Коронавирусийн халдвар дотоодод алдагдсанаар Улаанбаатараас гадна 4 аймагт хатуу хөл хориог тогтоогоод байна.
Улаанбаатарт Тирийн жолооч Д-гийн ойрын хавьтал 14 хүнээс халдвар илрээд байгаа. Тиймээс нийслэлийн хэмжээнд хатуу хөл хориог тогтоон зөвхөн зөвшөөрөгдсөн төрийн албан хаагчид хөдөлгөөнд оролцож буй. Энгийн иргэд товлогдсон цагт шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрсөн.
Тэгвэл Сэлэнгэ аймагт ч мөн хатуу хөл хорио үргэлжилж байна. Тус аймагт өчигдөр 17:00 цагийн байдлаар халдварын тохиолдол 23 болсныг ЭМЯ мэдэгдсэн. Тус аймаг нь халдварын том голомт, тэр дундаа төмөр замаар халдвар тархах эхлэл болсон нь тодорхой болоод байгаа.
Тэг зогсолт зарлаад байгаа дараагийн аймаг Дархан-Уул. Тус аймагт одоогоор 8 халдвар бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт анх халдвар илэрсэн 74 настай иргэн Дархан-Уулд зорчсоноор халдвар тархаад байгаа.
Тэгвэл 2 хоногийн өмнө Говьсүмбэр аймагт ч 1 халдвар илэрсэн нь батлагдсан. Мөн л төмөр замаар дамжиж тус аймагт илрээд байгаа.
Өнөөдрөөс Орхон аймаг хатуу хөл хориог тогтоож байгаагаа зарлалаа. Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тус аймагт байснаас үүдэж сэжигтэй хэд хэдэн хүн илрээд байгаа аж. Одоогоор ХӨСҮТ-ийн эцсийн хариу гараагүй байгаа ч аймгийн хэмжээнд ийнхүү хатуу дэглэм тогтоолоо.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА