVILGIIN MUNGUU AVAAD AMERIKT OCHOOD UCHNUUN HAUS NII NAIMAA HIIGEED L YAVAAD BAISAN HUNIIG YU GEH VEE ??! YAL N BAGADAJ BAIGAA SHUU JIRIIN IRGENII JIJIG HULGAIN L YA; UGSUN BAINA LAA ICHIHGUI DAVJ ZAALDAAD BAIHDAA YAHAV DEE


  • Зочин · [64.119.24.51] · 2020/11/16

    Цор ганц ясны улстөрч. Манай мояа ч билүү оркууд ч билүү тэд нар ойлгох ч үгүй.


  • Зочин · [66.181.161.69] · 2020/11/16

    Ирлээ, хулгайллаа, явлаа гэж