Халдвар тархалт ах дүү хамаатан садны дунд маш их байгааг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Тэрбээр "Халдвар ойрын хавьтал, гэр бүлийн хүрээнд маш их тархаж байна. Дэлхийн жишигт нэг хүн гэр бүлийнхээ 1-2 хүнд тараадаг бол манайд 4-6 хүн, зарим тохиолдолд 8 хүнд тарааж байна. Энэ манай Монголын зан үйл, амьдралын хэв маягтай их холбоотой. Гэхдээ ийм хэцүү, цар тахлын үед гэр бүлийнхээ хүрээнд байж, гэртээ зочин урихгүй, айлаар хэсэхгүй байх нь маш чухал болоод байна.
Манайхан хүүхдээ дагуулаад ах дүү нараараа их ордог юм байна. Энэ байдлаас болж ах дүү нарын хүрээнд халдвар их тархаж байна. Тиймээс энэ хэцүү цагт энэ бүх зүйлээ тэвчээд өөрсдийгөө тусгаарлаж гэртээ байх нь чухал байна. Тэгэж байж бид халдварыг хохирол багатай давж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, хамтын хүчээр даван гарах болно" гэлээ.