Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудын малчдад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гарсан.
Өвөлжилт хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь болон Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдад отроор явж байгаа малчдад зориулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-с 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр боллоо.
Дээрх аймгуудын 40 мянган малчдын нэг өрхөд 300 мянга орчим төгрөгийн өвс тэжээлээр хангана. Тэжээлийн тээвэрлэлт болон зохион байгуулалттай холбоотой ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах юм.Түүнчлэн Улсын Онцгой комиссоос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад хүргүүлэх юм.