fbpx

Ванесса Брайантын эсрэг төрсөн ээж Софиа Лайн нь их хэмжээний хөрөнгө нэхэмжилжээ


Сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант агсны эхнэр Ванесса Брайант шүүхэд дуудагджээ. Учир нь түүний ээж Софиа Лайн Ванессагаас таван сая ам.доллар, цоо шинэ байшин, автомашин мөн 18 жилийн турш зээ нараа харж хандсан мөнгөө нэхэмжилжээ. Тэрбээр 18 жилийн хугацаанд хүүхэд харж байсан нэг цагаа 96 ам.доллараар үнэлсэн аж.

Ванесса Брайант одоогоор Калифорни мужийн Оранжийн дээд шүүхэд дуудагдаад байгаа бөгөөд түүний ээж Софиа Лайны хэлж буйгаар хүргэн нь нас барахаасаа өмнө түүнийг бүх насаар нь халамжлахаа амласан гэжээ. 

Софиа Лайн шүүхэд өгсөн мэдэгдэлдээ “Коби Брайантыг нас барснаас хойш миний амьдралд олон таагүй зүйлс болж өнгөрлөө. Ванесса Брайант түүний надад амласан амлалт бүрийг хүчингүй болгохын тулд бүхнийг хийж байна. Ванесса нөхрийнхөө үлдээсэн захиасыг хүндлэхгүй, үл тоож байна” хэмээжээ. Мөн тэрбээр өдийг хүртэл ямар нэгэн цалин авалгүй зээ нараа харж байсан тухайгаа дурджээ.

Харин Ванесса Брайант хийсэн мэдэгдэлдээ “Ээж маань санхүүгийн хүндрэлээсээ гарах арга замаа манай гэр бүлээс хайж байна. Би түүнийг 20 гаруй жил тэтгэлээ. Тэр хэзээ ч Кобигийн, эсвэл миний хувийн туслах, хүүхэд асрагч байгаагүй. Би үргэлж гэртээ сууж, хүүхдүүдээ өөрөө өсгөж, хүмүүжүүлсэн. Бид гэрийнхээ ойролцоох байшинд ээжийг амьдруулж, 20 гаруй жил тэжээлээ. Нөхөр бид хоёр түүнийг гэртээ амьдруулахыг хүсээгүй. Тэр бусад эмээ өвөө нарын адилаар хааяа л хүүхдүүд хардаг байсан. Тэр зүгээр л охиноороо болон хүргэнээрээ тэжээлгэдэг эмээ байсан” хэмээжээ.

Ванесса Брайант үргэлжлүүлэн “Ээж маань зээ нараа 18 жилийн турш өдөрт 12 цаг хардаг байсан гээд цагийн 96 ам.доллар одоо нэхэмжилж байна. Үнэндээ тэр хааяа л хардаг байсан шүү дээ. Өнгөрсөн арван жилийг авч үзвэл охид маань сургууль, бэлтгэл гээд гэртээ ч тогтдоггүй байлаа. Харин би 2016 он хүртэл хүүхэд төрүүлээгүй. Түүний хэлж буй бүхэн худал болох нь тогтоогдоно. Уг нь би түүнд шинэ байшин авч өгөхөөр хайж байсан юм. Гэвч тэр телевизэд ярилцлага өгч, намайг гутаан доромжиллоо. Ээж маань надаас таван сая ам.доллар, Мерседес маркийн автомашин нэхэмжилж байна” хэмээн ярьжээ.

Софиа Лайн охиноо бага байхад нь нөхрөөсөө салсан бөгөөд талийгаач хүргэнийхээ эзэмшдэг нэг байшинд 20 гаруй жил толгой хорогдсон гэнэ. Гэвч Кобигийн үхлийн дараа Ванесса түүнийг байшингаас нь гаргажээ.

Эх сурвалж: shuurhai.mn


Энэ мэдээ таалагдаж байвал: