Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэж эхэлсэн юм. Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр өглөө зөвлөлдөж саяхан шийдвэрээ гаргажээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бууруулжээ. Тодруулбал, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор боллоо. Мөн С.Баярцогтоос хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээжээ.
Анхан шатны шүүхээс, С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон бол , Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулаад байсан юм. Тэднийг Дубайн гэрээг хууль бусаар үйлдэж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР