Засгийн газраас цар тахлын үед ард иргэдийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргаад удаагүй байгаа билээ. Уг шийдвэр өнгөрсөн 12 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.
Харин айл өрхүүдийн цахилгааны төлбөр өмнөх сараас өндөр, төрөөс хариуцаж байгаа мөнгөн дүн маш бага байгаа баримтууд олон нийтийн сүлжээгээр гарч эхлээд байна. Тухайлбал, хэрэглээний төлбөрөөс Засгийн газар 500 орчим төгрөг хариуцаж байгаа нэг бус тохиолдол байгаа бол хэрэглээ өмнөх сарынхтай ижилхэн байхад 2 дахин өндөр мөнгөн дүн гарч, Засгийн газрын хариуцах дүнгээс ч илүү хэмжээгээр төлөх болсон баримтууд байв.
Энэ асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.
Тэрбээр "2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм. Тийм учраас 2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрт 11 дүгээр сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайлбал: Иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж-гийн өмнөөс Засгийн газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой.
Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье" гэжээ.
Ямартаа ч 12 дугаар сард ийм байж болох. Энэ сараас эхлэн Засгийн газар, иргэдийн хоорондын энэ үйл ойлголцол тодорхой болох биз ээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР